Г.Нямдаваа: Байгальдаа хэр сэтгэл гаргана, тэр хэмжээгээр хишгийг нь хүртдэг

605f48c3c7cc97420c287c7c48317d6c_largeБОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор, профессор Г.Нямдаваатай ярилцлаа. 1980 онд МУИС-ийн газар зүйн ангид элсэж, байгаль орчны салбартай холбогдсоноос нь хойш 37 жил өнгөрчээ. Өдгөө Монгол орны байгаль орчны төлөв байдлын сүүлийн 30 жилийн хувьслыг цогцоор нь дүгнэн гаргахаар ажиллаж буй тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын босгон дээр Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртсэн юм.

-Төрийн эрхэм хүндтэй цол хүртсэн гол гавьяа тань юу гэж харж байна вэ?

-Хүн байгалийн бүтээгдэхүүн. Байгальдаа хэр сэтгэл гаргана, тэр хэмжээгээр хишгийг нь хүртдэг. Тиймээс Гавьяат гэх эрхэм алдрыг байгалиас надад хүртээж буй том хишиг гэж ойлгож байгаа. 1981 онд их сургуулийн нэгдүгээр курс төгсөөд, зун нь Хөвсгөл нуурын дэргэдэх экспедицэд хөрс судлаачаар анх дадлага хийснээс хойш өдий хүртэл байгаль орчны салбарт ажиллаж ирлээ. Хоёрдугаар курсээс намайг ОХУ-д шилжүүлэн сургасан юм. Тэнд “Хөдөөгийн хүн амын нутагшилтын газар зүйн онцлог” сэдвээр дипломын ажлаа хамгаалсан. Ховдын багшийн дээд сургуульд 14 жил багш, дэд захирал, захирлын алба хашихдаа баруун бүс, тэр дундаа Алтайн уулархаг нутгийн мал аж ахуйн газар зүйн онцлогийг судалж, докторын зэрэг хамгаалсан. Одоогоор нийт 29 ном бичээд байгаагаас ихэнх нь байгаль шинжлэлийнх.

-Анхны судалгааны ажлаар Хөвсгөлд очиход юу бодогдож байв?

-Хүмүүс чөлөөт цагаараа хөдөөгүүр аялахыг хүсдэг. Тэгвэл миний ажил мэргэжил үргэлж байгалийн сайханд байх боломж олгодог. Хөвсгөлийн экспедицэд оччихоод аав, ээж рүүгээ “Бид Хөвсгөл нуурын хойд тал, Мөнхсарьдагийн энгэр дэх Баянголын судалгааны цэгт майхнаа татлаа. Хажуухнаасаа уулын сонгино авч, хоёр алхаад л аньс, нэрс түүж, 200 метр газар яваад нуураас загас барилаа. Мөнх цастай уулс, ойн амьтад дунд судалгаа хийж байна” гэж захиа бичиж билээ. Манай нутаг ой модгүй учраас гэрийнхэн маань “Ямар сайхан диваажингийн орон шиг газар вэ” гэж байсан. Аагим элсэн цөл, заг, бударгана, баянбүрдтэй, гайхамшиг бүрдсэн говь, хөвч тайга гээд газарзүйчид хаа сайгүй явж, тэр бүртээ байгалийн гоо үзэсгэлэн, сайхныг биширч, үзэж, судалдаг онцлогтой.

-Та Ховд аймгийн хүн. Аймгийн Засаг даргаар ажиллаж, тэндээсээ УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Судалгааны ажил чинь ч баруун бүс нутаг руу чиглэжээ.

-Манай нутаг шүтэж, хайрлахаас ч аргагүй сайхан байгальтай. Жар­га­лант­хайр­хан, Цамбагарав, Хөхсэрхийн нуруу, Хар ус нуур, Ховд гол, Алтанхөхий уул байна шүү дээ. Ми­ний аав надад байгалийн сайхныг мэдэрч, хайрлах ухаан өвлүүлсэн. Ховд аймгийн Мянгад сумын нутагт оршдог, одоо төрийн тахилгатай болсон Алтанхөхий уулын эргэн тойронд манайх нутагладаг байлаа. Та­ван настай байхад аав минь намайг моринд мордуулж, хөтлөөд Алтанхөхийн оргилд гардаг байв. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Увсын Өлгий, Өмнөговь, Наранбулаг зэрэг олон сумын нутаг хайрхны оргилоос цэлийн харагддаг юм. Гол нуурууд, алсад цавцайх мөнх цаст оргилуудыг хараад, нутгийн сайхныг жинхэнэ утгаар нь мэдэрнэ шүү дээ. Тэр үеэс л би байгаль дэлхийг шүтэж амьдрах, зүй тогтлыг нь сонирхох, хайрлаж хамгаалах сэтгэлтэй болсон байх. Хөдөөнийхөн байгалиас шууд хамааралтай болохоор уул, усандаа залбирна, тахин шүтнэ. Энэ утгаараа би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Алтанхөхий уулаа төрийн тахилгатай болгохоор санаа­чилж, тухайн үед Н.Багабанди Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч зарлиг гарган, төрийн тахилгат уул болгож байлаа.

-Та уулчин, спортын мастер юм билээ. Монгол орныхоо ноён оргилуудад бүгдэд нь авирсан уу?

-Манай орны ноён оргилууд Ховд, Баян-Өлгийд бий. Алтай таван богд, Цамбагарав, Хөхсэрхийн нуруу, Мөнххайрхан, Сутай хайрхан гээд бүгдэд нь л авирсан. Мэдээж газарзүйч хү­ний хувьд зүгээр нэг аялахгүй. Яагаад манай Алтай нутгийн уулс нь хурц шовх юм, яагаад Хангайн уулс нь битүү модтойг эргэцүүлнэ. Бас гэрэл зураг авна. Хоёр ч альбом хэвлүүлсэн. Байгалийн сайханд явж байгаа хүн зураг авахгүй байхын аргагүй. Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад нүд, сэтгэл, мэдрэмж бусад хүнээс арай өөр, байгалийн өнгийг илүү нарийн харж, ялгадаг болчихдог юм билээ. Насаараа амьдарсан газрынхаа зургийг харсан малчин “Манай нутаг ийм үзэсгэлэнтэй бил үү” гэж хэлсэн удаатай.

-Судалгаа хийх явцад олон хүнтэй уулзаж явахад сургамж хайрласан өтгөс олон тааралдсан байх.

-Докторын зэрэг хамгаалах гэсэн залуухан судлаач байхдаа Ховд аймгийнхаа сумдаар явж, 800 гаруй айлаар орсон. Дарви сумын харьяат, улсын аварга малчин В.Доржбал гэдэг хүн тэр үед надад цэлцгэр бүдүүн, гордойсон хар ногоон таана хоёрыг алган дээрээ тавьж “Чи газарзүйч хүн. Энэ хоёр таана ямар газрынх вэ” гэж асуусан. Би шуудхан л “Цэлцгэр нь ус сайтай, хар ногоон нь арай хуурай газрынх байна” гэсэн. “Ерөнхийдөө санаа чинь зөв. Гэхдээ газарзүйч хүн чинь нэг нь хотгор газрын, нөгөө нь гүдгэр газрын таана гээд хэлчихэж болохгүй юү” гэж билээ. Гүдгэр газар ус тогтохгүй урсчихна, харин хотгор газар тогтож, цэлцгэр, цайвар өнгөтэй таана ургах нь ойлгомжтой. Их сургууль төгсөөгүй ч амьдралын туршлага, өдөр тутмын ажиглалтаар их эрдэм мэдлэгтэй болчихсон буурал олон. Уулын хүүш талд хэдэн цагт, энгэрт нь хэзээ малаа бэлчээх ёстойг хүртэл нарийн ялгадаг. Үүнийг амьдралынхаа туршлагаар мэдэрч, анзаарч, ашиглаж, шинжлэх ухаан, практик хоёрыг хослуулдаг.

Социализмын үед Ховд аймагт Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн хоньчин, хөдөлмөрийн баатар С.Цогтгэрэл гэдэг хүн байлаа. Аймгийн Засаг дарга зөвлөх малчнаа болгож, дагуулаад бүх сумаар явна. С.Цогтгэрэл гуай “Танай нутгийн энэ хэсэг гантай. Ийм ийм зүйлийг санаж, мөрдөх хэрэгтэй” гэх мэтээр зааж сургадаг байв. Гэтэл одоо тэр уламжлал алдагдаж, хувиа бодсон үзэл нийгэмд давамгайлах болжээ.

-Хувиа бодсон үзэл байгаль орчинд хамгийн их сөрөг нө­лөө үзүүлж буй. Монголчууд цөөхүүлээ хэрнээ өргөн уудам газар нутаг, онгон дагшин байгалиа маш богино хугацаанд доройтуулсаар буйг судлаачийн хувьд хэрхэн дүгнэх вэ?

-Хувиа бодож, довоо шарлуулдаг айхтар зарчим руу энэ нийгэм хүмүүсийг тэртэй тэргүй татаж байна. Хувиа бодож, боловсролоо дээшлүүлэх, амьдралаа арчаатайхан байлгаж болно. Харин нутаг орноо гэсэн сэтгэл хэзээ ч алдагдах учиргүй юм. Миний бодлоор ардчилал, зах зээлийн системд шилжээд Монголд хожсон зүйл их бий. Хүний нүдэнд анзаарагдалгүйгээр алдсан зүйлсийг дэнсний нөгөө талд тавьж үзэх юм бол илүү жин дарж ч мэднэ. Зах зээлийн дараах хүндхэн үед хүмүүс байгаль руугаа аргагүйн эрхэнд дайрсан. Харин сүүлийн жилүүдэд нь хялбар аргаар их хэмжээний орлого олохыг хүсэгчид байгальд илүүтэй халдах боллоо.

-Уул, ус бохирдохоос эхлээд байгаль орчинтой холбоотой бүхий л сөрөг үйл ажиллагаанд олон нийт яамныхныг буруутгаж, шүүмжлэх нь элбэг.

-Бодлогыг нь барьж зангидаж буйн хувьд буруутгахаас аргагүй. Бид ч өөрсдийгөө хаацайлахгүй. Гэхдээ хамгаалах хэрэгтэй, зөрчвөл ингэж торгоно шүү гэж бодлогыг нь тодорхойлоод, боловсруулаад сууж байгааг ойлгох хэрэгтэй. Түүнийг хэрэгжүүлж, хянах үүрэгтэй өөр байгууллага, мэргэжилтнүүд бий гэдгийг харгалзах ёстой. Гол нь иргэд маш сайн мэдээлэлтэй болох шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлт гэхээр ойлгодоггүй. Анзаарагдамгүй байдлаар байгаль дэлхий айхтар өөрчлөгдөж, түүнийг нь дэлхий нийтээрээ мэдэрч, Парисын конвенц гэдэг баримт бичиг хүртэл гаргалаа. Тэр нь чухам юу юм бэ, манай улсад, бидэнд ямар хамаатай юм гэдгийг анхаарах учиртай. Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланг холбогдох хуулийн дагуу хоёр жил тутам УИХ-д тайлагнадаг. Сүүлийн хоёр удаагийн тайланг би удирдаж боловсрууллаа. Өнгөрсөн хаваржин уг тайлан доторх зүйлсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилаа. Хүмүүс тэр үед тоогоогүй. Харин ган болоод, хуурайшилт ихсээд буюу өөрсдийнх нь амьдралд тулаад ирэхээр л анзаарч байх шиг.

-Монгол орны байгаль орчны төлөв байдлын сүүлийн 30 жилийн өөрчлөлт хувьслыг цогцоор нь гаргах гэж байна. Тэр үеийг одоогийнхтой харьцуулахад хүмүүсийн сэтгэлгээ, байгальд хандах хандлага ч нэлээд өөрчлөгдсөн. Түүний үр нөлөөгөөр манай орон ямар байснаа ямар болчихоод буйг томоохон “зургаар” харуулах нь ээ?

-Байгаль орчны өөрчлөлт, түүний учир шалтгаан, цаашдын бодлогодоо анхаарах ёстой зүйлүүд, ургамал, амьтан, уул, ус, уур амьсгалыг иж бүрнээр нь багцалсан ийм бүтээл манайд байгаагүй. Тиймээс сүүлийн 30 жилийн байгалийн өөрчлөлтийг гаргаж үзэх санаа төрсөн. Үүнд социализмын сүүлийн үеийн 4-5 жилээс өдийг хүртэлх хугацаа хамаарна. Өмнөх нийгмийн үед бүх юм төлөвлөгөөтэй, малын тоо нь одоогийнхоос 2-3 дахин цөөн, бэлчээрийн даац хангалттай хүрэлцэхээр байж. Нөгөө талаас түүх, уламжлал нь алдагдаагүй, нүүгээд явахдаа бууриа цэвэрлэчихдэг байсан. Тийм үеийг одоогийнхтой харьцуулах гэж байна шүү дээ. Юу, хэрхэн өөрчлөгдсөн, ямар учир шалтгаантай байсан зэрэг нь тодорхой болно. ШУА, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, эрдэмтэдтэй хамтран томоохон баг гаргаад ажиллаж буй. БОАЖЯ-ны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойнхоо өмнө тайлангаа таван ботиор хэвлүүлнэ. Бодлого тодорхойлогчдын барих гол баримт болох нь дамжиггүй. Манай сайд, яамны удирдлагууд дэмжиж, ажил нэлээд урагштай яваа.

-Цаашид байгаль орчны салбартаа томоохон хувь нэмэр оруулж, үүнийг л хэрэгжүүлчих юм сан гэж бодож, төлөвлөж буй зүйл бий юү?

-Хэсэгхэн хугацаанд би яаманд усны асуудал хариуцсан газрын даргаар ажилласан. Монгол орны баруун бүсийн мөнх цаст, мөсөн голтой газруудын, жишээ нь Ховд гол дэндүү их үерлэх боллоо. Өнгөрсөн жил зургадугаар сард очоод багадаа үзээгүй их ус харлаа. Хур бороо ороогүй хэр нь ийм их устай байгаагийн шалтгаан нь Монгол орны баруун бүс, Алтайн уулархаг нутгийн голуудын 70 гаруй хувь нь мөнх цас, мөсөн голоос тэжээгддэг явдал. Гэтэл зүүн бүс нутгууд дахь гол мөрнүүд эрчимтэй ширгэж байна. Өнгөрсөн жилийн тооллогоор тал, хээрийн бүс нутгийн гол горхины 36 хувь нь ширгэсэн гэх дүн бий. Гуравны нэг нь алга болчихсон байгаа биз. Хангай, Хөвсгөл, Хэнтийн өндөр уулсаас эхтэй усны нөөцийн 80 хувь нь гадагшаа урсчихаж байна. Эх оронч биш голууд гэдэг дээ. Говийн бүсэд болохоор гадаргын ус байхгүй. Том уурхайнууд гүний ус л ашигладаг. Ийм том ялгаа гарч байгаа учраас түүнд нь тохирсон ялгавартай бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай. Хайлж, ууршаад алга болчих магадлалтай усыг нуур, цөөрөм болгон хадгалж үлдэхээс эхлээд, гадагшаа урсаж буй голуудын усыг говь руу татах зэргийг тодорхойлж, Монгол орныхоо ус ашиглалтын газар зүйн үндэслэлийг боловсруулах мөрөөдөлтэй. Энэ мэтээр бодсон зүйл их бий.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих