Элчин сайдуудыг “хамгаалж” З.Энхболдтой бичиг шидэлцэж байгаа Ц.Цолмон гэж хэн бэ

Сүүлийн өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баяр, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудал нэлээд хурцдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газрын хооронд албан бичиг хөврөх болов.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр  албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм. Ингэхдээ УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Элчин сайд нарыг Ерөнхийлөгч эргүүлэн татах боломжгүй” гэх хариуг өгсөн бол өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх албан бичгийн хариуд “Элчин сайдыг эгүүлэн татах нь Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх” гэсэн хариулт өгөв.

Харин энэ бүхэн нь ард түмэнд төдийлөн таалагдахгүй байгаа бололтой. Цахим ертөнцөд иргэд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал дарга нар хий хоосон албан бичиг шидэлцэж байхын оронд нүүр тулж уулзаад асуудлыг шийдвэрлэж болдоггүй юм уу, хуулийг хэн дуртай нь өөрийнхөө тайлбарладаг байдлаа таслан зогсоох хэрэгтэйЕрөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ олонхоороо түрий барьж хазаарлахыг санаархаж байнаЦ.Цолмон гэгч нь дээрх Элчин сайдуудыг цээжээрээ хамгаалахаар оролдож байна гэхчлэнгээр үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.

Үнэндээ ч Элчин сайдуудыг татах асуудлыг шийдэж дөнгөхгүй байгаа УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар цаашид эвлэлдэн нэгдэж, улсын ажлыг явуулна гэдэг нь басхүү эргэлзээтэй болоод байгаа нь нууц биш юм.

Элчин сайдуудыг “цээжээрээ хамгаалж” байгаа гэх Ц.Цолмон гэж хэн бэ

Элчин сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг “хамгаалж байгаа” гэгдэх болоод буй УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон гэж хэн бэ.

Ц.Цолмон нь 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ.

Тэрбээр 1993-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт компьютерийн операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байсан нэгэн юм.

24tsag.mn


URL:

Нэр: zochin Огноо: 27 July 2017

enhboldiig bodvol bolovsroltoi yum bnaaa

Сэтгэгдэл бичих