Турк улс хэзээ ч ЕХ-ны гишүүн болохгүй гэв
БЕРЛИН. /TASS/. Турк улсын хувьд Европын Холбоонд /ЕХ/ элсэх боломж байхгүй хэмээн Австри улсын Канцлер Кристиан Керн үгүйсгэн хэллээ. Тэрбээр ингэж бодож байгаагаа Германы Frankfurter Allgemeine Zeitung сонинд ярилцлага өгөхдөө илэрхийлсэн байна.
“Цэвэр эдийн засаг-улс төрийн шалтгаанаар Турк улс ЕХ-нд элсэх явдлыг Европ тивийнхэн хүлцэн тэвчиж чадахгүй” гэж Австрийн Канцлер үзэж байна. Ийм учраас Брюсселийн зүгээс Анкарад хандан “танай улс ЕХ-нд элсэхээр нэр дэвшигч биш шүү” гээд шулуухан хэлчих хэрэгтэй гэж тэрбээр ярьжээ.
Канцлерийн үзэж байгаагаар, Турк улс хүний эрхийг хангах тал дээр “аль хэдийн улаан шугамыг даваад гарчихсан байна”. Хүний эрхийг хамгаалагчид, сэтгүүлчид болон парламентын зарим гишүүдийн эсрэг хийж буй Туркийн эрх баригчдын үйлдлүүд бол дарангуйлал хүчирхийллийн ажиллагаа мөн гэж К.Керн тодорхойлжээ.
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: