Үндсэн хуулийн өөрчлөлтөөс Ардчилсан нам яагаад татгалзав
Ардчилсан нам Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гэнэт татгалзаж, сүртэй гэгчийн мэдэгдэл гаргаатхав. Нэгэн цагт З.Энхболдын парламентын сүр хүчийг илтгэх боломж хэмээн харж байсан Эцэг хуулийн өөрчлөлт энэ парламентад өвлөгдөж ирсэн нь үнэн. Үе үеийн парламентын түрүүлж онилдог хэрнээ барьж авч чадалгүй халгаж бэргэсээр ирсэн “халуун чулуу” гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт. 2011 оны нэгдүгээр сард тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн үеийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойшхи хоёр ч парламент мөн энэ л жишгээр ажлын хэсэг байгуулжээ.
АН эрх барьж байх үедээ Н.Батбаяр, Л.Цог нараар ахлуулсан хоёр ч ажлын хэсэг байгуулсан бөгөөд тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Есдүгээр сард ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ” гэж мэдэгдэж байв. Ийнхүү парламентын хаалгаар орж ирэх шахсан Үндсэн хуулийн өөрчлөлт босгон дээр бүдэрч, АН-ын төлөөлөл олонхи болсон хууль тогтоогчид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдэж чадалгүй бүрэн эрх нь дуусгавар болсон.
Төрийн залгамж чанар хийгээд Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагын улмаас М.Энхболдын тэргүүлсэн парламент энэ асуудлыг бүр анхлан барьж авч, УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.
УИХ-ын дарга өнгөрөгч дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард түмэндээ хандсан ил захидалдаа “Улс гэрээ улам сайхан болгож өнөөгийн хямралт байдлыг даван туулахын тулд бид засаглалын төгөлдөршил, төрийн хариуцлага, хяналт тэнцлийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай болсон нь олон төрлийн судалгаануудын дүнгээс тодорхой байгаа юм” гээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зүйл заалт ч харьцангуй хатуу. Тиймээс улс төр, нийгмийн зөвшилцлийг бүрэн хангаж, бодит шаардлага, судалгаанд үндэслэн, “Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар хандах ёстойг сануулсан. Энэ хүрээндээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг долоон үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлээд буй. Мөн Ардчилсан намын бүлэг “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн” гэдэгтэй ч санал нэгдэж, байр сууриа нэгтгэж байв.
Энэ бүхний үр дүнд Эцэг хуулийн өөрчлөх чиглэлээр бодит ажлууд хийгдэж, бидний ярьж заншснаар галт тэрэг хэдийнэ хөдөлчихөөд байгаа. Одоо энэ сарын 31-ний өдрөөс улс орон даяар өргөн хэлэлцүүлэг эхлэх гэж байна.
Гэтэл яг үүнийг хүлээж байсан юм шиг Ардчилсан нам Үндсэн хуулийн өөрчлөлтөөс татгалзаж, гэнэтийн мэдэгдэл гаргав. Яагаад мөнөөх туйлын зорилго мэтээр харж байсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө ийнхүү татгалзах болов. Өчигдрийн уянгалж байсан өнгөө өнөөдөр гэнэт өөрчилж, солгой хоолойгоор эгшиглэх шаардлага, шалтгаан юу байв гэдэг нь олны сониуч занг хөдөлгөж байгаа байх. Тэд ингэх болсон шалтгаанаа “Монгол Улсын Үндсэн хуульд хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэж АН-аас мэдэгдэл гаргалаа” хэмээн дурджээ. Хууль бусаар гэдгийг юу гэж ойлгох нь тун бүрхэг. Угаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийг хэдэн жилийн өмнө хамтран сууж байгаад баталсан. Тэр л хууль журмынхаа дагуу явж байгаа биш үү.
Ардчилсан нам Үндсэн хуулийн өөрчлөлтөөс татгалзаж, гэнэтийн мэдэгдэл гаргав. Яагаад мөнөөх туйлын зорилго мэтээр харж байсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө ийнхүү татгалзах болов. Өчигдрийн уянгалж байсан өнгөө өнөөдөр гэнэт өөрчилж, солгой хоолойгоор эгшиглэх шаардлага, шалтгаан юу байв гэдэг нь олны сониуч занг хөдөлгөж байгаа байх.
АН-ын мэдэгдэлд “хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ” гэжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 76 хийхгүй, ард түмнээрээ хэлэлцэнэ гэдгийг мэдэж байгаа хэрнээ мэдээгүй дүр эсгэв үү, эсвэл иргэдээ энэ хуулийн өөрчлөлтөд нөлөөлж чадахгүй хэмээн басамжлан харж ингэж хэлэв үү.
“Ард нийтийн санал асуулга явуулахгүй, Зөвлөлдөх санал асуулга гээчийг зохион байгууллаа” хэмээн бас буруутгажээ. Зөвлөлдөх санал асуулгыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон хүмүүсийн дунд хоёр үе шаттайгаар зохион байгуулж, тэндээсээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зургаан сэдвийг гаргаж ирсэн санагдана. Одоо тэр хүрээндээ Ардчилсан намын нэхээд байгаа “Ард нийтийн санал асуулга”-ыг явуулах гэж байна. Энэ сарын 31-ээс эхлэх санал асуулгад Монгол Улсын 18 нас хүрсэн бүх иргэнийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа. Ийм байсаар байтал яагаад “Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр” хэмээн цагаан дээр хараар бичих болов.
Түүнчлэн АН-ын дээрх мэдэгдэл үндсэн асуудлаасаа ихэд хальж, мөнөөх 60 тэрбум, оффшорын асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлттэй уяж холбохолбоод эхэллээ. Асуудал тус тусдаа, өөр өөрийнхөөрөө яригдана. Энэ янзаараа бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр жонхуу зуурах бололтой.
Үнэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэх мөн чанар, агуулга зорилго тэрхүү мэдэгдэлд дурдсан бүхэн мөн үү. Эсвэл асуудлын цаад учир шалтгааныг бүдгэрүүлэх өнгөлөн далдлалт уу гэдэг нь анхаарал татна.
Саяханы сонгуулиар АН-ын нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй. Үүний дараа сошиал орчинд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ихээхэн хязгаарлана гэсэн таамаг мэдээ нэлээдгүй явах болсон. Ингэх шалтгаан бий. Угаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн чухал чиглэл нь Засаглалын тэнцвэртай байдлыг хангах явдал. Монгол Улс парламентын засаглалтай хэдий ч Ерөнхийлөгчийн эрх мэдэл харьцангуй их байдаг, үүнээс үүдээд гадаадынхан Монголыг Ерөнхийлөгчийн болон парламентын холимог засаглалтай хэмээн тодотгож ирсэн байдаг. Засаглалын тэнцвэрийг хангахад Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгох, эрх мэдлийг хязгаарлах шаардлага бий юу гэвэл бий. Энэ асуудал АН-ыг төрийн эрх барьж байх үеийн ажлын хэсгийн саналд ч тов тодорхой туссан байв.
Тодруулбал, Н.Батбаярын тэргүүлсэн ажлын хэсгийн санал 1-д: “Ерөнхийлөгчийг парламентаас сонгох”, санал 8-д: “Ерөнхийлөгчийн зарим эрхийг цуцлах. Тухайлбал, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй, ҮАБЗ-ийг тэргүүлэхгүй, гадаадын улс орнуудад улсаа төлөөлж олон улсын гэрээ хэлэлцээр байгуулахгүй гэх мэт” өөрчлөлт оруулахаар тусгаж байв. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд одоо ч Үндсэн хуульд тусгалаа олох магадлалтай. Намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчийнхээ эрх мэдлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ингэж хязгаарлуулах нь мэдээж АН-ын хувьд хүсээд байх зүйл биш. Эсэрэгүүцэх цаад шалтгаан энэ байж мэдэх юм. Гэхдээ асуудлыг томоор харж, үнэхээр парламентын засаглалыг төгс утгаар хэрэгжүүлье гэвэл үүнээс өөр гарц үгүй хэмээн судлаачид тодотгодог.
М.Нэргүй
URL: