“Даргын гарын үсэг цөөрсөн ч, хүнд суртал нь арилсангүй”

Бизнес эрхлэгчид салбар салбартаа эхэлсэн ажлаа амжуулж, энд тэнд бүтээн байгуулалт босгож, хажуугаар нь улсынхаа төсөвт хувь оруулж, арддаа ажлын байр бэлдсэн нэгэн оныг үдэж байна. Барилгын салбарынхан бүтээн байгуулалтын ажлаа хуучин онтой уралдан хийж, шинэ ондоо захиалагч, оршин суугч, үйлчлүүлэгчдэдээ будаг нь ханхалсан 2011 сууцаар бэлэг барих гэж ханцуй шамлан байна.

Үүний нэгэн адил “Од мөнх” компанийнхан Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт сүндэрлэсэн 40 айлын орон сууцны түлхүүрийг 2011 оноос урьтаж эздэд нь өгөхөөр шулууджээ. Гэвч энэ орон сууцны барилгын ажил дуусч, ашиглалтад орохын даваан дээр гацсан. Шалтгаан нь төрийн байгууллага гэнэ. Уг нь энэ онд төрөөс жижиг, дунд үйлдвэрлэгчид “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ээр дамжуулан хэд хэдэн сайхан амлалтыг дайсан даа.

“Бизнесийн шинэтгэлийн жилд “баяртай” гэж хэлмээргүй байна”
Энэ хүсэлтийг “Од мөнх” компанийн захирал Л.Цэрэнбалжид хэлсэн. Учир нь “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд төрөөс амласан олон сайхан амлалтын хойтохыг үзэх нь бүхнээс чухал. Ирэх жил “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” дуусгавар болчихвол улстөрчид сонгуульдаа бэлдээд, өөр нэг сайхан зүйлийн талаар яриад эхлэнэ. Тэгэхээр өнгөрсөн жилийн сайхан амлалтууд үр дүнгээ өгөхгүй, дарагдан мартагдах гэнэ. Уг компанийнхан Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 айлын орон сууц барих ажлыг хоёр жилийн өмнө эхэлсэн.

Энэ хугацаанд бүтээн байгуулалтын хажуугаар барилга барих газар хөөцөлдөх, тусгай зөвшөөрлийн бичиг авах, түүнийгээ сунгуулах, олон гарын үсэг цуглуулах гээд төрийн байгууллагаас тэдний ажлыг хойш чангаасан үйл хэрэгг багагүй цаг зарцуулжээ. Гурван сарын өмнө орон сууцны барилгын бүх ажил дууссан байна. Харин барилгыг хүлээж авах улсын комисс шинэ байрыг эздэд нь өгөхөд гацаа үүсгэжээ. Энэ орон сууцыг хүлээн авч, ашиглалтад орох эсэхийг шийдэх улсын комиссын 20 гишүүн цуглахгүй, хуралдаан хойшилсоор гурван сарын хугацаа алдав. Өөрөөр хэлбэл гарын үсгээс гадна дарга нарын ирц ч хувийн хэвшлийг ийн дарж байна.

Байрандаа орох гэж шавдуулсан захиалагчдын хүсэлтийг биелүүлэхийн тулд “Одмөнх” компанийн захирал Л.Цэрэнбалжид Барилга хүлээн авах улсын комиссыг гурван сар гуйсны эцэст хуралдаан өнөөдөр болохоор болжээ. Ажлын ард гарсан ч амьсгаа авах завгүй төрийн байгууллагуудаар гүйж яваа захирал Л.Цэрэнбалжир “Бизнесийн ажил гэж төрийн байгууллагад царайчлахын нэр юм уудаа. Ажил эхлэх гэж зөвшөөрлийн бичгүүдэд дарга нарын гарын үсэг гуйж, хийсний дараа дахиад шалгуулах гэж гуйна. Зөвхөн үүнд хэчнээн ч олон өдөр хоногийг зарцуулав даа хэмээв. Харин…

“Ёстой итгэхгүй нь”
Ингэж барилгын “Над групп”-ын захирал хэлж байна. Захирал Л.Амарсанаа барилгын тусгай зөвшөөрлийн бичиг авах биш сунгуулах гэж нэг жил болжээ. Хоёр жилийн өмнө сонгуулийн үеэр өгсөн тусгай зөвшөөрлийн бичиг сунгуулах тухай өргөдөл сонгуулийн тоосонд дарагдаж явсаар жилийн дараа эзэндээ очсон гэдэг. Харин Засгийн газраас Ерөнхий сайдын захирамжаар аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлөөс 101-ийг нь хүчингүй болгосон. Мөн барилга барих зөвшөөрөл авахын тулд 118 албан тушаалтнаар зуруулдаг гарын үсгийн тоог 56-аар цөөрүүлсэн талаар зарим барилгын компанийн удирдлага, жижиг, дунд үйлдвэрлэгчид ам сайтай байгаа. Харин энэ шийдвэрийг хэзээ, хэн, хэрхэн хэрэгжүүлэхииг ” Над групп”-ын захирал Л.Амарсанаа асууж байна лээ. Энэ талаар тэрээр “Шийдвэр хэрэгжүүлэхийн тулд агентлаг, сайдын зөвлөх гээд хэд хэдэн төрийн байгууллага хуралдана. Шинэ журам, шийдвэр хэрэгжүүлэхийн тулд тохирсон хууль хэрэгтэй болдог.

Энэ хуулийн төслийг хэзээ санаачилж, батлагдах гээд тодорхойгүй асуудал олон байна. Хэлэх нэг өөр, хэрэгжүүлэх нь бас өөр. Тийм болохоор цөөрүүлсэн гарын үсэг ойрын саруудад амьдрал болно гэвэл “харагдаач” гэмээр байна. Энэ шийдвэр хэрэгжих гэсээр байтал ирэх сонгууль болно. Тэгээд л сонгуулийн тоосон дунд хутгалдаад арилах биз” гэж хэллээ. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд амласан сайхан амлалтуудаа ирэх 2012 оны сонгуулийн шоуны хөлд дарагдуулахгүйхэн шиг ажил, амьдрал болгохыг бизнес эрхлэгчид эрх баригчдад өнөөдрөөс эхлэн сануулж байна. Ирээдүйд харин эдгээр амлалтыг хэлсэн шигээ хэрэгжүүлсэн байх ёстойг энэ дашрамд давхар сануулчихъя.

Э.Өнөр


URL:

Сэтгэгдэл бичих