ЗАХ ЗЭЭЛ ДЭХ МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ДӨРВӨН ХУВИАР ӨСЧЭЭ
Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт өссөн талаар төв банкнаас мэдээллээ. Тодруулбал,Монгол Улсын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт 13.5 их наяд төгрөг байгаа юм. Энэ нь өмнөх сарын мөн үеэс дөрвөн хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт мөнгөний нийлүүлэлтийн 53 хувь нь төгрөгийн хадгаламж, 17.3 хувийг гадаад валютын хадгаламж эзэлж байгаа аж. Гадаад валютын хадгаламж сүүлийн саруудад тогтмол буурч байгаа бөгөөд энэ нь төгрөгийн валюттай харилцах ханш чангарч байгаатай холбоотой гэдгийг Монголбанкны мэргэжилтнүүд хэлж байна.
Түүнчлэн төв банкны мэдээллээр эдийн засаг дахь нийт зээлийн үлдэгдэл 12.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 872.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Нийт зээлийн 47.5 хувь нь иргэдийн, 51.5 хувь нь хувийн хэвшлийн зээл эзэлж байна. Үүнээс 6.2 хувийг хугацаа хэтэрсэн, 8.8 хувийг чанаргүй зээл байгаа юм. Мөн сард 1105 иргэнд ипотекийн зээл олгосноор нийт зээлдэгчийн тоо 91 мянга 916 болжээ.
Энэ оны нэгдүгээр улиралд төлбөрийн тэнцэл 63 сая ам.долларын алдагдалтай гарсан. Харин барааны худалдааны эргэлт 3.9 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнд нефтийн импорт 134 сая ам.доллар, чулуун нүүрсний экспорт 796 сая ам.доллар, тоног төхөөрөмжийн импорт 146 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
URL: