Өр тэглэх амлалт Ерөнхийлөгчийн чихнээс хонх уяж эхэллээ

15009771995977182fa6945Энэ сарын эхээр буюу тодруулж хэлбэл долдугаар сарын 3-нд АН-ын дарга С.Эрдэнэ иргэдийн бүх өр зээлийг нэг удаа чөлөөлөх шийдвэр гаргахыг  Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгадаа  даалгав.Үнэхээр мартахын аргагүй “сайхан” санаачлага.

Тухайн үед тооцоолж байснаар 943 гаруй мянган иргэд 5,8 их наяд төгрөгийн өр зээлтэй гэсэн тооцоо судалгаа байв. Одоо харин энэ тоо нэмэгдсэн байх өндөр магадлалтай. Зээл аваад түүнийгээ Засгаар “төлүүлчих”  нь иргэн хүнд олдож байгаа алтан  боломж гэдгийг толгойндоо тооцож суугаа олон хүн байж таарна. Монголын улс төрд, тэр дундаа сонгуулийн марафоны үеэр ийм зоримог бөгөөд  гайхалтай популист амлалтыг  та бид урьд нь сонсож дуулж байгаагүй байх.  Хойшид ч тохиохгүй биз.

Гэхдээ энэ популизм  зорилгоо биелүүлж, сонгуулийн ялалтыг төвөг багатай авчирсан. Харамсалтай нь хэзээ ч үл биелэх энэ амлалт дөрвөн жилийн турш шинэ Ерөнхийлөгчийн эмзэг сэдэв болон яригдаж, чихэнд нь хонх уясаар байх бололтой. Урт хэл хүзүү орооно гэдэг шиг түрүүчээсээ өр зээлээ барагдуулахыг  багаа ч бүрдүүлж  амжаагүй яваа Ерөнхийлөгчөөс шаардаж шахаад эхлэв.

Амлалтыг  дагаж “Өргүй Монгол сонгогч” ард түмний хөдөлгөөн аль хэдийнэ байгуулагдчихсан, дуу чангатай явна билээ. Тус хөдөлгөөнийхэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас амлалтаа биелүүлэхийг шаардаж хэвлэлийн бага хурлыг хийлгээд амжив.

Тэд “Ерөнхийлөгч Х.Баттулга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа 4 төрлийн зээлийг чөлөөлнө хэмээн сонгогчдод амлалт өгч байсан. Нийтээрээ өргүй болох юм байна гэсэн өөдрөг итгэл, өндөр хүлээлттэйгээр саналаа өгсөн тул амлалтаа биелүүлэхийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хатуу шаардаж байгаа”-гаа  энэ үеэр илэрхийлсэн.

Монголын улс төрд, тэр дундаа сонгуулийн марафоны үеэр ийм зоримог бөгөөд гайхалтай популист амлалтыг та бид урьд нь сонсож дуулж байгаагүй байх. Хойшид ч тохиохгүй биз. Гэхдээ энэ популизм зорилгоо биелүүлж, сонгуулийн ялалтыг төвөг багатай авчирсан.

Эгнээндээ хэдийнэ 30 гаруй хүнийг нэгтгэчихээд байгаа “Өргүй монгол сонгогч” хөдөлгөөнийхэн “Ерөнхийлөгч  Х.Баттулга нь ард түмний өрийг хэзээ, хэрхэн барагдуулах талаараа наймдугаар сарын нэгнээс өмнө мэдэгдэх ёстой. Хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ” гэв. Ингэхээр энэ хөдөлгөөнийхэн Ерөнхийлөгчийн сонгуульт  хугацааных нь 4 жилийн турш чихнээс нь хонх уяж мэдэхээр байна.

Монголын улс төрчид сонгуулийн үеэр зөвхөн амлалт, бас дахин амлалтаар “амь тариа” хийлгэдэг, ийм л нэг хуучтай болчихсон. Ингэхээр амлалтыг ч гэсэн хуульчилж, популист бус улс орны хөгжил, эрүүл мэнд боловсрол гэхчлэн нийгмийн салбарт  ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгааг нь илүүтэй авч үздэг болмоор байгаа юм.  Одоо энэ яваад байгаа “Элэг бүтэн Монгол” гэдэг шиг. Өнөөгийн өндөр хөгжилтэй орнууд  иргэдийнхээ эрүүл, мэнд боловсрол хоёрт л түлхүү анхаарал хандуулж ирсэн болохоос бус өр зээлийг нь тэглээд байдаггүй гэдгийг учир мэдэх хүмүүс тодотгож байна билээ.

Ер нь улстөрч хүн, улс төрийн нам эвслийнхэн жаахан хэмжээ хязгаартай, амаа мэдэж амлалт өгч баймаар. Адууныхаа хэрээр исгэр гэж ардын сайхан үг бий шүү дээ. Яаж ч бодсон 5.8 их наяд төгрөгийн өр зээлийг чөлөөлнө гэдэг бол ой тойнд барагтайд буухгүй. Энэ чинь манай улсын нэг жилийн төсвийн орлоготой дүйцэхүйц мөнгө. Төсвийн орлогоо  бүрдүүлэх гэж үстэй толгойгоо үгтээж, үйлээ үздэг бид дахиад ийм хэмжээний мөнгийг  хаанаас босгоно гэж зүүдэлдэг байна аа.  Арилжааны хэдэн банкуудынхаа ар шилийг хараад ч ийм хэмжээний өрийг тэглэж  чадахгүй.

Гэхдээ үүнийг мэдэхгүйдээ биш, зүгээр л өр зээлтэй 940 гаруй мянган хүний саналыг авах сайхан санаачлага л гэж харсан байх. Тэгснээс халуурч хадуураад хэлчихсэн энэ мэт амлалтыг  зорилгоо гүйцэлдүүлсний дараа тонгорч тойруулж болно гэсэн тооцоогоор хандсан байлгүй дээ.

Өргүй болгох амлалт иймэрхүү янзаар “нохойн зам”-аар орох шинж тэмдэг анхаасаа мэдрэгдэж эхлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ерөнхийлөгч Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт Өр тэглэнэ гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй” гэж мэдэгджээ.  Үнэхээр ч ийм үг өгүүлбэр байхгүй. Зүгээр л намын даргын дайвар байсан л гэх байх.

Түүнчлэн АН-ын гишүүн, дэмжигч эмэгтэйчүүдийн холбоо “Өрийг өөрсдөөр нь төлүүлье” гэх аян эхлүүлээд байгаа гэнэ.  Амалснаасаа буцаж, асуудлыг бултуулах аян ийн эхэлж байгаа бололтой.   Монголчуудын маргааш олон гэж үг бий. Эсвэл дөрвөн жилийн турш маргааш маргааш гэсээр мартагнуулах уу.

“Монгол ялна” уриа хоёр дахь шатны сонгуульд “Өргүй Монгол ялна” гэсэн нэмэлт тодотголтойгоор үргэлжилж үүргээ гүйцэтгэсэн.

Хэрэв амлалтаа хэрэгжүүлэхгүй бол  Ерөнхийлөгч Х.Баттулга гэлтгүй АН-ын нэр хүнд навс  унана. 2020 оны сонгуулийн итгэл найдвар холдоод явчихна.  Энэ утгаараа  өр тэглэх амлалт  АН-ын хувьд хоолойд тээглэсэн яснаас л өөрцгүй болж мэдэхээр байна даа.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих