ӨДӨРТ 20 МЯНГАН КАЛОРИ БУЮУ МЭРГЭЖЛИЙН СУМОЧДЫН АМЬДРАЛ
ОХУ-ын “РИА-Новости” агентлагийн цахим хуудсанд Японы мэргэжлийн сумочдын амьдралын тухай ингэж бичжээ.
Сумо нь ердийн спортоос хавьгүй өргөн цар хүрээтэй бөгөөд бөхчүүдээс онцгой дэг жаяг, үйл хөдлөл шаардсан шашин, уламжлал, самуурайн зан үйлийг агуулсан шоу гэлтэй.
Рикиши буюу мэргэжлийн сумочдын амьдрал спортын бусад төрлийн тамирчдынхаас нэлээд ялгаатай. Тэд ихэвчлэн нэг дэвжээний бөхчүүдтэйгээ хамт амьдарч, бэлтгэл сургуулилтаа базаадаг. Сумод дэглэлтийг сайшаадаг ба өдрийн хоолны ширээнд эхлээд туршлагатай бөхчүүд сууж хооллосны дараа л залуу бөхчүүд хоолоо иддэг байна. Шинэхэн рикиши нар түүнчлэн өдөр тутмын цэвэрлэгээ зэрэг олон үүрэгт ажлыг гүйцэтгэдэг ажээ.
Сумочдын өдөр ихэвчлэн үүрийн таван цагт хүч шавхсан бэлтгэл, барилдаанаар эхэлнэ. Ингэхдээ, хүчний бэлтгэл, сунгалтын дасгалд онцгой анхаардаг байна. Үд болоход дасгал сургуулилт дуусаж хоолны цаг болно. Сумочдын үндсэн хоол нь хэрчсэн гурил, уургаар баялаг тахиа, загас, үхрийн мах, тофу зэрэг олон төрлийн орцтой чанконабэ гэх шөл ажээ.
Хоолны үеэр бөхчүүд согтууруулах ундаа, жишээ нь шар айраг ууж болдог. Учир нь согтууруулах ундаа калори ихтэй гэнэ. Ер нь рикиши нар өдөрт дунджаар таваас найман мянган калори бүхий хоол иддэг байна. Зарим тохиолдолд үүнээс хоёр, гурав дахин их калори хэрэглэх нь ч бий. Үдийн хоолны дараа рикиши унтаж амраад дахин нэг бэлтгэл хийгээд хоёр дахь удаагаа хооллодог. Цалин багатай шинэхэн рикиши нарт мөнгө нь хүрэлцэхгүй амаргүй байдаг бол тэргүүлэх бөхчүүд жилд хагас сая шахам ам.долларын орлого олдог ажээ.
Японд сумог маш их сонирхдог бөгөөд сумочдыг самуурай нарын уламжлалыг үргэлжлүүлэгчид гэж үздэг байна. Сумогийн бөхийн биеэ авч явах дэг жаягт хинкаку буюу нэр төрөө сахих явдал хамгийн чухал. Рикишигийн аливаа жудаггүй үйлдэл түүний нэр хүндэд муугаар нөлөөлж, их аварга ёкозуна болоход саад болж ч болзошгүй. Сумоч барилдаан яаж ч өндөрлөсөн сэтгэл хөдлөлөө ил гаргах учиргүй.
Томоохон тэмцээний үеэр зарим дэвжээний сумочид сүмд амьдрах ба уламжлалын дагуу дохё дэвжээнд эмэгтэйчүүд гарахыг цээрлэдэг ажээ.
Сүүлийн үед сумогоор гадаадын бөхчүүд хичээллэх нь ихэссэн ч мэргэжлийн тэмцээнүүд гагцхүү Японд болдог байна. Мандах нарны оронд сумо нь ердийн спортоос хавьгүй их ач холбогдолтой учраас л тэр. Домогт өгүүлснээр, сумогийн анхны барилдаан 2,500 гаруй жилийн тэртээ шинто шашны бурхан Такемиказуки, Такеминаката нарын хооронд болжээ. Тэрхүү барилдаанд Такемиказуки ялж, Японы хаадыг түүний удам гэж үздэг ажээ.
Зууны мэдээ
Б.Түшиг
URL: