Гайхалтай амлалт ба ацан шалаа…
Улстөрийн тавцанд гарахын тулд ёстой л амныхаа зоргоор бурдаг, залдаг ажлыг хийх болсон. Тэр болгонд нь ард түмэн итгэж төрийн түшээдээ сонгож хийж бүтээх болов уу хэмээн найддаг. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар ч энэ байдал давтагдсан. “Монгол ялна” хэмээн үндэсхэг үзэл дээр нь тоглолт хийсэн АН-ын нэр дэвшигч Х.Баттулга ард түмний өрийг дарж өгнө хэмээн тэдэнд итгэлийн галд өвөртлүүлчихсэн нь ёстой л цагаа олсон өгөөш байлаа. Тиймдээ ч тэрээр хоёр дахь санал хураалтаар илт давуу ялалт байгуулсан.
Гэтэл сар хүрэхгүй хугацаанд ард түмэн наадамлаж дуусаад л төрийн тэргүүнээс өрийг минь дараад өгөх болов уу гэсэн нууцхан горьдлоготой, харин төрийн бус байгууллага нэрийн дор байдаг бүлэг этгээдүүд “өр дарж өгөхгүй бол тэмцэлийн хурц хэлбэрт шилжинэ” гэдгээ өчигдөр олон нийтэд зарлаад амжлаа. Энэ үйл явдалтай зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшор данс”-аа монголд оруулж ирэх 49 хоногийн хугацаа өглөө. Бас л аймаар тоо. 49 хоног бол нас барагсдын хоног хураах хугацаа. Харин энэ удаад оффшорчдын шоронд орох хугацааг нэрлээд ч байгаа юм шиг ёстой бүү мэд.
Эцэст хэлэхэд одоо амласан нь зохиосон гайхалтай үлгэрээ амьдралд хэрэгжүүлж хөрсөнд буулгах үлджээ. Харин өр нэхэгсэд төрийн ордонг гороолох шинэ ажилтай, ацан шалаагаа үргэлжлүүлэх бололтой.
URL: