Монголын шинэ Ерөнхийлөгчийн тухай Хятадууд ийн ярьж байна

c38826bf183947a83bde6f4ecf882778Өчигдөр Гонконгийн галт шувуу телевизийг асаагаад хартал мэдээллийн сувгаар Монгол улсын тавдахь ерөнхийлөгч Х.Баттулгын тухай нэвтрүүлэг яваад дуусаж байлаа.  Хятадууд төв телевизээрээ хэзээ ч ийм юм явуулахгүй.

Тэртээ алс холын Гонконгийн телевизийнхэн Монголын тухай харьцангуй нарийн ширийн мэдээллийг олж дамжуулаад байгаагийн торгон уулзварт “Дотор хүний ухаан” оршоод байгаа юм л даа. Миний л мэдэхээр үндсэн сувгийн тоймчийн хөтөлбөрөөрөө “Энэтхэг Хятадын хилийн будилаан ба Монголын шинэ ерөнхийлөгч” гэдэг сэдвийг хөндөн ярьсан. Одоо бас мэдээллийн хөтөлбөрөөрөө явж байна.

Үндсэн сувгаар явсан нэвтрүүлэг долоо хоногийн дараа юүтүүбд тавигддаг юм байна лээ. Харин сая мэдээллийн хөтөлбөрөөр явагдсан гол агуулгыг тоймлон өгүүлвээс: Хүннү, Сяньби, Жужан, Юань гээд Монгол төрийн залгамж чанар байдаг гэдгийг газрын зургаар үзүүлж байна. Анхаарах нь газрын зургийн харуулах хэмжээ маш хариугүй юм аа. Бараг одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрийн багцаанд багтаан харуулж байна лээ. Энэ нь бас л дотор санаа байж таарна.

Дээр нь Буриад, Өвөрмонгол, Тува, Алтайн Хязгаар, Монгол улсад  үндсэрхэг үзэл газар аваад байна гэдгийг хэлж байна. Бас дээр нь Бурхан Халдунд нэг өвөрмонгол залуу явж байхад нь үндсэрхэг үзэлтэнгүүд тааралдаад сөгдүүлсэн зургийг харуулж байна лээ.

Оросын талыг баримтлаж хятадын эсрэг үг яриаг сонгуулийн сурталталчилгааны үеэр гаргасан нь Хятадын засгийн газрын анхаарлыг татаж байна гэдгийг ГЯЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн үгээр харуулаад “Хэдийгээр Монгол ялна гэх мэт үндсэрхэг үзэл нэвт ханхласан үг яриагаар сонгуульд ялсан ч гэсэн Хятад Оросыг давж дэлхийтэй харилцах боломж маш хомс юм. Монголын шинэ ерөнхийлөгчийн дараа дараачийн алхмыг анхааралтай ажиглах үлдлээ” гэдэг үгээр нэвтрүүлэг дуусаж байна.

Иймэрхүү мэдээллийн чанартай зүйлсийг манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон БНХАУ, Гонконгод сууж байгаа элчин сайдын яам, төлөөлөгчийн газрууд уншигч олон түмэндээ шуурхай хүргэж байгаач ээ. Үнэндээ энэ бол Хятадын зүгээс манайд өгч байгаа мэссиж шүү дээ. Манайх өөдөөс нь мод шиг царайлаад сууж баймааргүй санагдана.

Хятад судлаач,орчуулагч Д.Болдбаатар


URL:

Нэр: Санжаа Огноо: 25 July 2017

Энэ мэтийг ихээр мэдээлбэл салан тусгаарлах үндэсний үзэлтэн гээд ажлаас нь халчихдаг юм болов уу

Сэтгэгдэл бичих