Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай

Дээрхэн “Шууд” телевизээр урт нэртэй хуулийн зөв бурууг шүүсэн хэлэлцүүлэг болж түүнд оролцсон УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр гол усны эхэнд алт ухдаг компаниудыг өмөөрч өгч байлаа. Сэтгүүлч залуугийн эгдүү хүрч,

- Та уурхайтай юу?

- Надад уурхай байхгүй гэж түс тас хариулаад үргэлжлүүлэн өмөөрсөн эрхэм гишүүн маань сонирхлын зөрчилгүй тул компанийн захирлууд ба иргэдийн хөдөлгөөнүүдийн хажууд зөвхөн үнэн зөвийг хэлсэн ганц хүн болж гялалзлаа. Тэрбээр газар төнхөж шороо овоолсон уурхайгүй гэж яах аргагүй үнэнээ хэлжээ. Харин өөрийн мэдлийн хэд хэдэн компанийн нэрээр ашигт малтмалын лицензүүд, түүний дотор Дархан-Уул аймагт алт олборлох лиценз аваад хадгалсан өөр үнэнээ нууж чадав. Асуугаагүй юм чинь. Хэрвээ урт нэртэй хууль бүтэлгүйтвэл кёкүшюзаны уурхай шууд нээгдэнэ. Худлаа хэлээгүй. Цэв цэвэрхэн.

Энэ болон бусад сэтгүүлчдийн оновчгүй асуултуудаар дасгал сургууль хийсээр байгаад Кёкүшюзаны амны фигур маш гоё болсон байна. Тун саяхан УИХ-ын ажлын хэсэгт багтаж Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаар явахдаа нинжа нарын фонон дээр “энийг ашиглаж энэ компаниудыг ингээд хөөгөөд гаргачих юм бол бид найрын ширээний нэг ёсондоо л ууц гэсэн үг, нэг ёсондоо бид нар ах дүү төрөл саднаараа бүгд нүүгээд бүгд улсаасаа юм гуйхгүй бүгдээрээ л нинжа болчихмоор байна, ихэнх нь тэгээд ингээд бас ингээд яриад хүмүүсээс асуухлаар бүгдээрээ л нинжа болох сонирхолтой ямар ч нөхөн сэргээлт байхгүй хэдэн газар газрууд үлдээд,  орон нутагт нь ямар нэгэн тийм үлдсэн юм байхгүй, энийг бас өнөөдөр энэ дээр нь ирээд бас яг ингээд нүдээр харахад ойлгож байна” (үг үсэггүй сийрүүлэв) гэсэн ярилцлага өгснийг “25-р суваг” үзүүллээ. Батлагдсан хуулийг сахиулах үүрэгтэй гишүүн өөрөө эсрэг аашилж, бас даапаалж зогсоог ойлгоогүй сэтгүүлч “эрхэм гишүүн хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлэх  ёстой гэж үзэж байна” хэмээн даган баясав.

Уг нь хөдөөнөөс биш нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ 10 мянган залууг Япон явуулах гэсэн юм, та нар явахгүй биз хэмээн ажилгүйчүүдийг ангалзуулж байгаад сонгогдсоныг NBS саяхан сөхсөн юм. Гэтэл хэдхэн хоноод хэвлэл мэдээллийн шүүмжлэлийн мөрөөр гайхалтай түргэн арга хэмжээ авч “УИХ-ын гишүүн Батбаяр амалсан ёсоороо Японд явуулж эхэллээ” гэсэн бахдмаар оршилтой сурвалжлага гаргахыг харваас 4-р цахилгаан станцын цехийн дарга, инженер нарын 6 хүнийг мэргэжлээр нь Япон руу хэдэн сар туршлага судлуулахаар үдэж өгч байлаа. Яахав, тэднийг СХД-ийн иргэдэд тооцвол (IV цахилгаан станц тус дүүрэгт байрладаг) зургаа хасагдаж одоо дөнгөж 9994-г явуулах үлджээ. Кёкүшюзанд юухан байхав, дахиад хэдэн төлбөртэй сурвалжлага үзүүлээд “явуулаад л байгаа ш дээ” гэж ярьж зогсох биз. Худлаа яриагүй.

Зарим сонин ирээдүйн ерөнхийлөгчийг хүмүүжүүлэхээр амалсан байдаг. Даанч манай хэвлэл мэдээлэл бүхэлдээ маргаашийн байтугай өчигдрийн ерөнхийлөгч, өнөөдрийн гишүүд, сайд, жижиг даргыг ч барахгүй байна. Яагаад гэвэл онож асуудаггүй буюу яг хариултыг нэхэж чаддаггүй. Сонины олон нүүрийг задартал чигждэг, гуч дөчин суваг солиод эргэж ирэхэд чалчиж л суудаг урт ярилцлагуудад эрхэм улс төрчийн амьдралын зам, суут ухаан, гэхдээ түүнийгээ огт хүлээн зөвшөөрдөггүй даруу зан, монгол хүн юм чинь морь уяхаас өөр аргагүй, хөл дүүжлэх хэдэн ямбий жиптэй, ирэх сонгуульд дэвшинэ гэхээс уур хүрдэг ч нам нь дэвшүүлчихвэл … бүгд багтдаг. Харин хөрөнгө орлогоо нуусан, тендерийн будлианд нэр нь цохиж яваа тухайд тэмээ унаад явахлаар нохой хуцаад байх юм, хэн гэдгийг мэднэ, гэхдээ нэрийг хэлээд яахав, монголын төр өөртөө зүтгэсэн хүнд халтай, одоо ямар 37 он биш, эр хүн алдаж онодог гэх мэтчилэн түүх, гүн ухаанаар оргилж төгсдөг.

Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай юм. Сэтгүүлчид зөвхөн асууж хэлүүлж чадахгүй байгаа бол дүүрсэн хэрэг. Харин улс төрчдийн харлаж бохирдсон нүүр царайг хамгийн сайн цайруулагч, найзлаад, тохироод, төлөөд, гэрээлээд ашигладаг тийм хүмүүс болж хувирдаг нь харамсалтай. Юун хоточ нохой. Манай сэтгүүлчид улс төрчдийг маш буруу хүмүүжүүлж байна.

Монголчууд, дагаад (эсвэл дагуулаад) монголын сэтгүүлчид дэндүү том жаалдаг. Дандаа агууг хүснэ. Төрийн ордноос гадагш,  геополитикээс ойр, бодлогоос доош, улс төрөөс жижиг юмыг тоохгүй. Тоосон ч гүйцээдэггүй. “Нарийн ширийнд нь чөтгөр бий” гэж барууныхан ярьдаг.  Тэнд ямар нэгэн улс төрчийн “но” цухалзангуут сэтгүүлчид очоод шавчихдаг бөгөөд салахгүй.

Тэгвэл саяхан манай хэвлэл мэдээллийг хүлээж ядаад цөхөрсөн мэт Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёр бие биенийхээ баримтыг өөрсдийн биеэр дэлгэж тавилаа. Зөвхөн үүний дараа экс Ерөнхийлөгчийн TV9 телевизийн сэтгүүлчид Ц.Нямдоржийн түрээсийн байр болон хүүхдүүдийн хаусыг хайж олоод өнгө будагтайгаар үзүүлж тайлбарлав. Харин Н.Энхбаярын баримтын (хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал гэх мэт) хойноос тэгэж явах телевиз алга. Нээрээ нэг сэтгүүлч зүрхэлж асуугаад “Чи мэргэжлээ ашиглаад эрэн сурвалжлахгүй юу” гэж амаа таглуулсан гэнэ.

Бямба гаригт Н.Энхбаяр дахиад өрслөө. Нямдоржийн эхэлснийг хуулийнхан (гэхдээ хэвлэл мэдээлэл биш) үргэлжлүүлж болзошгүй тул “Өргөө” зочид буудалд их хэмжээний хөрөнгө оруулсан нь үнэн,  гэхдээ хувьчилж аваагүй, зөвхөн хувьчлагдах шатандаа яваа гэсэн гайхалтай тайлбарыг TV9-өөр хийлгэв.  Хувьчилж аваагүй байж нийслэлийн өмчид бөөн мөнгө оруулдаг буян хишиг дэлгэрсэн сайхан эрхэм! Гэхдээ дөрвөн жилийн өмнө энэ буудлыг дэндүү хямдхан хувьчилсан, бас зургаан жилийн өмнө хэвлэх үйлдвэрийн барилгыг Ерөнхийлөгч авчихлаа гэж шуугихад сэтгүүлчид асуусан, яг хариултаа нэхэж чадсан бол энэ хүнийг эртхэн хүмүүжүүлж, Ц.Нямдоржийн савраас ч аврах байсан. Бас Нямдоржийг өөрийг нь хүмүүжүүлж чадалгүй алдчихсан нь сая тодорхой боллоо. Пин, хаус хоёрыг мэдэн будлиад л …

2008 оны УИХ-ын сонгуулиар яасан билээ? АН 1,5 сая, МАХН 1 сая төгрөгийг амлахад иргэд сонгуулийн маргааш өглөө эрт,  бэлэн тоолж өгнө, жил болгон… гэх мэтээр баярлан угтсан. (Одоо бол ирэх 2012 оны сонгуулийн урьд өдөр өгч дуусгана гэж байгаа). Чухам алин болохыг ганц ч сэтгүүлч асуух сөхөөгүй сурталчилгаанд гүйж явжээ. Манай төр тэр сонгуулийн дараа 5 хүнийг буудаж алсан буруутныг тогтоож чадалгүй дараачийн сонгуультай золгоход бид яаж ч чадахгүй байна.

Монголд эрхбиш чөлөөт хэвлэл мэдээлэл байгаа болохоор эгзэгтэй баримт мэдээлэл (эсвэл түүний сэжүүр)  дэлгэгддэг атал сэтгүүлчид маань ухаж төнхөхгүй, тэгэсхийгээд орхидог хэвээрээ. “Монгол” нэртэй телевизийн ярилцлагын үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатараас “Тусгаар тогтнолын ордон”-д хэн хэн хандив өргөснийг асуухад “Нуугаад байх юм байхгүй” гэж тун цовоо эхэлж 14 тэрбумын есийг улсын төсвөөс авснаа хэлээд зогсоход хөтлөгч дагаад зогслоо. Тэгснээ намын бодлого, мөрийн хөтөлбөр асууж хамтдаа тэнээд явчихав. “Монголын алт” буюу МАК 1 тэрбум, MCS-ээс 1 тэрбум, УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн “Хурд”  компани 1 турбум, араас нь Дамба-Очирын “Очир төв” … гээд урсгахгүй байсан ч хамаагүй нэхэх байсан юм.

Факт, факт, факт. Ганцхан сум гэдэг шиг заримдаа ганц факт хангалттай байдаг. Холдох тусам тайлбар, сэтгэгдэл, бодол, бодлогширол болоод явчихна. Байгаль орчныг олз ашгийн төлөө улайрал, цэвдэг сэтгэл, хариуцлагагүй явдал энэ тэр биш, тов тодорхой овог, нэр зүүсэн компанийн захирал, нинжа нар сүйтгэдэг.  Авлигыг хүний шунал, арын хаалга, хуулийн цоорхой биш бас л овог, нэртэй албан тушаалтан, хүмүүс өгч авалцдаг. Гэтэл байгаль орчин аймаар бохирдож байна, авлига хавтгайрлаа, өмнөх сонгууль шударга биш болжээ (хэн яаж нотолсон юм бэ?) гэх мэт хаа нэгтээ сонссон мундаг “факт”-уудыг тойрч бясалгасан, сэтгүүл зүйн наад захын хэн, юу, хэзээ, хаана, яагаад, яаж гэдэгт хариулахын оронд эцэс төгсгөлгүй бодлого, арга хэмжээ, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгтэй,  шаардлагатай, цаг нь болсон тухай том том юм яриад газарт бууж чаддаггүй хов хоосон нийтлэл, нэвтрүүлгүүд пиг дүүрэн.

Факт талаасаа сонинууд хамаагүй илүү, гэхдээ иргэдийн олонхи зөвхөн телевизор үздэг.

Сэтгүүлч Д.Цэрэнжав

www.ajiglagch.wordpress.com


URL:

Сэтгэгдэл бичих