М.Ганбаатар: Өөрчлөлт шинэчлэлт гэсэн бүхнийг цавчаад байвал эрхэм даргын сэлэм нь мохно биз

d0e0daaf63d1d346ee78ddf904b4f664a055056e2МАН-ын бага хурлын гишүүн М.Ганбаатартай ярилцлаа.

-Та МАН-ын удирдлагаа эсэргүүцэх хөдөлгөөн байгуулснаа зарлаад долоо хонож байгаа байх. Асар их дайралтууд ирж байх шиг байна?

-Эгэл жирийн гишүүд МАН-ын өөрчлөлт, шинэчлэлтээр цангаж байсан юм байна. Үзэл бодлоо илэрхийлье, жирийн гишүүний зовлон жаргалаа намын удирлагад хүргэе гэсэн хүмүүс ихээр ирж байна. Яагаад ирээд байна гэхээр миний үзэл санаа, яриад байгаа зүйл үнэн учраас хүмүүс дэмжсэн хэрэг шүү дээ. Жирийн гишүүдэд ялагдлаа ярих, ялалтаа бахдах орон зай ч үлдсэнгүй. Намын удирдлага жирийн гишүүдээсээ дэндүү хол тасарчээ. Над руу ирэх дайралтууд яахав дээ. Танил арга барил шүү дээ.

-Бууны нохой, улаан хамгаалагч гээд л…

-Манай намд өөрчлөлт шинэчлэлт, хариуцлага ярихаар бууны нохой, албан тушаалын хэнээтэн гэж ярьдаг, бичүүлдэг. Зарим нь ийм нэр хоч авахаас айгаад дуугарч чадахаа байсан. Өчигдрөөс эхлээд бүх сайтуудад хүч сулруулах, асуудлыг саармагжуулах зорилготой нэг гарчигтай мэдээлэл тараагдаж байна лээ. Сөрдийсөн болгоныг цавчаад байвал эрхэм даргын сэлэмнийх нь ир мохно биз дээ. Намайг цавчаад унагаж болох ч жирийн мянга мянга гишүүдийн үзэл бодлыг зогсоож дийлэхгүй. Манай хөдөлгөөний ганц нэг гишүүдийг айлгах, ярилцлага өгүүлэх ажил хийгдэж байна лээ. Ийм зүйлд шантардаг нь бид биш.

-Та хэн нэгнийг хамгаалаад байна уу?

-Намайг албан тушаал наймаалцах 60 тэрбумын яриаг хамгаалаад байна гэж бичсэн. Яахав манай дарга нарын бодож олсон сөрөг акци гэх юм уу даа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монголын ард түмний өөдөөс харж байгаад “60 тэрбумын бичлэг гэдэг бол эвлүүлэг юм. МАН-ыг харлуулах гэсэн “Женко” Баттулгыг хар пиар” гэж хэлсэн. Хэлсэн үгэнд нь намын гишүүд итгэж байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, хариуцлагыг нэхэх цаг хугацаа мөн үү?

-“Буу сэлэм барьсан мянган цэргийг зогсоож болно, цаг нь ирсэн үзэл санааг зогсоож болдоггүй” гэдэг дээ. Түүнтэй адилхан намын удирдлагатай хариуцлага тооцох асуудлыг надаас гадна 200 гаруй мянган гишүүд хүсч байна. Зогсоох арга байхгүй цаг нь ирсэн үзэл санаа. Гишүүдийнхаа санаа бодол, санаачилга намын удирдлагад хууль байх ёстой.

-М.Ганбаатар байнга хэрүүл тэмцэл хийж явдаг гэсэн мэдээ гарсан байна лээ. Хэр үнэний ортой бэ?

-НИТХ-ын төлөөлөгч байхдаа “Эсэргүү төлөөлөгч” нэртэй ном бичээд намаас хөөгдөх хуралд орж байлаа. Энэ намын хаалгаар ороод 17 жил болохдоо намын шинэчлэл, хөдөлгөөнд оролцож явсан. Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг эсэргүүцэх хөдөлгөөн хүртэл байгуулж явлаа. АН-ын дураараа авирлалтыг эсэргүүцэн талбай дээр туг бариад үзэлцэж явсан.  Би ах нарынхаа заасан замаар яваад зөөлөн суудал дээр суусан нэгэн биш. Дэгэн догонтой улс төрийн замаар “Өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв” гээд явж ирлээ. 40 нас гараад ирэхээр хувь хүн төлөвшдөг. Түүнээс биш хэн нэгнийг хэлэхээр нисч очоод онодог дүүгүүрийн чулуу биш ээ би. Надад “Намайг авч хаях гээд байна” гээд гүйгээд очих “ах нар” алга. Бүгд л миний үе, дүү нар болсон харагдана.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ямар холбоотой юм бэ?

-МАН-ын гал тогоог барьж байгаа хүн холбоогүй юм уу. “Ерөнхийлөгчийн сонгуулийн  ялагдалд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хамаагүй” гэсэн мэдээ явж байна лээ. Албан тушаал авах болохоороо чичирч дайраад хариуцлага ярихаар ах нарынхаа араар ордог байж болохгүй биз дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд юунаас болж ялагдсан юм бэ?

-Олон хүчин зүйлс нөлөөлсөн. Хамгийн нэгдүгээрт намын удирдлага анхан шат дээрээ хүрч ажиллаж чадаагүй. Тийм атлаа жирийн гишүүд, намын үүртэй хариуцлага тооцох тухай ярьж байна гэнэлээ. Сонгуулийн сурталчилгаа, тактик,  хөрөнгө мөнгөний хувиарлалт, мэдээ мэдээлэл бүгд буруу явсан.  “Манай нэр дэвшигч тасархай ялж явна. АН-ын нэр дэвшигчээс 10 гаруй хувь илүү, МАХН-ын нэр дэвшигч сураггүй” гэсэн аман мэдээ явуулж байсан.

-Намын удирдлагаа эсэргүүцэх хөдөлгөөн юунаас үүдэн гарав?

-Би намын удирдлагуудтай хариуцлага тооцох хэрэгтэй, өөрчлөлт хийх цаг болсон гэсэн утгатай  үзэл бодлоо пэйсбүүктээ бичээд тавьсан. Би сумаа тавиад нумаа нуудаг нэгэн биш. Тэгэнгүүт хэсэг нөхөд дайрч давшлаад, тэднээс илүү нь дэмжээд эхлэнгүүт зохион байгуулалтанд орж  эхэлсэн. Дороосоо “ундарсан” хөдөлгөөнийг намын удирдлага алгаа тосоод авахгүй юм байна. Зарим нэг нөхөд маань ажил төрөл ч үгүй болох шинжтэй. Төлөөлөл болоод дуугарсан над руу дайрч байгаа хэлбэр нь намын удирдлагатай хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн мянга мянган гишүүдийн өөдөөс өгсөн дунд хуруу юм гэж ойлгогдоно. Эрүүл саруул нам бол “Та нарын санал санаачилга зөв байна, ширээ тойрч суугаад хэлэлцье” гэх байлаа. Гэтэл эрхэм дарга нар хуучин арга барилаараа “М.Ганбаатар гэдэг муу хүнийг тодруулахаар” бичүүлээд эхэлсэн. Энэ арга барил хоцрогдсон, хэн нэгнийг тухирдаг явдлыг гишүүд дэмжигчид мэддэг болсон гэдгийг  яагаад ухаардаггүй юм бэ.

-Шинэчлэл гэхээр юу хийх бэ?

-Нам анхан шаттайгаа харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Тийм учраас Удирдах зөвлөлийн тавин хувийг анхан шатнаас бүрдүүлье гэсэн шаардлага тавьж байгаа юм. Та нар бод доо. Хариуцсан үүр дээрээ очиж үзээгүй, тэнд юу хийдгийг мэдэхгүй МАН-ын Удирдах зөвлөлийн  гишүүн байна. Жирийн гишүүдийн нуруун дээр гишгэн албан тушаалд хүрчихээд зугтаадаг, нүүрээ буруулсан дарга нартай хариуцлага тооцох хэрэгтэй. Дээд тэнгэрээс ирсэн юм шиг хоёр жилдээ нэг очоод загначихаад буцдаг сайд даргыг халах  болжээ. Гишүүд, дэмжигчдээ сонсдоггүй эвэртэн, туурайтан намын нэр хүндийг унагаад байгаа юм.  Намайг энэ намд орж байхад жирийн гишүүд дарга нарыг зад загнадаг байлаа. “Манай тэр сайн авлаа. Зөв шүү” гэсэн удирдлага байсан юм. Загнасан, загнуулсан хоёр кайф аваад цааш цуг явдаг байлаа. Одоо бол шүүмжлэл хэлбэл нэг муу өш санадаг, бусдаар чулуу шидүүлдэг, цавчих гэж оролддог тэрбумтан залуус олон болжээ. Энэ мэт харилцаа, үзэл бодол, өнгө мөнгөний эрс тэс байдлыг ч өөрчлөн шинэчлэх хэрэгтэй шүү.

-Цаашид яах вэ?

-Монгол Ардын Намын өмнө удирдлагатай хариуцлага тооцуулах эгэл гишүүдийн 24 цагийн суулт хийнэ. Жирийн гишүүдийн хүсээд байгаа өөрчлөлт, шинэчлэлт хийтэл нь чадлынхаа хэрээр тийчнэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих