АНГИЛАЛУУД…

1010308_873371279438014_4500977792452118573_nАнгилал. Нэг
“Анна Каренина, Бовари, Мари Ройж, Нора, Лолитогоос эхлээд эрэгтэй зохиолчид эмэгтэйчүүдийн дүрийг уран зохиолд илүү дүрсэлсэн байдаг. Заримдаа Мопассаны “эмэгтэйчүүдийн дүр” зохиолчийг ямар хүйстэй болох тухай эргэлзэн бодоход хүргэдэг. Дорион Грейн ч ялгаагүй сайн шинжилбэл эрэгтэй ч юм, эмэгтэй ч юм. Тийм сонин чанар энэ дүрийг гайхалтай болгодог тал бий. Хэрэв Оскар Уйльдад бэлгийн гаж сонирхол байгаагүй бол Дорион Грейн тийм дүр болж босох байсан нь эргэлзээтэй. Эрэгтэй зохиолчдын доторх тийм “хоёрдмол” шинж эмэгтэйчүүдийн дүрийг нарийн урлахад нөлөөлсөн байх талтай. Чеховын эмэгтэйчүүд ч гэсэндээ түүний гярхай чанарын дээд илрэл гэж үзэгддэг. Манайхан ч гэсэндээ “эмэгтэйчүүдийн” сонин дүр бүтээж амжсан. Хөөрхий Нансалмаагаас эхлээд Цээмаа, Хулан, Соль, Дэжид, Хонгорзул, гээд чухам нэрлээд байвал олон давтагдашгүй төрх, сэтгэлзүйг монгол эрэгтэй зохиолчид урлажээ. Юм эсрэгээрээ байх нь элбэг гэж үзвэл эмэгтэй зохиолчид “эрэгтэйчүүдийн дүр”-ийг илүү урлах нь зөв зүй тогтол байж болох нь. Гэтэл тийм АНГИАЛАЛ даанч дэлхийн уран зохиолд алга. Өнөөх Одиссей, Фауст, Сизиф, Замза, Блум, Раскольников бүгд л эрэгтэйчүүдийн хатуу ширүүн ертөнцөөс төрөн гарчээ. Тэгэхээр Бронтегийн Жэн Эйр жинхэнэ ховор тохиолдол болж байна. Тийм ховор тохиолдлууд, онцгой чанарууд уран зохиолын тогтсон ойлголтуудыг эвдэхийг эрмэлзсэн байдаг. Тийм бүтээлч оролдлогууд ч залуу хүүрнэгч Н. Даваасүрэнгийн богино үгүүллэгүүд дотор оршиж байна. Түүний бүтээж буй “эмэгтэйчүүдийн дүрүүд” одоохондоо “өөрөөс нь холдож амжаагүй”. Өсвөр насны охид, тэднийг тойрсон элдэв асуудлууд л эргэлдээд байна. Гэвч уран зохиолд хэзээд АНГИЛАЛ-аас ангид нэг зүйл бий. Түүнийг уран сайхны сэтгэлгээний ХҮРЭЭ гэж тодорхойлдог. Н.Даваасүрэнгийн сэтгэлгээний хүрээ үнэхээр анхаарал татна. Орчин цагийн хүүрнэл зохиолд байх зохиолчийн “ГАЙХШРУУЛАГЧ” байдал “Софи” үгүүллэгийг бүтээх бараг л бүрэн үндэс болжээ. Софи өөрийн ертөнцдөө л амьдарч байгаа юм. “Тиймээ ээж, аав болгон бурхад биш. Магадгүй ямар ухамсаргүйгээр хүүхэдтэй болдог” гэж эргэцүүлэхэд хүргэсэн нь биднийг шууд л “гайхршруулна”. Хэдий завандаа энэ залуу хүүрнэгч амьдралыг ийм нарийн оншлохыг сураа вэ? Хүмүүс робот, бүр оюун ухаант робот бүтээнэ гэж хаа сайгүй ярина. Тэд өөрсдөөсөө илүү робот бүтээнэ гэж яаж төсөөлсөн юм бол. Хөгжил гэдэг нэг талдаа мөхөл л гэсэн үг. Өөрөөр бол жамаараа яваа үйл явц, бүгд болох ёстой, болохгүй ёстой зүйлс…” хэмээн сэтгэж байна. Ирээдүй, оршихуй, мухардмал байдал хүртэл түүний анхаарлыг татаж орхижээ. Тиймээс Софи ертөнцдөө арга мухардсан байдалтай оршиж байна. Түүнд зам, эсвэл гарц байхгүй мэт санагдана. Тэгээд нэг л өдөо явахаар шийднэ. Софи эрэгтэй ч биш эмэгтэй ч биш. Би хувьдаа хэн болохыг нь тааж чадаагүй. Тэр хаашаа ч яваагүй, одоо болтол өнөөх өрөөндөө хархтайгаа тэмцэлдсээр ч байж мэднэ. Ийм өөр байдал, ахуйгаас Н.Даваасүрэнгийн хэд хэдэн үгүүллэг цувран гарчээ.
Ангилал. Хоёр
Эмэгтэйчүүдэд нийтлэг байх сэтгэлзүй нь онцлог нь “өөрөөсөө өөр хэн нэгнийг бүтээхэд” бэрхшээл учруулдаг. Сапо яруу найрагч, манай Агай гүнж, Марина Цветаева, Анна Ахматова, Эмиля Бронте, Эмиля Дикинсон бүгд уран зохиолын гайхалтай үзэгдэл мөн. Тэдний зовлон, тэдний л зовлон байжээ. Тэдний гуниглал ч ялгаагүй. Тиймээс тэд дэлхийн уран зохиолд өөрсдийгөө л бүтээсэн. Харин Виржинна Вульфээс, Тони Моррисон, Дорисс Лессинг хүртэл хүүрнэл зохиолчид ч “өөрсдөөсөө хальж гарч чадаагүй”. Симон дө Боваур бүр Сартраас ч холдоогүй. Учир нь тэд бусдыг биш хэн нэгэн Саймон, Майкл, Армстронг, Дэндэв, Дамдинг бус харин өөрсдийгөө л бүрэн дүүрэн “нээх” сэтгэлзүйн суурь өгөгдлөлтэй учир. Виржинна Вульфийн “Өөрийн гэсэн өрөө” эсээнд” тэртэй тэргүй утга зохиол бусдын бодол санааг хэтэрхий их анхаардаг эрчүүдээр дүүрэн” хэмээсэн үгүүлбэр бий. Харин эмэгтэйчүүдийн уран зохиолд гүйцэтгэсэн үүрэг “хувьхан ертөнцөө нээж харуулахаас” хэтэрч байсангүй. Хувь ертөнц гэдэг ганц л юм. Ердөө нэг л юм. Тиймээс эмэгтэйчүүдийн уран зохиолд /хатагтай Симон дө Бовуарийн тодорхойлж хэлснийг иш болгон татав/ бусдын дүр бараг л бүтээгдсэнгүй. Тэр тусмаа эрчүүдийн дүр жинхэнэ илэн далангүй, нууж хаах юмгүй, новшийн чанараараа үлдэж хоцорсонгүй. Угтаа тэдний /эмэгтэйчүүдийн/ буруу биш Фома Аквинскийн үеийн буруу үзлээс ч бас шалтгаалаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тиймээс л “өнөө цагт эмэгтэйчүүдийн уран зохиол бүхэлдээ ямар нэгэн зүйлийг шаардах хүслээр бус харин тодорхой болгох тэмүүллээр дүүрэн болсон нь гайхалтай” гэсэн “Дайвар хүйстэн” романы хэсгээс зориуд ишлэх шаардлагатай. Үнэхээр өөрчлөгдөж буй үйл явц ч залуу хүүрнэгч Н.Даваасүрэнгийн үгүүллэгүүдээс хүртэл анзаарагдаж байна. Гудамжаар дүүрэн унаж боссон “зовлон”. Гэвч тэр зовлонгийн гол шалтгаан болсон “эрчүүд” алга. Хатагтай Симон дө Бовуарын дурдсанаар “тодорхой болгох тэмүүлэл” л байна. Тиймээс л “Хоолны үнэртэй гудам” зохиолын Цогт дурсамжийн эзгүйд, тийм харанхуйд тэмтэрч явсаар “гэрэл” олж харна. Тэр гэрэл нь ердөө “тодорхой болгох тэмүүлэлтэй эмэгтэй хүн” байна.
Нэгэн сэтгэл судлаачийн хэлсэн үг байнга бодогдоно. Солонгосын газар тааралдсан тэр нөхөр “бүх хүмүүсийн дурсамжийн 85% -ийг ЭМЭГТЭЙЧҮҮД эзэлдэг гэж барин тавин баталж билээ. Тэгвэл Н.Даваасүрэнгийн үгүүллэгүүдийн доторх дүрүүд мөн л эмэгтэйчүүдийг дурсаж байна. “Тэнэг” хэмээх үгүүллэгийн Гэрэлмаа, ер нь түүний бүтээсэн дүрүүд бүгд шахуу “ямар нэг өвчтэй” гэхдээ сэтгэцийн голдуу. Тэр өвчин нь дурсамжтай шууд холбоотой байдаг нь сонирхолтой. Ямар шалтгаан түүнд нөлөөлөв. Шалтгааныг хаанаас хайвал олдох вэ?
Дурсамжаас уу? Дурсамж бас сэтгэцийн өвчтэй биш гэж үү? Ийм л сонин сэтгэлзүйд автуулах бодол Х.Даваасүрэнгийн үгүүллэгүүдэд байна. Нэг л сунжирсан бодлууд нь түүнийг зохиолч бас эмэгтэй хүн гэдгийг яалт ч үгүй илтгэнэ. Хэсэг бусаг олон эввлүүлэг ч бас түүний “хүйсийн” онцлогийг харуулна. Тууштай бус эргэлзсэн тээнэгэлзсэн, уян хатан, өр зөөлөн, гомдол, цөхрөл, өршөөл уучлалаас бүрдсэн анхныхаа ”бичвэрүүдээс” залуу хүүрнэгчийн хэтэрхий мэдрэмтгий чанар мэдрэгдэнэ. Эмэгтэйчүүдийн хувьд “хэт мэдрэмтгий чанар” нь уран зохиолд авьяас гэж үздэг зүйлтэй дүйж очдог юм. Ерөөс ялимгүй” бүдүүн баараг” байдлыг тэдний бүтээлүүдээс олж харахад тун бэрх. Заримдаа хэтэрхий “нарийн ширийн” байдал нь эмэгтэйчүүдийн уран зохиолыг “баллаж” орхидог. Тэр гэм ч Н.Даваасүрэнгийн бичлэгт байна.
Ангилал. Гурав
Набоков анх урилгаар лекц уншихааар болоод “Английн хүүрнэл зохиолын түүх” заахаар бэлдэж байхдаа Жэн Остины талаар дурамжхан сэтгэгдэл бичиж үлдээсэн байдаг. Харин удалгүй тэр өмнөх бодлоосоо эрс татгалзсан нь лекцүүдээс тодорхой харагдана. Нобелийн шагнал хүртсэн 11 эмэгтэй зохиолчид бүгд л хатуу нэг зарчмыг баримталж байсан. Бидний АНГИЛАЛ бол Тони Моррисоны эрх чөлөөний тухай үзэл санаанд тулгуурласан юм. Бидний АНГИЛАЛ Доррис Лессингийн “хязгаарлагдмал” ахуйд бус илүү нээлттэй орчинд оршихыг хүсэх, хүчирхийллийн эсрэг ганцаарчилсан тэмцэлээс эхлэлтэй гэдгийг санах хэрэгтэй. Түүнээс бус зэрэг дэв, илүү дутуу, чадах чадахгүй нь тухай “явцуу” үзэл санаанаас үүдээгүй болно. Тиймээс дээрх баталгаатай үндэслэл дээр түшиглэн ч залуу хүүрнэгч Н.Даваасүрэнгийн хэд хэдэн чанарыг онцгойлж байгаа юм.
Үгүүллэгүүд нь эрх чөлөөний үзэл санааг илэрхийлнэ. “Хар хүн” үгүүллэгийн баатар эрх чөлөөг” МААНАГ”-аар сонгожээ. Хавчигдаж, гадуурхагдаж, хайрлаж дурласан ч бүтэлгүй явсаар эцэстээ тэр “маанаг” сонголт хийв. Тэгээд л хайртай охиныхоо дэргэд хар хүн болж наалдана. Эцэст нь “ Туяа модон шүүгээнийхээ хамгийн дээд шургуулганд байх урьд хожид үзэгдээгүй хачин эрээн цаастай эмнээс хоёр ширхэгийг аваад усаар даруулан уунгаа орныхоо зүг алгуурхан алхлав” гэж төгсөнө. Тэр амаа ангалзуулаад байдаг ХАР ХҮН-тэйгээ нүүр тулан уулзахаар шийджээ. Шийдвэр зүүдний хүчирхийллэээс ангижрах хамгийн боломжийн алхам болж байна. Түүний эмэгтэй дүрүүдэд ямар нэг явдал заавал тохиолдсон байна. Харин тэр бүгдийн учрыг олох, даван туулах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь олзуурхмаар. Залуу хүүрнэгчийн “өөрийгөө илэрхийлэх” дотор өөртэй нь ямар нэг байдлаар хамааралтай дүрүүд нь аргагүй ангилалд багтаах үндэслэл бүрэн болж байна. “Улаанбаатарын гудамж”, “ Эмэгтэй хүн” зэрэг үгүүллэгүүд нь яах аргагүй ангиллаас гадуур байж чадсангүй. Эмэгтэйчүүдийн уран зохиол хэмээх илүү ч гэмээр ангилал шүү дээ.
Ангилал.
Уран зохиолд хүйсээр ангилах явдал нэгэнт хоцрогджээ. Улам бүр энэ байдал утга учраа алдах төлөвтэй. Тэгэхээр нэг ч гэсэн АНГИЛАЛ үгүй болно гэсэн үг. Даанч зарим нь хүйс гэж байгаа цагт, эр эм хүний онх ондоо шинжүүд байгаа цагт АНГИЛАЛ байсаар байна гэж үзжээ. Тийм бол Н.Даваасүрэнгийн богино хүүрнэлүүд Эмиля Дикинсоний,
Энэ надад өөрийгөө уншуулдаггүй
Миний орчлонд илгээх захидал-
Эх байгаль даруухан сүрээр хэлсэн
Энгийн өчил /орч Г.Лхагвадулам/ хэмээх шүлэг шиг ангилал ёсоор “орчлонд илгээсэн анхных нь захидлууд, өчил нь болж байна. Өчил бүхэндээ өөрийгөө олохоор өөр лүүгээ өнгийжээ. Тэр л чухал.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ


URL:

Сэтгэгдэл бичих