Боловсролын салбарыг “самрах” төлөвлөгөөтэй танилц
Улс орны ирээдүйг дааж явдаг хамгийн чухал салбар бол боловсрол. Гэвч эдүгээ энэ салбарт сайд, дарга тогтохоо болж, шахааны дарга нарын албан тушаалын мөрөөдлөөс болж хэрхэн сүйрч буйг харчих.
Улсын хөгжил оршин тогтнох эсэх, иргэд нь боловсролтой байх эсэхийг шийддэг энэ салбар одоо парламентад үнэмлэхүй олонх болж, Засгийн газрыг дангаараа байгуулсан МАН-ынхны “тоглох” хамгийн чухал “бай” болон хувирчээ.
Тэд Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам бүтцийн өөрчлөлт хийж, 10 газартай болгосон байна. Ингэснээр хуучин Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын чиг үүрэг 5-6 газар болж хуваагдсан байна. СӨБ, ЕБС, Дээд боловсрол тус тусдаа газар болсон байх бөгөөд тусгай хэрэгцээт, гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийн боловсрол, насан туршийн боловсролын бодлого хаана нь хамаарах нь бүрхэг.
Энэ шийдвэрийг Засгийн газрын энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар гаргажээ. Иргэд амарч зугаалж явах хооронд МАН-ын Засгийн газрын хэдэн сайд сууж байгаад эл шийдвэрийг гаргасан байх юм. Мөн анзаарвал БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхныг огцруулсан өдөртэй таарч байгаа юм.
Тухайн үед Б.Баярсайхан “Төрийн ямар нэгэн тендер, худалдан авах ажиллагааг шударга, томилгоог чадварлаг болгох гэсэн зорилгын маань төлөө ийнхүү ажлаас чөлөөлж байна” гэх тайлбарыг хэвлэлд өгсөн байдаг.
Өмнө нь нэг газар дангаараа хариуцаж, харилцан уялдаатайгаар зохицуулж байсан бодлогыг цаашдаа 5-6 газар хариуцах нь. Шинээр бий болсон газрыг хэн толгойлох нь ч эргэлзээтэй. Сонгуульд ялалт байгуулсан цагаасаа төрийн албыг самарч, төрлийн алба болгосон МАН одоо Боловсролын салбар руу чиглэж, сайдыг нь сольж, дэд сайдыг нь Элчин сайдад дэвшүүлж, хамгийн сүүлд Төрийн нарийн бичгийн даргыг нь албан тушаалаас нь буулгасан. Харин одоо бүтцийн өөрчлөлт нэрээр ураг төрлийнхөн, эсвэл өнөөх 60 тэрбумын бичлэгт дурьдагдсан шиг хоолондоо орохоор яарч буй нөхдийн албан тушаалыг бэлдэж өгч буй юм биш байгаа.
Дэд сайдгүй байгаа салбар одоо ТНБД-гүй ч болсон. Дээр нь бүцтийн өөрчлөлт хийж, хэлтсүүдийг нь газар болгох шийдвэр гаргачихлаа. Уг нь улс орны ирээдүйн хөгжлийг шийддэг эл салбарт улс төржиж боломгүй баймаар. Дээр нь энэ салбарт шийдэх ёстой шийдлээ хүлээсэн асуудлууд олон байхад бүтцийн өөрчлөлт нэрийдлээр самарчихлаа. Ажлаа мэдэхгүй хэсэг хүмүүс томилогдох нь гарцаагүй. Тэднийг ажилтайгаа танилцах гэсээр байтал хичээлийн шинэ жил эхлэх биз.
Тоглож болдоггүй салбар гэж байдаг юм шүү дээ, сайд нар аа.
URL: