Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн зураг биш ИТХ-ын төлөөлөгчдийн сураг
МАН-аас Сүхбаатар дүүргийн ИТХ-д сонгуулийн наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид
Манай сонин сураг нь тасраад байгаа Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг эрэн сурвалжилсаар байгаа билээ. Тэдний ИТХ-д юу амлаж сонгогдсон, ямар ажил хийж, биелэлт нь хэдэн хувьтай явагдаж байгаа талаар иргэдээс асууж лавласан юм. Дөрвөн жилийн өмнө хэдэн хүмүүс өөрсдийгөө ард иргэдэд танай дүүргийн нэр дэвшигч хэмээн танилцуулж, өдөр шөнөгүй итгэхэд бэрх амлалтуудаар дүүрэн мөрийн хөтөлбөрөө тарааж, сонгогдож байсан нь саяхан. Гэтэл одоо иргэд хэнд санал өгснөө хэдийнээ мартжээ. Энэ асуудал хэнэггүй, тайван зантай иргэдийн буруу гэмээр байвчиг хэний төлөөлөл болж сонгогдсноо, юу хийх үүрэгтэйгээ огт санахаа больсон нь эрх баригчдын буруу. Энэ дугаартаа Сүхбаатар дүүргийн ИТХ-д сонгуулийн наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгчдийн юу хийснийг эрэн сурвалжилж байна.
Тэдний цагаан дээр хараар бичиж юу гэж амлаж байсныг нь эргэн сануулж байна. Энэ дөрвөн төлөөлөгч маань
1. Дүүргийнхээ өрхийн орлогыг нэг сая төгрөгт хүргэнэ.
2 . Жил бүр гурван мянган ажлын байр шинээр бий болгоно.
3.Өндөр настан, гачигдалтай иргэд, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцаар хангана гэж ам алджээ. Эдгээр нөхөд ам алдсанаа барьж чадахгүй гэж эндүүрч яваа байх.
2008 оны ИТХ-ын наймдугаар тойрогт Сүхбаатар дүүргийн XIII, XIV хороод харьяалагддаг. Бидний ярьж сурснаар тав, зургаан буудлын орчмын айл өрхүүд юм. XIII хороо нь 6800 метр квадрат нутаг дэвсгэртэй, 1983 өрх, 8090 хүн амтай. Харин XIV хороо нь 124,5 га талбайтай, 1611 өрх, 6562 хүн амтай. Тус хороод нь гэр хорооллоос бүрддэг. Хөдөө орон нутгаас шилжин суурьшсан иргэд хүн амын дийлэнх хувийг эзэлдэг. Намаг усархаг хөрстэй, амьдралын боломж доогуур өрх олон байдаг юм байна. XIV хороонд гэхэд нэн ядуу өрх 110, ядуу өрх 411 байгаа юм. 2008 онд ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн дөрвөн төлөөлөгч “Шинэ зууны нийслэлдээ өөрөөр амьдарцгаая” гэх уриан дор мөрийн хөтөлбөр боловсруулж, тэдний гурав нь сонгуульд ялалт байгуулжээ. Тодруулбал Намжимын Лхагвацэрэн, Дашзэвэгийн Сүхбат, Аюурзанын Лхамсүрэн, Галсантогоочийн Баттулга нар сонгуульд өрсөлдснөөс Дашзэвэгийн Сүхбат сонгогдоогүй юм. Одоо тэд дүүрэгтээ дээгүүр албан тушаалтай дарга нар болжээ. Н.Лхагвацэрэн СБД-ийн ЗДТГ-ын даргын албыг хашдаг байснаа одоо дүүргийнхээ Иргэний бүртгэлийн дарга болсон юм. А.Лхамсүрэн дүүргийн Ахмадын сувилалын дарга, Г.Баттулга МАН-ын Аж ахуйн дарга гээд бүгд л удирдах ажил хийж байна. Гэтэл тэдний хийх гэж амласан ажлууд өнөөдөр хэрхэн бодит биелэлд хүрч байгаа бол. Н.Лхагвацэрэн ЗДТГ-ын дарга болсонтой холбогдуулан дүүрэгт нөхөн сонгууль явуулсан юм. Тус сонгуулиар Найдангийн Баярсайхан сонгогдсон. Түүнийг “Hi Fi records” ХХК-ийн захирал гэдгээр нь иргэд сайн мэддэг.
Тус төлөөлөгчдийн дөрвөн жилийн өмнөх хамгийн том амлалтуудаас сануулвал:
-Өрхийн нэг сарын дундаж орлогыг нэг сая төгрөгт хүргэнэ.
-Жил бүр гурван мянган ажлын байр шинээр бий болгоно.
-Иргэн бүрт 1,5 сая төгрөгийн “Эх орны хишиг”-ийг хүртээнэ.
-Бизнес эрхлэх орчинг бүх талаар сайжруулж өндөр технологи бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ.
-Өндөр настан, гачигдалтай иргэд, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцаар хангана.
-Дамбадаржаагийн гэр хорооллын усан хангамжийн системийг ашиглалтад оруулж цэвэр усны шугам тавина.
Харамсалтай нь энэ бүх амлалтын биелэлтийг дүгнэе гэвч хийж эхлээгүй ажлыг яаж дүгнэх билээ. Ямар эх үүсвэрээр өрхийн сарын дундаж орлого нэг сая давж, иргэд өдрийн хоолондоо санаа зовохгүй амьдрах эсэхийг төлөөлөгчид л мэдэж байгаа.
2008 оны ИТХ-ын наймдугаар тойрогт МАН-аас СБД-т нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс:
Бидний 2008-2012 онд хийх ажлаас:
1. Төрийн өмчийн ЕБС-иудын биеийн тамирын гадна талбайг иж бүрэн тохижуулна.
2. Сургууль, цэцэрлэгүүдийг компьютержүүлэн интернетэд холбоно.
3. Амьжиргааны түвшингээс доогуур орлоготой гурав ба түүнээс дээш хүүхэд нь ЕБС-д сурдаг өрхийн нэг хүүхдэд хотын даргын нэрэмжит тэтгэлэг олгоно.
4. Дүүргийн хэмжээнд багаараа ялалт байгуулбал оюуны өндөр чадавхитай 500 сурагчдад жил бүр дүрэмт хувцас үнэгүй олгоно.
5. Өрхийн эмнэлгийн 50-иас доошгүй хувийг автомашин, тоног төхөөрөмжөөр хангана.
6. Эмч мэргэжилтнүүдийн 20 хувийг сургалтад хамруулна.
7. XIII, XIV хороонд ахмадуудад зориулж чөлөөт цагаа өнгөрүүлэх танхим байгуулна.
8. Жил бүр гурван мянган ажлын байр шинээр бий болгоно.
9. Өрхийн нэг сарын дундаж орлогыг нэг сая төгрөгт хүргэнэ.
10. Иргэн бүрт 1,5 сая төгрөгийн Эх орны хишгийг хүртээнэ.
11. Бизнес эрхлэх орчинг бүх талаар сайжруулж өндөр технологи бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ.
12. Гэр хороололд халуун усны барилга барьж, ахуйн үйлчилгээгээр эрчимтэй хангана.
13. Гэр хороололд халуун усны барилга барьж, инженерийн хийцтэй гүний худаг, уст цэгээр хангана.
14. Өндөр настан, гачигдалтай иргэд, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангана.
15. Ногоон бүсэд зуслангийн зориулалтад эзэмшиж буй газрыг иргэдэд өмчлүүлнэ.
16. Төвлөрсөн усан хангамжийг сайжруулж, Дамбадаржаагийн гэр хорооллын усан хангамжийн системийг ашиглалтад оруулж цэвэр усны шугам тавина.
17. Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангана.
18. Хагас кокс, шахмал түлш шингэрүүлсэн хийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.
19. Гэр хорооллын өрхүүдийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэнэ.
20. Хороо бүрийг хог цэвэрлэх зориулалтын машинаар хангана.
21. XIII хорооны байр шинээр барина.
Мөрийн хөтөлбөрийг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх ёстой атал харин эсрэгээрээ ор тас мартдаг хайнга төлөөлөгчөөр иргэд өөрсдийгөө төлөөлүүлсэндээ амаа барьж байна.
Тус дүүргийн оршин суугчдаас 2008 оны ИТХ-д СБД-ээс сонгогдсон төлөөлөгчдийн амлалт хэрхэн хэрэгжиж байгаа талаарх доорх асуултад иргэд ийнхүү хариулж байна.
-Таны гэр бүлийн орлого сая төгрөгт хүрсэн үү?
-СБД-ын ИТХ-д нэр дэвшигчид дөрвөн жилийн өмнөх мөрийн хөтөлбөртөө III сургуулийн өмнө нүхэн гарц байгуулна гэжээ. Энэ талаар таны бодол?
IX хорооны иргэн Д.Пагма: Өвгөн бид хоёрын тэтгэврийн мөнгө л манай сарын орлого болдог юм. Тэр байгуулаагүй нүхэн гарц хүүхэд хөгшдөд хэрэгтэй л байсан юм. Одоо бүтээнэ гэж худлаа байх.
X хорооны иргэн Я.Пүрэв: Яалаа гэж саяд хүрэх вэ 300 мянган төгрөгөөр хоолоо залгуулж байна. Энэ сонгууль ард иргэдийн амьдралыг улам доройтуулж байна. Одоо хийгээгүй ажлыг хэзээ хийнэ гэж хүлээх юм. Тэр худлаа болсон.
XIII хорооны иргэн С.Чимэг: Яаж ч хэмнэсэн манай өрхийн орлого сая төгрөгт хүрэхгүй. Өөрөө дээл оёдог болохоор сар шинэ, наадмаар л 300 мянгад хүрдэг дээ. Уг нь нүхэн гарц хэрэгтэй. Хотын төвд болохоор бүх л чиглэлд явах хүмүүс цугладаг. Гэхдээ одоо хэзээ хийх билээ. Дөрвөн жил хийгээгүй ажлыг хийнэ гэхэд итгэхгүй байна.
XVI хорооны иргэн М.Бадам: Манай өрхийн орлого тийм их биш ээ. Би улсад 31 жил багшилсан хүн. Төрөөс өгч байгаа юм гээд тэтгэвэрийн хэдэн төгрөгөө чамлалгүй авдаг. Болоод л байдаг юм. Тэр худлаа амлалтын тухай анх сонгууль болж байхад л мэдсэн болохоор гайхаад байх зүйл алга. Нүхэн гарц хэрэгтэй ядаж тэр их мөнгө худлаа байлаа гэхэд гарцтай болгох нь гэж баярлаж байсан талаар өнгөрлөө.
V хорооны иргэн Ш.Итгэл: Хэзээ тэгж хэлээ вэ мэдээгүй юм байна. Мэдлээ гээд биелэх биш. Бас нэг худал зүйлийг найдаж хүлээхгүй байх нь дээр гэж боддог. Нүхэн гарц ээлжит хийсвэр ажил. Бүтээчихсэн бол хэрэгтэй л байсан юм.
III хорооны иргэн Б.Цацралт-Од: Би оюутан л даа. Хааяа цагийн ажил олдвол хийнэ. Аав ээж хоёр дүүгийн хамт амьдардаг. Манай өрхийн орлого сая төгрөгт хүрэхгүй. Аав маань төсвийн байгууллагын ажилтан болохоор цалингаа урьдчилаад зээлчихнэ. Нүхэн гарц зайлшгүй хэрэгтэй. Тэр сургуулийн урд хэд хэдэн хүүхэд машинд шүргүүлж, дайруулсан гэж сонссон. Бүх улстөрч, төлөөлөгчид мэргэжлийн худалч.
XIV хорооны иргэн Х.Мөнхцэцэг:
Би яаж ч хөдөлмөрлөөд сая төгрөгийг олдоггүй. Манай өрхийн орлого 500 мянган төгрөгт хүрдэг. Хүнээс гуйхгүй хэмнэж л амьдарч байна. Нүхэн гарц хэрэгтэй. Монгол III сургууль хотын төв болохоор хөл хөдөлгөөн ихтэй. Даанч хэзээ барих нь тодорхойгүй хэнээр гүйцэтгүүлэх нь мэдэгдэхгүй юм. Дараагийн сонгууль болох гэж байхад баригдахгүй. Өөр нэг төлөөлөгч би хийнэ гээд л амлаад л эхлэнэ байх.
Дөрвөн жилийн өмнөх сонгуулийг иргэд ингэж дүгнэж байна. Мэдээж тэдэнд хийсэн зүйл байлгүй л яах вэ. Гэхдээ олон хар зүйл нэг цагааныг тэр чигт нь сүүдэрлэж чаддаг болохоор төлөөлөгч, эрх баригчид маань амласнаа биелүүлэх хэрэгтэй байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай болон ИХ-ын төлөөлөгчид сонгогчдод чиглэсэн ямар үйл ажиллагаа хийснээ тайлагнаасай хэмээн манай сонины болоод тухайн дүүргийн иргэд хүсч байна.
Цагаан дээр хараар бичиж тэд юу гэж амлаж байсныг нь эргэн сануулж байна.
Энэ дөрвөн төлөөлөгч маань:
1. Дүүргийнхээ өрхийн орлогыг нэг сая төгрөгт хүргэнэ.
2. Жил бүр гурван мянган ажлын байр шинээр бий болгоно.
3. Өндөр настан, гачигдалтай иргэд, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангана гэж ам алджээ. Эдгээр нөхөд ам алдсанаа барьж чадахгүй гэж эндүүрч яваа байх.
Эх сурвалж: НИЙСЛЭЛ ТАЙМС СОНИН
URL: