Д.Сугарыг суудлаас нь “сугалах” У.Хүрэлсүхийн төлөвлөгөө
Д.Сугар дарга өчигдрөөс ээлжийнхээ амралтыг авчээ. Гэхдээ амралтаа авсан дарга Төрийн өмчийн хороондоо буцаж ирэхгүй байж магадгүй болсон байна. Ойрын үед ТӨХ хавиар үйл явдлыг ийм сценариар өрнүүлэхээр МАН-ынхан шийджээ. Тэгэхээр Д.Сугар дарга хаашаа явж, түүний суудалд хэнийг залахаар хор найруулсан нь сонирхолтой байгаа юм.
Монгол улс байгаа хамаг том өмчөө хувьчлалд дуусчихсаны дараа Төрийн өмчийн хороо гэдэг байгууллага нэг хэсэгтээ л нам жим, сонирхлын гадна байсан билээ. Улстөрчид ч ТӨХ-г тоохоо байж, тэнд ямар нэг бялуу үлдсэн гэж үздэггүй тул тэгсхийгэд орхидог байв. “Одоо ТӨХ-нд хийх ажил байхгүй тул татан буулгах хэрэгтэй” гэсэн ярилцлагуудыг ч нэг бус хүн хэвлэлд өгч байсныг санаж байна. Он цагийн эрхээр ТӨХ дахин үнэд орсон шалтгаан нь мэдээж Тавантолгойн ордын олборололтыг эхлүүлэхээр болсон явдал байв. Эрх баригчид эргээд ТӨХ-нд тавих хараагаа чангатгаж, нам доторх бүлэглэлүүд даргынх нь суудлын төлөө тэмцлийг эхлүүлжээ. Чухам тиймээс Д.Сугар ТӨХ-ны хаалгыг гаднаас нь хаахаар болж. Гэхдээ юу боллоо гэж зүгээр гараад явахав. Өөрийг нь зайлуулах гээд байгаа намтайгаа тохироотой “амралтаа” авчээ.
Засгийн газрын агентлагууд дотроос цар хүрээгээрээ томхон хэд нь байнга анхаарлын төвд байдаг. Тэдний нэг нь ТӨХ. Энэ байгууллагын даргыг “сугалах” ажлыг У.Хүрэлсүх гардан зохион байгуулжээ.
Аль эртнээс л намын нарийн бичгийн толгойд энэ бодол явсан юм байж.Тэр нь сүүлийн үед эрчимтэй идэвхжиж ажил хэрэг болох тал руугаа орсон бололтой. Учир нь Ардын намын рейтинг унаж байгаа нь тов тодорхой болсон энэ үед С.Батболд, У.Хүрэлсүх хоёрын улс төрийн тоглолт, сонирхол байнга зөрөх болсон нь МАН-ын генсекийг ТӨХ руу довтлох шалтгийг бэлдэж өгсөн ажээ. С.Батболдод бол Д.Сугараар “оролдох” сонирхол байхгүй. Харин ч Д.Сугар шиг хүн түүнд ихээхэн “түшиг” болох учиртай. У.Хүрэлсүх дарга л Д.Сугарын суудлыг авахдаа оронд нь төрсөн нутаг Өвөрхангайд нь нэр дэвших эрхийг өгөхөөр болсон тухай эх сурвалжууд хэлж байна. Өвөрхангайн тойрог гэдэг МАН-ын хувьд “гүйдэлтэй” газар. Цэв цэнхэр тус тойргоос мандат өвөртөлсөн жишээ МАН-д гарын таван хуруунд багтахаар цөөн юм. 2000-2004 онд УИХ-ын гишүүн байсан Д.Сугар парламентын гишүүнээрээ улирахаар нэр дэвшсэн боловч З.Энхболдтой ясаа цайтал үзээд бараагүй түүх бий.
З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт нарын хашрууд тэнд өөрсдийгөө нэгэнт дархалчихсан тул Өвөрхангай руу Д.Сугар мэтийн золионы хүмүүсээ илгээхээ МАН-ын томчууд мэдэлгүй дээ. Тиймээс инээж байгаад л Өвөрхангайн тойргоо өгчихөж. Д.Сугар суудлаа тавьж өгөхгүй гэж гүрийсэн ч бүх төрлөөр нь дарамтлах боломж У.Хүрэлсүхэд байсан тул бууж өгөхөөс өор аргагүй байжээ.
Хэлж ярьсан, хийсэн үйлдэлдээ ихэнхдээ хий гаргачихдаг Д.Сугарыг “сугалаxад” тийм ч хэцүү биш бололтой. Хэчнээн ч тэрбумын үнэтэй нь мэдэгдэхгүй хаусаа “гайхуулж”, аймгийнхаа 80 жилээр нисдэг тэрэгнээс чихрээр “бороо оруулж” сюрприз барьдаг Д.Сугарт Өвөрхангайгаас гарах боломж тун бага. Бараг л байхгүй. Тиймээс түүний улстөрийн карьер “ТӨХ-ны дарга байлаа” гэдгээр нэгмөсөн дуусах нь тодорхой болж байх шиг. Тэр цагт нам нь тун цочир сюрприз барьсныг Д.Сугар ойлгоно.
Харин одоо Д.Сугарын оронд хэнийг ТӨХ-нд авчрахаар болсныг тандья. ТӨХ-ны дарга болох хүн тус байгууллагын Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Х.Хэрлэн ажээ. Түүнийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар гэж байх үед Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга байснаар нь хүмүүс илүүтэй мэдэх байх. Монголын хамаг баялгийг нааш, цааш болгох эрхтэй албан тушаалаа ашиглан туйлын богино хугацаанд хэмжээгүй ихээр баяжсан гэж хэвлэлээр ханатлаа цоллуулсан нөгөөх Х.Хэрлэн шүү дээ. Түүнийг дээрх албанд нь С.Баяр тавьсан бол ТӨХ-ны дарга болгох операцийг нь У.Хүрэлсүх гардан зохион байгуулж төрийн өмчийг, түмний мөнгийг мэдэлдээ байлгах санаагаа гүйцэлдүүлэхээр зүтгэж байна. Тиймээс л С.Баяр С.Батболд руу утасдаж ТӨХ-ны даргын томилгоонд хэл ам битгий гаргаарай гэж “тушаасан” биз.
Ер нь явж, явж Тавантолгойн их баялгийн хуваарилалтад л У.Хүрэлсүх өөрийнхөө нөлөөг байлгахын тулд ийм зүйл хийх болсноор эцсийн учиг нь тайлагдах ажээ. Нөгөөтэйгүүр нэгэнт эхлээд ужигран, бүр ил болоод байгаа зөрчилдөөндөө намын даргаа давж, хамгийн чухал агентлагийг нь салгах У .Хүрэлсүхийн давхар санаатай төлөвлөгөө хэрэгжиж эхлэв. Д.Сугарын дараа хэд хэдэн агентлагийн дарга ийм маягаар суудлаасаа сугарах гэнэ.
24tsag
URL: