Н.Хишигсүрэн: Даатгуулагч гурван багцаас сонгоод үзүүлэх боломжтой
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэнтэй ярилцлаа.
-“Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 40-65 насны даатгуулагчийн элэгний В, С вирусыг илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа энэ талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд энэ хуулийн 9.4-т даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд даатгуулагчийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдлээс нь шалтгаалж хамааруулна гэсэн заалт орсон.Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг үндэслэн судалгаа хийгээд 2017 онд ямар насны ямар бүлгийн хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах вэ? гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон эрүүл мэндийн яамны саналыг авч, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталгаажуулсан байгаа. Эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг харахад нас баралтын эхний шалтгаанд зүрх судасны өвчин, хоёрт хавдрын өвчлөл орж байгаа боловч хоол боловсруулах замын хавдар давамгайлж байгаа учраас даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд хоол боловсруулах замын өвчин, эмгэгийг илрүүлэх зорилгоор бол 40-65 насны даатгуулагчийг сонгосон. Тэгэхээр 40-65 насны бүх хүмүүсийг В, С вирусын илрүүлэх шинжилгээнд хамрууланэрүүл мэндийн даатгалын сангаас 2800 төгрөгөөр санхүүжүүлнэ.
-Илрүүлэх шинжилгээг ямар эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэх вэ?
-Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр дамжуулан аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төв хийнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол болон ХНХСайд, ЭМС-ын хамтарсан тушаалаар, дээрх үзлэг, оношилгоо, шинжилгээг хийх журам, шинжилгээний багц болон төлбөрийн хэмжээг нь баталсан. Зөвхөн В, С вирусыг илрүүлэх шинжилгээг даатгалын сангаас хариуцан 2800 төгрөгөөр үзүүлнэ.
Үүнийг ард иргэд болон эрүүл мэндийн байгууллагынхан С вирусын идэвхжлийг тоолох шинжилгээтэй андуурч ойлгох зүйл ажиглагдаж байна. С вирустэй хүмүүсийн хувьд нас харгалзахгүй эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан нэр бүхий 22 лабораторид С вирусээ тоолуулах шинжилгээнд хамрагдах боломжтой бөгөөд даатгалын сангаас 2 удаагийн вирус тоолуулах зардлыг бүрэн хариуцна. Даатгуулагчид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтооолоор баталсан 40, 45, 50, 55, 60, 65 насны 6 үечлэлээр 3 төрлийн багцаас аль нэгийг нь сонгоод хамрагдана.
-Ямар багцууд байгаа вэ?
-Нэгдүгээр багц нь дотор эрхтний архаг өвчнийг илрүүлэх, хоёрдугаар багц нь дотор эрхтэн болон үе мөчний архаг өвчнийг илрүүлэх, гуравдугаар багц нь хавдрын эрт илрүүлэх гэсэн багцууд байгаа. Энэ 3 багцаас даатгуулагч маань сонгоод үзүүлэх боломжтой, эрүүл мэндийн даатгалын сангаас 1 багцыг 50,000 төгрөгөөр тооцон санхүүжүүлнэ.
-Ямар эмнэлгүүд багцын шинжилгээг үзүүлэх вэ?
-Одоогийн байдлаар бид нийслэлийн хэмжээнд дүүргийн эрүүл мэндийн төв, аймагт бол нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүдтэй гэрээ байгуулаад явж байна. Цаашдаа бол төрийн эмнэлгийн ачааллыг буруулах үүднээс хувийн лабораторитой, энэ 3 багц шинжилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой хувийн эмнэлгийн судалгааг авч байна.
-В, С вирусыг эрт илрүүлэг, оношлогоо яг хэдэн хүртэл явагдах вэ?
-Журмандаа бол энэ оны 10 дугаар сарын 01 гэж заасан байгаа. Зун болоод ард, иргэдийн амралтын улирал эхэлж байгаа ч ямар ч байсан энэ хугацаандаа хийхийг зорилт тавин ажиллаж байгаа. Тухайн цаг үеийн байдлаас болоод хугацааг сунгах уу гэдэг асуудлыг шийдвэрлэнэ. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хувьд үйлчлэх хүрээний хүн ам, цэрэг хүчний байгууллагуудад энэ үйлчилгээг үзүүлэх боломжтой юу. Эсвэл тусгай сонгон шалгаруулсан байгууллага нь энэ үйлчилгээг үзүүлэх үү. Гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал их байгаа учраас хоёрдугаар шатлал болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаар хийлгэхээр болж байгаа.
-Эрүүл мэндийн даатгалын талаар мэдлэг дутмагаасаа болж эмнэлгийн ажилчид болон ард иргэдийн дунд түгээмэл гаргадаг алдаа нь юу вэ?
-Эдгээр хүмүүс маань даатгалынхаа үндсэн зарчмыг мэдэх ёстой. Эрүүл мэндийн даатгалын хуулинд зааснаар бол Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдах үүрэгтэй. Хуулиар хүлээсэн үүрэгтэй учраас эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөр эрүүл мэндийн эрсдэлд орсон үедээ даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа гаргуулах боломжтой.
Тэгэхээр ард иргэд маань шимтгэлээ хэдэн төгрөгөөр төлдөг, хаана төлдөг талаар мэдээлэл хомс байдаг. Өөрийн оршин суугаа харьяаллын дагуу аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс болон ТВ, радио, нийгмийн даатгалын цахим хуудаснаас мэдээлэл авахаас гадна тараах материал, брошур авч болно. Мөн тухайн онд төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталдаг, тэр хэмжээгээр төлөх ёстой. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн тохиолдолд даатгалын сангаас 16 төрлийн тусламж, үйлчилгээний зардал авах боломж нь нээгдэнэ.
-Зарим иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа төлөх шаардлагагүй гэсэн хандлагатай байдаг. Даатгал төлснөөр даатгуулагчид ямар давуу тал бий болдог вэ?
Эрүүл мэндийн даатгал нь эв санааны зарчим дээр тулгуурлаж байгаа. Тийм учраас хуулиараа хүн бүр даатгал төлөх үүрэгтэй. Даатгуулагчид маань “Би өвдөөгүй эрүүл мэндийн даатгал төлөхгүй, төлөөд ямар ач хобогдолтой юм бэ?” гэж их асуудаг. Тэгэхээр эв санааны зарчим гэдэг нь өнөөдөр ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүс нь ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсээ, санхүүгийн боломжтой нь боломжгүй хүмүүсээ, залуу хүмүүс нь настай хүмүүсээ дэмжсэн ийм л тогтолцоо байгаа юм. Өнөөдөр та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөд, даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй ч гэсэн таны ард байгаа аав, ээж, ахмад настан, бага насны хүүхдүүд эрүүл мэндийн эрсдэлд өртөмтгий ийм хүмүүсийн өмнөөс даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаад явж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого бүрдэж байж, даатгалын сангаас эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий 1100 гаруй байгууллагаар дамжуулан тусламж, үйлчилгээний зардлыг олгож байгаа. Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар даатгуулагч 16 төрлийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулах эрхтэй болно. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ ерөнхийдөө харьцангуй бага байдаг. Ажил, хөдөлмөр хийж байгаа хүмүүс цалингаасаа дөрвөн хувийг төлж байгаа. Үүний 2 хувийг өөрөө, 2 хувийг ажил олгогч нь төлдөг. Харин ажил, хөдөлмөр эрхлээгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, малчид болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь буюу зөвхөн энэ оны хувьд 57,600 төгрөг төлж байгаа. Жилдээ 57,600 төгрөг төлөөд тухайн даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд 2 сая хүртэлх зардлыг гаргуулах боломж нь нээгддэг. Их, дээд сургуулийн оюутан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь буюу жилдээ 28,800 төгрөг төлдөг.
-Даатгуулагч амралт, сувилалд амрах тохиолдолд ямар хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой вэ?
-Даатгалын хуулиар бол даатгалын байгууллага нь магадлан итгэмжлэгдэж, сонгон шалгаруултанд тэнцсэн эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулж тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас санхүүжүүлдэг. Энэ онд манай байгууллага улсын хэмжээнд 50 орчим сувилалтай даатгалын гэрээ байгуулан ажиллаж байна. Даатгалын гэрээ байгуулсан сувилалд сувилуулсан тохиолдолд даатгалын сангаас 110,000 төгрөгний хөнгөлөлтийг олгоно. Жишээлбэл тухайн сувилал нэг ор хоногийн 30,000 төгрөгний төлбөртэй гэж бодвол 10 хоноход 300,000 төгрөг, үүнээс 110,000 төгрөгийн хөнгөлөлтийг хасаад 190,000 төгрөгийг даатгуулагч өөрөө төлнө гэж ойлгоно.
-Жишээ нь сайн дурын даатгуулагч манай эмнэлгээр 7 сард үйлчлүүлэхээр цаг авсан мөртлөө 7 сарын эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй тохиолдолд бид даатгалаа төлөхийг шаардах нь зөв үү?
-Сайн дурын даатгуулагчийн хувьд эрүүл мэндийн даатгалын хуулиар бол шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч хагас болон бүтэн жилээр даатгалаа төлөх үүрэгтэй. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс “Зөрчлийн тухай хууль” хэрэгжиж байгаатай холбогдуулан 07 дугаар сарын 01 гэхэд шимтгэлээ төлөөгүй тохиолдолд шимтгэлээсээ гадна давхар торгууль төлөхөөр байгаа тул шимтгэлээ хугацаандаа төлөөрэй гэж хэлмээр байна.
-Даатгалын сангаас даатгуулагчийн амбулаторийн үзлэгийн хэдэн удаагийн зардлыг хариуцдаг вэ?
-Мэс заслын бус дотрын чиглэлийн амбулаторийн кабинетад 15,000 төгрөг, мэс заслын чиглэлийн амбулаторийн кабинетад 16,200 төгрөгийг даатгалын сангаас улсын эмнэлгүүдэд олгож байгаа. Амбулаторийн тухайн кабинетад нэг оношоор эхний үзлэг болон оношлогоо, шинжилгээний хийлгэсний дараах давтан үзлэгийг санхүүжүүлж байгаа тул 3 дахь удаагийн үзлэгийн төлбөрийг даатгалын сан хариуцахгүй. Тухайн эмнэлгийн дарга баталсан тушаал дээрээ энэ талаар тодорхой заасан байдаг.
-Амбулаторийн мэс заслын кабинетын мэс ажилбар гардан үйлдсэний төлбөрийг даатгалаас санхүүжүүлдэг үү?
-Мэс заслын амбулаторийн кабинетын үзлэгийн бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, мэс заслын нэг удаагийн хэрэгслийн үнэ гээд бүгд орсон байдаг тул даатгалаас санхүүжүүлдэг гэж ойлгоно.
-Бидэнтэй ярилцах цаг зав гаргасанд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа.
URL: