Хар тамхины хэрэгт холбогдсон Дипломатчидтай хариуцлага тооцдог гэсэн чинь хаа байна?

Дэлхийн хамгийн их ашиг орлоготой бизнесийн жагсаалтыг тэргүүлдэг  хар тамхины наймаанд нэр холбогдсон Монголын дипломат албаны эрхмүүдийн жагсаалтыг нэгээр нэмэгдүүлсэн байж болзошгүй ОХУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтан Авирмэдын Батсайханы талаар манай сайт анх мэдээлсэн. Варшав дахь Монгол Улсын ЭСЯ-нд 2003-2007 онд алба хашиж байсан, өдгөө Москва дахь Элчин сайдын яаманд Хоёрдугаар нарийн бичгийн даргын алба хашдаг  тэрбээр хуулийн дагуу дипломат албан тушаалтан юм.

Учир нь Дипломат албаны тухай хуулийн Гуравдугаар бүлгийн  9.1-т  Дипломат албанд ажиллагчдыг дипломат ажилтан болон үйлчилгээ, техникийн ажилтан гэж ангилна хэмээн заасан бол  мөн хуулийн Дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалд хамаарах албан тушаалуудын жагсаалт бий. Тэнд дурдсанаар Нарийн бичгийн даргын албан тушаал нь дипломат албан тушаалтан учраас А.Батсайхан нь дипломат албан тушаалтан.

Түүнийг 3 хоногийн өмнө Польшийн хил дээр саатуулагдсан,  яг ямар үндэслэлээр баригдсаныг нь тодруулах гэж байна  гэх мэдээллийг ГХЯ-наас өгч байгаа юм. Гэхдээ хар тамхи тээвэрлэж яваад баригдсан гэдгийг нь  баттай эх сурвалжууд хэлж буйг энд тодотгох нь зөв биз ээ.

Хэрэв хар тамхи хил давуулахыг завдсан хэрэг үйлдсэн нь бат ноттой тогтоогдвол  дипломат албан тушаалтных нь үүднээс тухайлан авч үзвэл Монгол Улсын нэр хүндэд харшилахуйц үйлдэл болж таарах юм.

Ер нь бол Монгол Улсыг төлөөлөн хилийн чанадад сууж байгаа дипломат байгууллагын ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдож, Монгол Улсын нэрийг саараар гаргасан тохиолдол цөөнгүй.  Дипломат албаны тухай хуулиндаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба гэнэ хэмээн заачихсан байдаг. Гэтэл энэ өндөр хариуцлагатай албаны нэр хүндэд мууг дагуулсан үйлдлийг зарим дипломатчид үйлдэж байгаа нь харамсалтай.

Тэгэхээр өмнө нь хар тамхины хэрэгт нэр нь холбогдож байсан дипломат албаны эрхмүүдийг эргэн сануулахад цөөнгүй эрхмүүдийн нэр гарах нь.

Олны сонорт хүрч мэдэгдсэн 20-иод хэрэг байдгаас  дипломатч Д.Шатарбалын хэрэг ихээхэн дуулиан дагуулж байв. Тэрбээр Болгар дахь Монголын Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байхдаа дипломат дугаартай албаны машиндаа 23 кг хар тамхи тээвэрлэж яваад тус улсын цагдаагийн байгууллагын ажилтнуудад баригдсан байдаг. Тэр зөвхөн тээвэрлээд зогсохгүй, хар тамхи зарж борлуулдаг бүлэг этгээдүүдтэй  хамтран ажилладаг нь тогтоогдсон. Түүнд  холбогдох хэргийг  Монгол Улсын мөрдөн байцаах газар гурван жил шалгасан. Шүүх түүний хэрэгт  эхлээд чанга дэглэмтэй хорих ангид арван жилийн хорих оноосон байдаг. Тухай үед түүний өмгөөлөгч “Тэр хэрэгт энэ хүн ямар байдлаар оролцсон нь мэдэгдээгүй, мэдэгдэхгүй байгаа. Яаж оролцсоныг тогтоогоогүй байна. Зөвхөн тээвэрлэсэн юм уу эсвэл шагнал авна гэсэн юмуу, хувь хүртэнэ гэсэн юм уу гэх зэрэг асуудал байсан уу гэдгийг тогтоогоогүй. Хэрэгт яаж оролцсоныхоо хэмжээгээр хүн хариуцлага хүлээх ёстой. Д.Шатарбал тээвэрлэсэн гэдгээр хариуцлага хүлээхээс биш, худалдан борлуулахыг завдсан гэж хариуцлага хүлээх ёсгүй юм. Борлуулах зорилго байсан гэдгийг тогтоочихоод арван жилийн ял оногдуулах ёстой. Тогтоогоогүй байж ял өгч байгаа нь хүнддээд явчихаж байгаа юм” хэмээн өмгөөлж байж. Харин одоо Д.Шатарбал эрхэм  эрх чөлөөтэй байгаа юм.

Мөн ийм хэрэгт ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байсан н.Ганболд хэмээх эрхэм холбогдсон байдаг. Түүнийг  Болгар дахь ЭСЯ-нд ажиллаж байхаасаа эхлэн тамхины наймаа хийсэн. Баригдах үедээ өөрийн гэр бүлийнхэн болон ОХУ- дахь манай улсын  ЭСЯ-ны ажилтнууд зэрэг 10 гаруй хүнтэй хамт явсан гэх мэдээлэл байдаг. Тэд Герман улсын хилээр хар тамхитай нэвтрүүлэх гэж байгаад баригдаж байж.

Өдгөө ХБНГУ-д Монгол Улсаа төлөөлөн Элчин сайдаар сууж байгаа Б.Даваадорж ч ийм хэрэгт холбогдон, шалгагдаж байсан.  Мөн хар тамхины хэрэгт нэр нь холбогдож байсан дипломат байгууллагын албан тушаалтай эрхмүүдийн  жагсаалтыг тодруулах үүднээс сэтгүүлч   Д.Дагвын нийтлэлээс доорх нэрсийг авсанаа тодотгох нь зөв биз ээ. Ер нь бол доор нэр нь дурдагдах эрхмүүд хар тамхины хэрэгт холбогдсон тухайн үеүүдэд хэвлэлүүд мэдээллийг хүргэж байсан юм.

Гадаад хэргийн дэд сайд асан Ц.Цолмон, Австри улс дахь  ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан С.Эрдэнэ, Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан Баярхүү, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат нарын нэрс байх юм. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Далайжаргал эрхэм ч  Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа ийм хэрэгт холбогдож байж. Мөн  Унгар  дахь  ЭСЯ-нд ажиллаж байсан Цэрэнсодном, Беларусьт Консулаар сууж асан Х.Болдбаатар, Франц дахь ЭСЯ-ны Элчин зөвлөхийн алба хашиж байсан Б.Санжмятав нар хар тамхины хэрэгт орооцолдсон бол, одоо Чех улсад Элчин сайдаар сууж буй  С.Цоггэрэл эрхэм  ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдож байжээ. Мөн Болгар дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан Г.Дашдаваа хар тамхины хэрэгт холбогдож байж.

Эндээс харахад зарим эрхэм нь эргээд дипломат албандаа ажиллаж байгаа юм. Уг нь Дипломат албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл. Дипломат ажилтанд ногдуулахсахилгын шийтгэл гэсэн хэсэг байх юм. Тэнд Дипломат албаны тухай хууль, өргөсөн тангараг, ёс зүйг зөрчсөн дипломат ажилтанд сахилгын тусгай дүрмийн дагуу шийтгэл ногдуулна.Сахилгын тусгай дүрмийг Засгийн газар батална гэж заасан байдаг.

Тэрчлэн ГХЯ-наас одоо өгч буй мэдээллээр бол хар тамхины хэрэгт нэр холбогдсон дипломатчидад бүгдэд нь  сахилгын тусгай дүрмийн дагуу шийтгэл ногдуулсан гэнэ. Эргээд дипломат албанд ажиллах эрхгүй болгосон гэнэ. Гэтэл хар тамхины хэрэгт холбогдсон хоёр ч эрхэм хилийн чанадад тодруулбал, АНУ-д, ХБНГУ-д Монгол Улсыг төлөөлсөн Элчин сайдаар сууж байгаа нь хачирхалтай.

Богема


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 June 2016

энэ хулгайчуудыгаа буудчихдаг ч болоосой доо.

Сэтгэгдэл бичих