Х.БАТТУЛГА: ЗАЛУУЧУУДЫГ ЭХ ОРОНЧ, ҮНДЭСНИЙ ҮЗЛЭЭР ХҮМҮҮЖҮҮЛЭХЭД АНХААРНА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал цэргийн үлээвэр найрал хөгжимд эгшиглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга ”Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүнд хариуцлагатай үүргийг буурал түүхийн олон нугачаанд хэлбэрэлтгүй сахин биелүүлж, эх орондоо дайн тулаангүй, амар тайван амьдрах их түүхэн замнал, ололт амжилтыг улбаалан авч ирсэн Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн та бүхэнд баяр хүргэе.
Монгол төрийн тусгаар тогтнолын тулгуур нь төрийн цэргийн байгууллагууд байж, төр, ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай албаа итгэл төгс биелүүлж, эх орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулахад та бүгдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээс ихээхэн хамаарах болно гэдгийг тэмдэглэж байна.
“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгээр улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах үндсэн чиглэлийг тодорхойлсон тул Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, төрийн цэргийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн боловсронгуй болгоход нэн тэргүүнд анхаарч, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болон тайван цагт хамтран үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.
Зэвсэгт хүчний цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэрэг-улс төрийн өндөр мэргэжлийн стратегич офицеруудыг бэлтгэх, агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэх гээд олон асуудлыг Та бид хамтран шийдвэрлэх шаардлага гарч байна.
Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зориулалт бүхий цэргийн анги, салбарыг бэхжүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь зохицсон цэргийн болон тусгай техникээр хангах, улмаар цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулан ажиллах хүчний мэргэшсэн нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн “Нэг цэрэг-нэг үндэстэн” зэрэг хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд түлхэц болно гэж үзэж байна.
Монгол Улсын зэвсэгт хүчин залуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх, эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэхэд идэвхитэй, санаачилгатай оролцдог, хамтран ажилладаг эв нэгдэлтэй, нэг зорилгод төвлөрч чаддаг болоход анхаарч, Та бүхнийг олон талаар шахан шаардаж, сайн үйл хэрэг, сайн цэргийн мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно.
Монгол Улсын зэвсэгт хүчнийг улс төрийн нам эвсэл, бүлэглэл, арилжаа бизнесийн холбооноос холдуулж, жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой гэдгийг энд зориуд анхааруулж байна.
Хоёр хөрш орон болон бусад гадаад орны төрийн цэргийн байгууллагатай байгуулсан цэргийн, цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Олон улсын хамтарсан сургалт дадлагыг үр өгөөжийг нэмэгдүүлж, урт хугацааны хөтөлбөрөөр мэргэжлийн өндөр бэлтгэлжилт бүхий бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыг Та бид хамтран хэрэгжүүлж чадна гэдэгт Би итгэл төгс байна.
Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уриалж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн сүлд хийморь бадран мандаж байх болтугай” гэлээ.
URL: