Жолооны үнэмлэхийг аравдугаар сараас хэвлэнэ

Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах явдал гардаг.

 10602

2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсож жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж буйгаас жолооны үнэмлэх хэвлэх ажил удаашрах болсон тухай мэргэжилтнүүд тайлбарладаг.

Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг энэ жил Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж 2017 оны тавдугаар сарын 03-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад 5 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан байна.

Нээлттэй тендер шалгаруулалт хуулийн хугацаандаа дахин зохион байгуулагдаж жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт 2017 оны аравдугаар сараас хийгдэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар  жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвд иржээ.  Эдгээр иргэнд Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байна.

Харин жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой.

Г.Тэгшсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих