Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтон амиа хорложээ
Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтон өчигдөр амиа хорлож хорвоог орхижээ. Түүний гэр бүлийнхэн, хамтлагийн гишүүд, фенүүдэд нь энэ мэдээ хүндээр тусч ийм шийдвэрт хүргэх юу тохиолдсоныг нь гайхаж байгаа аж.
Энэ жил 41 нас хүрсэн Честер гэртээ ганцаараа байхдаа унтлагийнхаа өрөөндөө хоолойгоо боомилон амиа хорлосон байдалтайгаар нас барсныг нь гэрийн үйлчлэгч нь олсон байна.
Хоёр гэрлэлтээс 6 хүүхэдтэй Честерийн хувьд хар тамхи, архинд донтож бөгөөд дотны найзуудынх нь тодорхойлсноор их хаалттай, дотогшоо зантай хүн байжээ. Linkin Park хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгийн сүүлд энэ сарын 7-нд Английн Бирмингхэмд тоглолт хийсэн юм. Честерийн бага болон өсвөр нас хүндхэн өнгөрсөн байдаг. Түүнийг 11-тэйд эцэг эх нь салснаар хүү кокайн зэрэг мансууруулах бодис хэрэглэх болж, үргэлжид архи үнэртүүлж явдаг байжээ. Энэ үе гэхдээ түүний амьдралын хамгийн хүнд хэсэг нь байгаагүй юм. Честер хүү 7 настайдаа өөрөөсөө хэд ах найз хөвгүүндээ хүчирхийлүүлж байсан гэдэг.
Анхны гэрлэлт нь бүтэлгүйтэж, хэсэг сэтгэл гутралд орж мансууруулах бодисын хэрэглээ нь аюултай түвшинд очиж байсан үе ч түүнд бий. Харин хоёр дахь гэрлэлтийнхээ дараа тэрээр амьдралаа дахин шинээр эхлүүлж, бүхий л муу зуршлаасаа ангижирна хэмээн гэр бүлийнхэн, хамтлагийнхан, фенүүддээ амлаж өөрчлөлтийг эхлүүлсэн нь 2007 он билээ.
Linkin Park хамтлагийн хамгийн сүүлд гаргасан 6 дахь цомог болох One More нь энэ жилийн тавдугаар сард худалдаанд гарсан даруйдаа Биллбордын жагсаалтыг тэргүүлж, борлуулалт сайтай байлаа.
Честер Беннингтоны амиа хорлож нас барсанд дэлхийн одууд эмэгнэл илэрхийлцгээж байна. Тэд бүгд түүнийг одоо энэ дэлхийгээс илүү гайхалтай, тайван амгалан оронд очсон хэмээн итгэж байгаагаа бичицгээжээ.
URL: