Геологич Д.Бат-Эрдэнэ: -“SouthGobi Resource” компани хятадын мэдэлд орвол монголын нүүрсний зах зээл унана

SouthGobi Resource” компанийн талаар сүүлийн үед хэвлэлүүдээр багагүй бичигдэх боллоо. Манай улсын баялгийг эзэмшиж буй тус компанийн вэб сайт нь ямартай ч монгол биш хятад, англи хэл дээр байдаг юм байна. Тус компанийн талаарх шуугианы үнэн мөнийг мэдэхээр анх тус компани байгуулагдаж байх үед ажиллаж байсан мэргэжлийн хүнээс дуулианы эргэн тойронд байгаа асуудлыг сонирхсон юм.

-“SouthGobi Resource” компанийн үүсэл гарлын талаар яриагаа эхэлье?

-Тус компанийн ихэнхийг нв Айвенхоу майнз эзэмшдэг тус компаний охин компани гэдэг нь хэнд ч нууц биш. Тус компанийн нүүрсний экспедиц анх 2006 онд монголд үйл ажиллагаа явуулах эрхээ авсан. Хөрөнгийн биржид “SouthGobi Resource” нэрээрээ хувьцаа гаргасан. Анх тус компанийн бүх лиценз Айвенхоу майнз компанийн нэр дээр байсан боловч сүүлд нь шилжүүлсэн. Гэвч энэ нь компанийн хувийн асуудал. Ийм зүйл байж болно л доо.

-Уг нь тийм. Гэтэл манай газар доор баялаг нь байгаа энэ ордыг хятадуудын мэдэлд очих нь гэх боллоо. Тус компанийн хувьцааны ихэнхийг хятадууд авчихсан гэх юм?

-“SouthGobi Resource”-ийн хувьцааны 29,9 хувийг нь хятадууд авсан гэдэг нь хэнд ч нууц биш. Үүнийгээ зарлачихсан байгаа. Хятадаас 500 сая доллар зээлж авсны оронд нь 29,9 хувийг нь авчихсан. Олон улсын хөрөнгийн зах зээлийн жишгээр 40 хувь нь хэн нэгний эзэмшилд ороход компанийн эрх мэдэл шилждэг. Одоогоор тус компанийн хувьцаа Торонто, Гонконгийн бирж дээр арилжаалагдаж байгаа.

-Монголчууд авч чаддагүйн болов уу?

-Хувьцааных зах зээлийн үнэ нь оны эхээр 2,3 тэрбум доллар байсан. Хувь хүмүүс, компаниуд авсан байдаг. Олон монгол хүн авч, бас зарж л байдаг л даа. Гэхдээ энэ нь хятадын эзэмшлийг бодвол бага.

-Харин хятадууд ингэж их хэмжээгээр аваад энэ компанид эзэн суучихвал Үндэсний аюулгүй байдалд их, бага ямар нэгэн хэмжээгээр аюултай санагдаж байна?

-Манай улсын бодлого байх хэрэгтэй. Хэвлэлээр бичиж байгаа зүйлс ортой. Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр-билүүт их хэмжээний нөөцтэй нэг сав газарт байдаг. Нийт нөөц нь тэрбум шахуу тонн. Үүнийг урд хөршийнхөн ямар нэг байдлаар авчихвал хятадууд ямар үнээр зарах, яах нь тэдний мэдэлд нь очно. Нарийн сухайтын ордын хажуу бөөрөнд нь буюу, уулын ар өвөрт байдаг ордууд. Нүүрсний нэг үеийг хоёр МАК болон “SouthGobi Resource” компаниуд авсан гэсэн үг юм. Тавантолгой ч бас иймэрхүү 4 орд нийлүүлсэн том ордыг нэгтгэсэн Стратегийн орд юм.

-Тэгвэл бидний хятадад алдах гээд байгаа орд төрийн мэдэлд байх ёстой Стратегийн орд юм биш үү?

-Уг нь геологи талаас нь ярьвал эдгээр ордууд стратегийн ордод багтах ёстой. Нарийн сухайтын ордыг Стратегийн ордод оруулах үеэр Овоот толгойн ордын хайгуул явагдаж байсан. Хэдхэн сарын дараа нөөц нь батлагдахад төрийнхөн энэ хоёр чинь нэг л орд юм биш үү гэж ярьж байв. Нарийн сухайтыг стратегийн орд гэж зарласан боловч хил зааг, хэмжээг нь өнөөг хүртэл тогтоогоогүй, нарийн яривал Овоот толгойн орд Стратегийн ордод орох магадлалтай. Аль хэсгийг нь Стратегийн орд гэдгийг хэн ч зарлаагүй, мэдэхгүй байна.

-Энэ их баялаг ингэж гадныхны үнэгүй хоол болж байхад энэ талаар хэн зарлах, хэн мэдэх ёстой вэ?

-Засгийн газар хуулиа хэрэгжүүлвэл Нарийн сухайтын хил заагийг тодорхой тогтоох ёстой. ЭБЭХЯ үүнийг хариуцах ёстой. УИХ-ын 2007 оны тогтоолоор хил зааг тогтоох үүргийг өгсөн боловч хэрэгжээгүй байна. Энэ асуудалд монголын геологийн салбарынхан санаа зовж байна. Оюутолгойн 30-40 цуврал ордууд шинээр гараад ирлээ. Энэ ордууд орж байгаа эсэх нь ч бүү мэд. Төрийн байгууллагынхан мэргэжлийн холбоод хувийнхан, төрийнхөнийг оруулсан ажлын хэсэг байгуулах ёстой.

-Ажлын хэсэг бий юу?

-Би л лав сонсоогүй, одоо хүртэл тогтоогоогүй байхыг бодвол нэг бол ажлынхэсэг бхгүй, эсвэл тэд ажлаа хийгээгүй байна.

-“SouthGobi Resource” компанид монгол хүн бараг байхгүй боллоо гэх юм?

-Намайг ажиллаж байхад ердөө 6-7 гадаад хүн ажиллаж байсан. Удирдлагуудын хурал болоход 10 хүнээс 3 нь гадаад байдаг байв. Өнөөдрийн байдлаар ихэнх монголчуудыг халсан, зарим нь өөрийн хүсэлтээр гарсан. Тэр үед бид компанийн төлөө, компани биднийг гэсэн сэтгэлтэй байв. Одоо гадны гар хөлүүдээр компани дүүрсэн. Ажилчдын дунд анх байгуулаглаж байх үеийн юм хийх юм сан гэсэн ирмүүн сэтгэл байхгүй болсон .14 хоног ажиллаад бушухан амарч, ялаас салъя гэсэн бодолтой болсон байна лээ. Гадныхны бодлого бидний үеэс огт өөр болсон.

-Уг нь зам, баяжуулах үйлдвэр барина гэж байсан гэл үү?

-500 сая долларын зээл хятадаас авсан ш дээ. Тэр мөнгийг монголд оруулж ирэх үеэр би ажиллаж байсан. Өнөөдөр тэр мөнгө нь юу ч болоогүй замхарсан.  500 сая төгрөгийн зээл авсан гэх боловч, монголд орж ирээгүй хаа нэгэн газар эргэлдэж байна. 2009 оны 11 сард гэрээ хийсэн боловч өнөөг мөнгө нь алга, монголд хамаагүй болсон. 2013 онд баяжуулах үйлдвэрийг барихаар зураг төсөл нь гарсан байв. Биднийг ажиллаж байх үед бүх зүйл нээлттэй байсан бол одоо нууц болсон. Лейбхер шатаачихаад шалгуулалгүй нуучихаж байх жишээтэй. Засмал зам нь сүүлдээ  шороон зам болж хувирсан ч одоо аль нь үгүй байнга осол гарсаар байна. 500 сая долларын зээлийнхээ оронд хятадууд хувьцааг нь авчихсан учраас энэ мөнгийг өгөөгүй. Хэн нэгнийх нь гарт эргэлдэж баяжуулж байгаа. Зээл биш болсон. Энэ зээл нь зээлийнхээ оронд хувьцааг өгч болдог богино хугацааны хөрвөл зээл байсан. Одоо 21 хувийг авчихвал тус компани шууд хятадын мэдэлд орно.

-Хятадуудын мэдэлд энэ их коксжсон нүүрстэй орд орвол манай нүүрсний зах зээлд бүр эзэн суух уу?

-Өнөөдөр монголд ажиллаж байгаа МАК, Таван толгой хятадуудыг үнээ буулгавал дагаад үнээ буулгах болно. Хятадууд 80 доллараар нүүрсээ зарвал Тавантолгойгоос нүүрс авахаа болино. Тавантолгойн эсрэг гол өрсөлдөгчийг нь бэлдэж өгч байна. Зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй хятадууд хятадуудыгаа л авчирна бид ямар ч хориг тавиад дийлэхгүй, монгол хятадын хооронд зөрчил үүсвэл яах вэ. Өмнөговийн Гурвантэс сум хятадын нэг хэсэг болчих вий. Тэд хүсвэл зам, баяжуулах үйлдвэр алиныг нь ч барих байв. Хийж байгаа зүйлийг нь хэн ч мэдэхгүй. “SouthGobi Resource”-ийнхэн ордоо зарах гээд албаар ингэж ашиггүй нэрийн дор ажиллаж байгаа хүмүүс ярьж эхэлсэн. Эзэмшигч канадууд нь  Хятадуудад зарчихаад явчих амархан. Улс үндэсний аюулгүй байдлынхаа төлөө анхаарах ёстой. Төмөр тэр чигээрээ хятадынх, бас цайр 100 хувь, газрын тос, жоншийг авчихлаа. Одоо уран руу орно гэж байна. Хятадуудыг муу гэж байгаа юм биш бид оронд нь байсан бол ийм л бодлого барих байсан. Тэд өөрийнхөө нөөцийг үлдээе, гадаад орнуудынхыг ашиглая. Африкийн ихэнх баялаг хятадууд авсан. Монгол улс бодлоготой байгаач л гэсэн санаа.

-Хятадуудын бодлого үнэхээр айхтар юм аа?

Хэрвээ “SouthGobi Resource” хятадуудын мэдэлд орвол говийн бүс, нүүрсний орд хятадынх болно.

Хятадууд их мөнгөтэй болчихсон, говийн бүсэд байгаа ихэнх ордыг хятадууд авах сонирхолтой байгаа. Монголчуудын ард Гонконгийн болон бусад хятадууд байгаа. Хятад манайхыг эзлэхгүй, гэвч бид зөвхөн хятадын эдийн засгийн сайн сайхны төлөө ажиллаад бүх ашиг шимийг тэд авдаг бид боол болно гэсэн үг. Манайх хил залгаа учир хятад хамгийн боломжийн, мөн манай хууль зөөлөн тэдэнд амар. Хятад, оросын хууль гадныхны орох боломжийг хаасан байдаг.

-Засгийн газрын бодлого энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ?

-Тийм. Монгол стратегийн ордод хамруулаад өөрийнхөө хувиа аваад ажиллах ёстой. “SouthGobi Resource”-ийн  хувьцаа унаад байгаа. Энэ үед хэн мөнгөтэй нь ороод худалдаад авчихвал олон улсын хуулиар манайх яаж ч чадахгүй. Төрийнхөн анхаарлаа хандуулахгүй бол Тавантолгой, Оюутолгой гэж хэрэлдсээр байтал нэг л өдөр ийм юм болчих вий. Ухаахудгаас том, тавантолгойгоос арай жижиг боловч тэрбум тонны нөөцтэй. Энэ уурхайн давуу тал нь хилээс ердөө 50 хан км, Тавантолгой бол 200 гаруй км. Нүүрсний сав газарт анхаарлаа хандуулаач ээ гэж салбарынхныхаа нэрийн өмнөөс хэлэх байна.

- Яахаараа манай бүх их баялагтай лиценз гадныхны мэдэлд орчихов оо?

2004 онд “SouthGobi Resource”  компани эрлийн ажил хийж эхэлсэн. Айвенхоу майнзын нүүрсний хэсэг нь 2004 сүүлээс ажлаа эхэлсэн. 1997 оны тэр хавийн бүх лицензийг Айвенхоу Майнз авсан байсан. Хууль нь тийм байсан болохоор тэр хавийн бүх газрын лицензийг хамсан. Нэг хувь хүнд 200 лиценз байлаа шүү дээ. Лицензийн наймаа тэр үеэс эхэлсэн. Гадныхан зах зээлд түрүүлээд орчихсон, мөнгөтэй хүмүүс. Тэд хэдэн саяар нь лиценз авсан.

1997 оны хуулиар хүссэн бүхэнд лицензээ тараагаад дууссан. Одоо Ашигт малтмалын тухай шинэ хуулийг  Ерөнхийлөгч УИХ-д оруулна гэж ярьсан. Захиалгатай хуулиуд амархан гардаг харин энэ хууль батлагдахгүй байсаар л байна. 1997 онд М.Энхсайханыг Ерөнхий сайд байхад П.Очирбат, Н.Багабанди хоёр хоёулаа байх үед Ашигт малтмалын тухай хууль сарын дотор батлагдсан. Төрийн мөнгөөр хийсэн ордуудыг тусад нь өгөөгүй, зүгээр адилхан тараачихсан.

-1997 оны хууль яагаад ийм хөгийн хууль болсон юм бол?

-1995 онд намайг яаманд ерөнхий геологичоор ажиллаж байхад дэлхийн банкны шугамаар их нээлттэй, тухайн засгийн газрын оролцоог тэг хувь болгосон хууль орж ирж байсан. Дараа нь Шотландад сурч байхад монголд ийм хуулийн төсөл батлуулах гэж байгаа гээд надад үзүүлсэн нь яг тэр хууль хэвээрээ жилийн өмнө дэлхийн банк надад үзүүлсэн хууль байж байв. Ямарваа том олон улсын корпорациуд монголд ороход хуулийг нь судладаг. Дэлхийн банк том компанийн захиалгаар манай ашигт малтмалын тухай хуулийг тухайн үеийн УИХ-ын гишүүдээр ярс хийтэл гар өргүүлэн батлуулсан юм даа. Гэхдээ эдийн засгийн хөрөнгө оруулалтын талаасаа сайн зүйл энэ хуульд бий. Харин өнөөдөр энэ хуулийг өөрчлөх цаг нь болсон. Гол нь юм хийдэг мэргэжлийн хүмүүст эрх мэдэл өгөх ёстой.

-Хууль хурдан гарч, засаг анхаарахгүй бол бид алтан дээр суусан гуйлгачин гэдэг үг үнэн болох нь ээ?

-Бодлоготой хандахгүй бол манай баялаг олон улсын луйварчдын баяжих нүх болж байна. Монголчуудыг сарын 5-10 мянгын цалингаар хуураад л болоо. Гадныхан шал худлаа луйврын юм хийгээд хувьцаагаа өсгөөд явж байгаа. Олон улсын луйварчдын газар болчих вий. Засгийн газар зөвхөн Тавантолгой, Оюутолгойг яриад цаана нь маш олон зүйл байхад яагаад бусдад нь анхаарал тавьж болохгүй гэж. Монголчуудын бодлого гадныхны бодлого. Засгийн газрын байр суурь намын байр суурь учраас ийм зүйлс засгийн газар ярихгүй, эсвэл хэт радикал юм ярих л юм даа.

Б.Жонон

URL:

Сэтгэгдэл бичих