Хариуцлага нэхье: Нийслэлд гарсан шүлхий өвчнийг нуух сонирхол хэнд байв!?

1Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо буюу Тахилтад өнгөрсөн зургадугаар сард малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Гэвч холбогдох албаныхан энэ талаарх мэдээллийг олон нийтээс ор тас нуусан нь ил боллоо.

Уг нь бол олон нийтэд мэдээлэл хүргэж сэрэмжлүүлэх учиртай. Гэтэл тэгсэнгүй. Тахилтын зам дагуух цөөн хэдэн дэлгүүрт малын гаралтай бүтээгдэхүүн /сүү, тараг, ааруул гэх мэт цагаан идээ, мах/ худалдахыг л хориглож. Мөн үхрээс нь шүлхий өвчин илэрсэн айлын хашааг тойруулан хөл хорио тогтоож, өвчтэй үхрийг устгасан цэгийг тойрон харуул манаа гаргаснаас хэтэрсэнгүй. Энэ арга хэмжээ нь нүглийн нүдийг гурилаар хуурахтай яг ижил зүйл болов. Яагаад гээч.

Яагаад гэвэл шүлхий өвчин нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм.

Шүлхийн вирус маш хувьсамтгай. Хүрээлэн буй орчинд: Тухайлбал, хуурай материалын гадаргад 14 хоног, хүйтэн нөхцөлд 6 сар, шээсэнд 39 хоног, хавар, намар хөрсний гадаргууд 28 хоног, зун хөрсний гадаргууд 3 хоног тус тус амьдрах чадвартай.

Халдварын голомт буюу өвчний халдварыг тараах үндсэн эх үүсвэр нь халдварласан, өвчтэй, өвчилсөн мал, амьтан, тэдгээрээс ялгаран гарсан шүлхийн вирустэй шүлс, сүү, баас, шээс мэтийн зүйлсээр бохирлогдсон гадаад орчин юм. Вирусээр бохирлогдсон малын хашаа, саравч, бууц, ус, бэлчээр, малын тоног хэрэгсэл, сав суулга, хөдөлмөрийн багаж, тээврийн хэрэгсэл, хувцас гэх мэт юм.

Дамжуулагч хүчин зүйлс нь мал, амьтан болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, гэрийн малд,  харин өвчилсөн  зэрлэг туруутан бусаддаа  дамжуулах замаар халдварлах өндөр магадлалтай, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт \экспорт, импорт\, Өвчний халдварын голомт бүхий бүс нутгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэн нийлүүлэх үед өвчний халдвар дамжих эрсдэлтэй байдаг аж. Мөн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс нутгаас хүн, тээврийн хэрэгсэл гарах,  дамжин өнгөрөх үед халдвар тараах магадлалтай.

2

Ийм эрсдэл өндөртэй халдварт өвчнийг нийслэлийн иргэд бүү хэл Тахилтын үндсэн оршин суугчдаас нууж, зөвхөн өвчин гарсан малын хашааг тойруулан хөл хорио тогтоочихоод шүлхийтэй тэмцэнэ, устгана гэвэл ёстой үлгэр. Шүлхий өвчинтэй тэмцэх гол арга нь тухайн бүсэд тэр чигээр нь хорио цээр тогтоон, халдвар авсан сүргийн малыг өвчтэй, сэжигтэй гэж ялгахгүйгээр бүх малаа устгаж, ойр орчны малд хяналтын шинжилгээ хийж эерэг урвалтай мал илрээгүй тохиолдолд 3 сарын дараа “эрүүл” гэсэн статусаа сэргээдэг гэдэг.

Хамгаалалтын бүсийн өргөн нь сэжигтэй бүсээс 10 км–ын зайд байх бөгөөд өдрийн цагаар харуул, пост томилон ажиллуулна гэдэг ч өдгөө хамгаалалтын бүс нь айлуудтай хаяа дэрлэн зэрэгцэн оршиж байгаа нь онц аюултай.

Хамгийн аюултай нь хорио цээр тогтоож хамгаалалт аваад байгаа хэсэг газар нь хаа сайгүй үхэр бэлчдэг. Мөн халдвар тараагч гол эх үүсвэр болох үхрийн баас шээс хаа сайгүй. Тэр ч бүү хэл айлын ундны усаа авдаг гүний худгуудын ойр орчимд ус уух гэсэн үхэр сүргэээрээ сахиж зогсоно. Гэтэл эгэл жирийн иргэд халдвартай үгүйг нь ялгахгүй. Хэрэв хаа сайгүй бэлчиж яваа үхэр сүргийг эрүүл гэж үзэж байгаа тохиолдолд хотоос гаргах, бүр ядахад айлуудын дундуур явуулахгүй захад байлгах ёстой биш бил үү. Өөрөөр хэлбэл халдварын голомттой хил залгаа оршдог, мал нь өвчний халдвар авсан байж болзошгүй, малд нь өвчний ил шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан сэжигтэй бүсийн заагийг тодорхойлох ёстой.

Өвчин гарсан бүс нутаг дэвсгэрт бэлчээр, ус нэгтэй, мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саахалт байгаа хэсэг хот айлуудын аль нэгнийд нь шүлхий өвчин гарсан тохиолдолд тэдгээрийг нийтэд нь халдварын голомт хэмээн үзэж мал эмнэлгийн хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, бусад хот айлуудаас зааглан тусгаарлаж, харуул, постууд гарган тухайн бүсээс хүн, мал гадагш зорчихоос хамгаалах арга хэмжээ авна гэдэг боловч энэ журмаа ч мөрдсөнгүй.

3

Монголоо алдсан Монгол


Сэтгэл хирдхийм мэдээллийг ойр орчмын эх сурвалжууд хэлж байна. Юу гэвэл шүлхий өвчин туссан 40 орчим тооны үхрийг тусгай ухсан нүх рүү амьдаар нь хийж булжээ. Амьдаараа булшлуулсан сүрэгт нас насны үхэр, бүр тугалнууд хүртэл байсан аж. Ийм үйлдлийг ёстой л Монголоо алдсан Монгол гэж нэрлэхээс өөр юу гэхэв.

Шүлхий өвчин туссан 40 орчим тооны үхрийг тусгай ухсан нүх рүү амьдаар нь хийж булжээ

Бас нэг асуудал нь тухайн өвчтэй үхрийг устгалд оруулж булшилсан цэг нь айлуудын дээд талд байрлах аж. Ойр орчмын оршин суугчдын хэлж байгаагаар зун бороо орволустгалд оруулсан үхрийн сэг зэм ил гарч ирэх аюултай гэнэ. Яагаад гэвэл шүлхийгээр халдварласан үхэрнүүдийг жалганы эхэнд булсан бөгөөд хур бороо ихтэй үед уг жалгаар их хэмжээний ус үерлэдэг аж. 2 жилийн өмнө уг жалганы ус эргээ халин үерлэж, үерийн усанд туугдаж ирсэн хог новш айлуудын хашаанд шүүгдэн үлдэж хогон овоо босох шахсаныг хэлж байна.

Мөн өнгөрсөн хавар л гэхэд Тахилтын саальчдын хэн нэгэн нь үхсэн бяруугаа үерийн ус урсдаг жалганд ил задгай хаясан байжээ. Энэ мэтчилэнгээр Тахилт хорооны оршин суугчдын эррүл, аюулгүй оршин суух эрх дээр дооргүй зөрчигдөж байгаа нуух юун.

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн тулд эрх мэдэлтэн, холбогдох албан тушаалтануудаас хариуцлага нэхэх л ёстой. Нийслэлд гарсан шүлхий өвчнийг нуух сонирхол, эрх ашиг хэн нэгэнд байсан учраас л нууж.

Энэ талаарх мэдээлийг бид сурвалжилж дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэнэ.

4 5

Эх сурвалж: www.24tsag.mn Я.Асралт


URL:

Сэтгэгдэл бичих