Долларын үнэ эдийн засгийг дахин боомилж эхэллээ

195445-01112016-1477986004-215719686-1 (1)Наадмын дөнгөж өмнөхөн ам.доллар 2350 төгрөгтэй тэнцэж байв. Харин одоо буцаад 2400-г хол давсан байх юм. Гэвч энэ талаар үг дуугарч байгаа хүн алга. Бүгд сонгууль, наадам, түймэр, томилгоо гээд өөр сэдвийг тоож хөндөхгүй байгаа ба энэ нь улс орны амьдралд онцгой нөлөөтэй ч сэнсаацитай биш учраас анзаарахгүй байгаа хэрэг.

Тэгвэл ноён “ногоон” эрчээ авч, төгрөгийг дарлаж эхэлбэл бидэнд ямар гай учрах бол. Энэ нь маш тодорхой. Дотоодын элдэв хэрэгцээний дийлэнхийг импортоор хангадаг манайх шиг улсад үндэсний мөнгөн тэмдэг үнэгүйдэх тусам бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өснө. Цаашилбал, иргэдийн худалдан авах чадварт тун муугаар нөлөөлж, жижиг бизнесүүдэд онц хортойгор тусдаг.

Манайд 2012 оны дунд үеэс долларын ханш чангарсаар 2016 он гарахад 2000 төгрөгийг давсан. Улмаар энэ оны дөрөвдүгээр сард 2600-г шүргэж, үүнийг дагаад дотоодод бүх төрлийн импортын барааны үнэ өссөн байсан. Харин саяхнаас буюу ОУВС Монгол Улсад тусламж үзүүлж, хөнгөлттэй зээлийн эхний хэсгийг ирүүлснээс хойш долларын ханш тогтмол буусаар 2300-руу ороод байсан билээ.

Харамсалтай нь, энэ сайхан үе тун богинохон байж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарахтай зэрэгцэн олон улсын хөрөнгө оруулагчид Монгол руу чиглүүлэх ажилдаа түр зогсолт хийж, байдлыг харзнаж эхэлсэн. Гадаадын биржүүд дэх монголчуудын хувьцаанууд ч унаж байгаа. Тиймээс одоо манай улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт найдахад хэцүүхэн болж байгаа ба улстөрийн тогтвортой байдлыг л хүлээх үлдэж байна.

Гэхдээ ам.долларын ханш эхнээсээ ингэтэл өсч, хадуурах шалтгаан нь юу байв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ““Сайн” нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн. Маш их хэмжээний мөнгийг зах зээл рүү оруулсан. Дээр нь Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хэрэгжүүлэхдээ бас л мөнгө хэвлээд гаргачихсан. Энэ их хэвлэж гаргасан төгрөг чинь өөрөө валютын ханшийг өсгөсөн. Тиймээс энэ бүхнийг зогсоосон.

Мөнгө хэвлэхийг зогсоогоогүй бол валютын ханш 2,300-гаас ч өсөх байсан. Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Тиймээс ч одоо валютын ханшийг арай гайгүй барьж байгаа. Одоо харин буулгах асуудлаа Засгийн газар хийх ёстой. Ингэхийн тулд валютын нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй” гэж хэлж байсан. Харин эдийн засагч нар энэ талаар дүгнэхдээ, ам.долларын огцом өсөлт хэд, хэдэн суурь шалтгаантай гэсэн. Тодруулбал, тухайн үеийн Монголбанк болон Засгийн газраас авч явуулсан арга хэмжээнүүд ам.долларын ханшийн огцом өсөлтөд ихээр нөлөөлсөн аж.

Болсон явдлыг нэхэн санаваас АН-ын бүрдүүлсэн Засгийн газраас 2016 оны дөрөвдүгээр сард олон улсын зах зээл дээрээс 11 хувийн хүүтэй авсан 500 сая ам.долларын зээлийг сонгуулийн өмнө Монгол төгрөгт хөрвүүлэн зарцуулсан. Түүнчлэн, сонгуулийн өмнөх өдрүүдэд 500 орчим сая ам.долларыг ОХУ-аас “Эрдэнэт”-ийн 49 хувийг “худалдан” авахад зарцуулан гадагшлуулж дотоодын зах зээлд ам.долларын хомсдолыг бий болгосон. Энэ их мөнгө зах зээлээс гэнэтхэн л бөөнөөрөө гараад явчихсан нь ам.долларын өсөлтийн шалтгаан болж байжээ.

Тэгэхээр өмнөх Засгийн газрын алдаатай бодлогын гор өнөөг хүртэл үргэлжилж, үүн дээр шинэ Ерөнхийлөгчийн баримталж буй бодлогын өнгө аяс нэрмээс болсон аж. Одоо бид Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, элгээрээ хэвтэх шахсан улс орондоо дэмжлэг үзүүлэхийг хүлээх л үлдлээ.

Х.Маргад

http://erennews.mn


URL:

Нэр: ZOCIN Огноо: 23 July 2017

uamar uadargaatai uym be

Сэтгэгдэл бичих