Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах МАН
Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор МАН Төрийн тэргүүний сонгуульд гурав дараалан ялагдал хүлээв. Энэ жил бид анх удаа дахин санал хураалт явуулж, М.Энхболд Х.Баттулгад хоёр удаа ялагдсаныг тооцвол дөрвөн удаа ч гэж болохоор. Эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгуульд онцгой ач холбогдол өгч, хамаг чадлаараа зүтгэн, бүх арга чаргаа хэрэглээд нийт сонгогчийн 20 гаруйхан хувийн санал авав. Ердөө ганц жилийн өмнө УИХ-д 65 суудал авч байсан улс төрийн хүчний хувьд энэ нь хүнд ялагдал юм.
Ийм ялагдлын дараа МАН-ын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой юу, ер нь энэ намын дотор ямар үйл явдал цаашид өрнөх бол гэдэг нь ойрын өдрүүдийн сонирхол татсан сэдэв болоод байна. Түүх сөхвөл, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа намын даргадаа хариуцлага хүлээлгэсэн удаа МАН-д үгүй. Түүх гэдэг нь, 1993 онд П.Очирбатад, 2009, 2013 онд Ц.Элбэгдоржид нэр дэвшигч нь ялагдахад шүү дээ. Сонгуульд ялагдвал намын дарга хариуцлага хүлээх ёстой гэсэн ойлголт 1993 онд бүрэн сууж, төлөвшөөгүй байсан болохоор энэ талаар сөхөгдөөгүй биз. Харин 2009 онд Н.Энхбаярыг унагахын тулд намын нөхөд нь зохион байгуулалттайгаар түүний эсрэг ажилласан гэдэг. Тиймээс ялагдалд нь тэгтлээ харамсаж, хариуцлага тооцох тухай хөндөөгүй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ө.Энхтүвшин намын дарга байсан бөгөөд өөрөө нэр дэвшинэ гэдэгтээ бат итгэчихээд байхад нь намын нөхөд нь сэм хуйвалдаж, Б.Бат-Эрдэнийг дэвшүүлсэн.
Тухайн үед “Өөрийг нь нэр дэвшүүлээгүй хэрнээ хүний өмнөөс хариуцлага хүлээлгэнэ гэдэг байж болшгүй хэрэг. Нөгөөтэйгүүр, МАН-ын дүрэмд “УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялагдсан тохиолдолд намын удирдлага хариуцлага хүлээнэ” гэснээс биш, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал хариуцлага хүлээнэ гэж заагаагүй” гэсэн байр сууриа намын зарим гишүүн, дэмжигч илэрхийлж байлаа. Тэгэхэд Ө.Энхтүвшин намын даргад нэрээ дахин дэвшүүлэхээс татгалзсан юм.
Харин өнөөгийн нөхцөл өмнөх тохиолдлуудаас нэлээд өөр. Намын дарга М.Энхболд рейтинг нь муу байгаагаа мэдсээр байж улангасан зүтгэж, шунан чичирсээр нэр дэвшсэн. Түүнийг тойрон хүрээлэгчдийн болчимгүй үйлдэл намын нэр хүндийг шороотой хутгаж, нэг сонгуульд хоёр удаа ялагдахад нь нэрмээс боллоо гэсэн зэмийг түүнд тулгах хүн намынх нь нөхөд дунд олшрох төлөвтэй.
Гэвч, энэ бүхэн нь МАН юу юугүй бужигнаж, даргаа солино гэсэн үг биш. Одоо ийм үйл явдлууд өрнөж буй ч ирэх намар хуралдах XXVIII их хурал хүртэл байдал хаашаа ч эргэж мэднэ. М.Энхболдоос намын даргын албан тушаалыг нь авбал УИХ- ын даргын суудлаас нь ч буулгах хэрэгтэй болно. Ингэвэл намд ч, УИХ-д ч эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцадна.
Тухайлбал, намын үүрийн дарга нар 60 тэрбумыг эсэргүүцэх хөдөлгөөн байгуулсан тухай яриа амнаас ам дамжиж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хамгийн том нөлөө үзүүлсэн 60 тэрбумыг босгох тухай ярианы бичлэгт оролцсон хүмүүст хариуцлага тооцох талаар Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгээрээ яриад эхэлсэн, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар төлөөлөгчид нь гарын үсэг цуглуулж байгаа гэсэн агуулга бүхий төлбөртэй нийтлэл цацагдлаа. Дээрх нийтлэлд “Засгийн газар танхимаа бүрдүүлэхдээ МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг хотын фракц, уяачдын холбооныхныг оруулж, оновчгүй томилгоо хийснээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН сонгуулийн амлалтаасаа ухарсан. Тиймээс МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулж, хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн тохиролцсон. МАН-ынхан Засгийн газар, 60 тэрбумын бичлэгт оролцсон албан тушаалтнууд, улмаар намын даргатайгаа ч сонгуулийн ялагдлын хариуцлага ярих нь нэгэнт тодорхой боллоо” гэжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын шокноосоо гараагүй, хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэн, хүлээн авалтаас хүлээн авалтын хооронд хөлчүүрхэж яваа АН-ынханд ийм зүйл бичээд, түүнийгээ төлбөр төлж хэвлүүлэх сөхөө ч, шаардлага ч одоохондоо байхгүй. МАН-ын одоогийн удирдлагыг өөрчлөх нь өөрт нь ашигтай тусах магадлалтай хүмүүсээс дээрх “бор шувуу”-ны эзнийг хайх нь оновчтой болов уу.
Үүнээс гадна МАН-ын олонд танигдсан нэр бүхий гишүүд 70 гаруй жилийн түүхтэй МАХН нэрээ МАН болгох түүхэн тохиролцоонд хүрсэн “Тэрэлжийн тунхаг”-тай хамт гаргаж тавьсан шинэ үзэл баримтлал, шинэ дүрэм, зарчмуудаа тууштай мөрдөж, намын шинэчлэлийг идэвхтэй үргэлжлүүлэхийг ил тодоор шаардацгааж байна.
Мөн МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны Бодлогын зөвлөл хуралдаж, МАН-ын шинэчлэл, хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцсэн тухайгаа албан ёсоор мэдээллээ. Энэ бүхнээс үзэхэд, МАН гаднаа харагдаж байгаа шигээ амгалан тайван биш байна. Хэдэн жилийн өмнө намын нэрээ сольж, дүрмээ шинэчлэхдээ доторх албан ёсны жигүүрээ татан буулгаж, элдэв фракц байгуулахыг хориглосон хэдий ч МАН огт бүлэглэлгүй нам биш. АН-ынхан шиг ил цагаан толхилцож, албан тушаалаа булаалдан уралцдаггүй л болохоос МАН фракцын тоогоор АН-аас хол хоцрохгүй. Дотоод зөрчил тэмцлээ яаран ил гаргадаггүй тус намын фракцуудын хөдөлгөөн гадна талд илт мэдрэгдээд ирвэл тийм ч амар намждаггүй онцлогтой.
Ийм хөдөлгөөн, бужигнаан зүгээр ч нэг эхэлдэггүй. Хэн нэгэн хүн хэдэн нүүдлийн цаадах эрх ашгаа тооцон байж эхлүүлдгийг бид хангалттай олон жишээнээс мэднэ. Дээр өгүүлсэн үйл явдлуудын ард хэн нэгэн гадны хүн биш, МАН-ынхан, тэр дундаа албан тушаалын бялуунаас арай илүү зүсэм хүртэх хүсэлтэн байгааг тааж мэдэхэд хэцүү биш.
М.Энхболдыг огцруулаад, өөрөө намын дарга болох мөрөөдөл тээгчид МАН-д нэг биш бий. Гэхдээ үүний тулд хүчтэй фракцын дэмжлэг хэрэгтэй. МАН-д одоогоор хамгийн нөлөөтэй нь намын дарга М.Энхболдын тэргүүлдэг хотын фракц бол анхан, дунд шатны байгууллагатай, намаасаа дутахгүй хурал чуулган хийдэг Зүүний хүчний холбоо, НАМЗХ араас нь бичигдэнэ. Зүүний хүчний холбоо, НАМЗХ-г Шадар сайд У.Хүрэлсүх баздаг. Тиймдээ ч түүнийг М.Энхболдтой өрсөлдөх “хүчтэн” гэж харах хүн улам олширч байна. Намын даргынхаа гол түшиц болох уяачдын холбоогоор аймшиггүйгээр оролдож, олон нийтэд таалагддаг давуу талаа улам товойлгохыг хичээх нь ихэссэн, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд МАН-ынхан хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байхад У.Хүрэлсүх л зайдуухан байсан зэрэг олон шалтгаанаар түүнийг М.Энхболдын эсрэг зогсож, байр суурийг нь эзлэх хүн гэж олон нийт үнэлж буй хэрэг. Шадар сайдын цээжинд ч намын дарга, Ерөнхий сайд болох хүсэл эртнээс уугиж буй нь нууц биш.
Гэвч, энэ бүхэн нь МАН юу юугүй бужигнаж, даргаа солино гэсэн үг биш. Одоо ийм үйл явдлууд өрнөж буй ч ирэх намар хуралдах XXVIII их хурал хүртэл байдал хаашаа ч эргэж мэднэ. М.Энхболдоос намын даргын албан тушаалыг нь авбал УИХ-ын даргын суудлаас нь ч буулгах хэрэгтэй болно. Ингэвэл намд ч, УИХ-д ч эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцадна. Үүнээс сайн үр дүн хүлээх хэрэггүй. Тэгэхээр үүсээд буй нөхцөл байдалд зохицуулж, тунг нь тааруулаад явах хүн гэж үзэж, 2016 оны УИХ-ын сонгуульд намдаа үнэмлэхүй ялалт авчирсан гавьяаг нь бодолцож, М.Энхболдыг үргэлжлүүлэн ажиллуулах боломж ч бий. Эцсийн дүндээ, улс төрийн намын туйлын зорилго нь засгийн эрх авах болохоос Ерөнхийлөгчийн сонгуульд ялах биш билээ.
Х.Уянга
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МАН-ын толгойд Энхболд, Эрдэнэбат гэсэн хужаагийн эрлийз үеэлүүд гарсаныг сая л мэдлээ. Одоо энэ хужаагийн эрлийзүүдээс намаа, төрөө цэвэрлэх цаг болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль МАН ямар байгааг харууллаа. Эрдэнэбатын засгийн газарт дүн тавьлаа. Одоо өөрчлөх цаг болсон.
МАН-НАМ МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРЛАГ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮСИЙГ СОНГОЖ ЧАДААГҮЙН ОРОО 2020 ОНД ҮЗНЭ ДЭЭ ЗАЙЛУУЛ ГЭХДЭЭ ЗАСАХ БОЛОМЖ БАС БАЙНАА БЙАНА