Дэлхийн банк Монголыг түүхэнд байгаагүй алдагдалд орсон гэж мэдэгдлээ
Дэлхийн банк энэ сард Монгол Улсын эдийн засагт дүн шинжилгээ хийж тойм гаргажээ. Тэд манай улсын эдийн засгийг ингэж дүгнэсэн байна. Монгол Улсын эдийн засаг сүүлийн улирлуудад тооцоолж байснаас эрчимтэй сэргэж, хэт халалтын шинж тэмдэг ажиглагдаж эхэллээ. Энэ нь эрэлт ихтэй тэгэхэдээ гаднаас оруулж ирэхэд төвөгтэй эсвэл өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг нь дотоодын нийлүүлэлт шууд хангаж чадахгүй тэдгээр бараа болон үйлчилгээний инфляци нэмэгдэж байгаа байдлаар харагдаж байна.
ДНБ-ий өсөлт 2011 оны хоѐрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.3 хувь байсан бол гуравдугаар улиралд 20.8 хувьд хүрлээ. Эдийн засгийн өсөлт 2010 онд 6.4 хувьтай байсан бол 2011 оны эцэст 15 хувьд хүрэх, магадгүй бүр түүнээс давж гарах төлөвтэй байна. Монгол Улс ашигт малтмалын арвин их баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулахтай зэрэгцээд дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, энэ нь эдийн засгийн өсөлтийн гол түлхэгч хүч нь болж байна.
Уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт өсөлт сайтай байгаа боловч 2004-2008 онуудад үүссэнтэй ижил төстэй хөөс барилгын салбарт дахин бий болж байна гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.
Ажилгүйдэл буурч байгаа ч нийт ажилгүйдлийн түвшин 9 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм. Улаанбаатар хотын албан бус хөдөлмөрийн зарим захаас 10 дугаар сард хийсэн судалгаагаар бодит орлого инфляцийн шалтгаанаар 7 дугаар сараас хойш огцом багассан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн бараг тал нь олсон орлогоороо үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэсэн нь инфляци ядуу эмзэг бүлэгт хамгийн сөргөөр нөлөөлдөг болохыг баталж байна.
Гэхдээ инфляци өсөх хандлага хадгалагдсаар байна. Улаанбаатар хотод үнийн ерөнхий түвшин 8 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувийн өсөлттэй байсан бол 9 дүгээр сард 11.9 хувь болж нэмэгдсэн байна. Хүнсний бараа, эрчим хүчний үнийг хасч тооцсон суурь инфляци он гарснаас хойш тогтвортой өсч байгаа бөгөөд энэ нь өндөр өсөлттэй байгаа эдийн засаг, төр засгаас олгож буй бэлэн мөнгөнөөс үүдэлтэй цалин, үнийн ерөнхий дарамт байгааг харуулж байна. Хүнсний барааны үнэ өсч, засгийн газраас төсвийн зарлагыг огцом өсгөх гэж байгаа энэ үед инфляци цаашид нэмж өсөх магадлал өндөр байна.
Уул уурхайн тоног төхөөрөмж, түлшний импортын огцом өсөлттэй холбоотойгоор гадаад худалдааны алдагдал түүхэнд байгаагүй түвшинд дөхөж очлоо (сүүлийн 12 сарын гулсмал нийлбэрээр тооцсон алдагдал 9 дүгээр сард 1.4 тэрбум ам. долларт хүрсэн).
Экспортын өсөлт мөн өндөр байгаагийн гол шалтгаан нь БНХАУ уруу ачигдаж байгаа нүүрс юм. Гэтэл зэсийн экспортын хэмжээ бараг өсөлтгүй байгаа бол ноолуурын экспорт бүр муу байна. Дэлхийн хэмжээнд эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлахтай холбоотойгоор төгрөгийн ам. доллартай харьцах ханш 8 дугаар сар гарснаас хойш чангарсан нь Азийн бүсийн бусад мөнгөн тэмдэгтүүдтэй ижил байлаа.
Гэхдээ Оюутолгойн ордын бүтээн байгуулалттэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалтын Монголд орж буй урсгал өндөр байгаагаас дөнгөж 4.8 хувиар буюу харьцангуй багаар чангарлаа.
Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн нөөц хоѐр банк дампуурсан 2009 онтой харьцуулахад хамаагүй сайжирсан ч хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн эрсдлийг анхаарсан хэвээр байх нь зүйтэй. Банкны салбарын зээлийн өсөлт өндөр байгаагаас системийн хэмжээнд активын чанарт анхаарлаа хандуулахад хүргэж байна. Банкны зээлийн үлдэгдэл 9 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад бодит дүнгээрээ 52 хувиар өссөн нь эдийн засгийн бодит суурь өсөлтийн хувиас өндөр байгаагаас гадна төвлөрөл ихтэй, чанаргүй зээлийн багц өндөр хэвээр байна. Банкны салбарын татан төвлөрүүлсэн харилцах хадгаламжийн хэмжээ дахин шинэ амжилт тогтоох гэж байгаа хэдий ч зээл, хадгаламж харилцахын (засгийн газрын мөнгөн хөрөнгийг хассан) харьцаа 100 хувь руу дөхөж, хөрвөх чадварын эрсдэл нэмэгдэж байгааг илтгэж байна.
Санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад нарийн хяналт шалгалт, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл, харилцах хадгаламжийн харьцааны үзүүлэлтийг нэмэх зэргээр макро зохистой хэм хэмжээ, журам зааврыг урьтач байдлаар мөрдүүлэх нь чухал ач холбогдолтой.
Монголбанк бодлогын хүүгээ 10 дугаар сард 0.5 нэгж хувиар өсгөж 12.25 хувь болгосон. Он гарснаас хойш бодлогын хүүг ийнхүү суурь инфляцийн өсөлтийг сааруулах зорилгоор гурван удаа өсгөж, заавал байлгах нөөцийг хоѐр удаа нэмлээ. Гэхдээ бодлогын арга хэмжээний үр дүн гартал цаг хугацааны хоцрогдол байдаг, мөн инфляцийн өсөлт саарахгүй байгаа учраас нэмж арга хэмжээ авах шаардлагатай байна. Хэдий тийм боловч засгийн газраас одоо төсвийн тэлэх бодлого баримтлаж байгаа учраас мөнгөний бодлогын инфляцийг бууруулах үйл ажиллагааны үр нөлөө хязгаарлагдмал болоод байна.
Уул уурхайн салбараас төсөвт ахиу хөрөнгө мөнгө төвлөрүүлж, эдийн засаг эрчимтэй өсч байгаа энэ үед улсын салбарын төсөв санхүү харьцангуй сайн байна. Сүүлийн 12 сарын гулсмал үзүүлэлтээр тооцсон нэгдсэн төсвийн тэнцэл 7 дугаар сараас хойш ДНБ¬ий 2.5 хувьтай тэнцэж байна.
Өнгөрсөн 9 дүгээр сард засгийн газраас 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх саналыг 2012 оны төсвийн төслийн хамт УИХ-д өргөн барьсан. 2011 оны батлагдсан төсвийн нийт зарлага 2010 оны гүйцэтгэлээс 32 хувиар өндөр байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ашигт малтмалын тэнцвэржүүлсэн орлогоос давсан орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулж байгаа ч ерөнхий хандлагаас давсан эрдэсийн бус орлогоос хуримтлал үүсгэх албагүй бөгөөд засгийн газар тэрхүү эрдэсийн бус нэмэгдэл орлогыг зарцуулах саналыг төсвийн тодотголоор оруулж ирлээ. Ингэснээр нэгдсэн төсвийн зарлага батлагдсан хэмжээнээсээ дахин 20 хувиар нэмэгдэж, ДНБ-ий 9.8 хувьтай тэнцэх алдагдалтай байхаар байна.
2012 оны төсвийн төсөлд төсвийн тэлэлт үргэлжилж, нийт зарлага 74 хувиар (үндсэндээ цалин хөлс, нийгмийн зориулалттай шилжүүлэг) өсөх тооцоо хийгдсэн байна. Нэрлэсэн дүнгээр нь авч үзвэл 2012 оны төсвийн төсөлд тусгасан нийт зарлага нь 2010 оны түвшингээс хоѐр дахин их, мөн оны ДНБ-с ялимгүй доогуур хэмжээнд байна. Үүний зэрэгцээ, төсвийн орлого, ДНБ-ий төсөөллийг өөдрөгөөр тооцож, төсвийн алдагдал ДНБ-ий 4.1 хувьтай байхаар байна.
Хэрвээ инфляцийн хүлээлт хүрээгээ тэлбэл цалин хөлс, шилжүүлгийн зардал нэмэгдэж байгаагаас цалин, үнийн эргүүлэг үүсэх эрсдэлийг бий болгож байна. Энэ нь ядуу эмзэг бүлгийнхэнд сөргөөр нөлөөлөхөөс гадна экспортлогч (хөдөө аж ахуй), импорттой өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн (гол төлөв жижиг, дунд бизнесүүд) өрсөлдөх чадварыг доройтуулна. Төсвийн төсөлд одоо хавтгайруулан олгож буй бэлэн мөнгөний хөтөлбөрийг халж, оронд нь орлого оруулан тооцсон ядууст чиглэсэн нийгмийн халамж 2012 оны хоѐрдугаар хагаст хэрэгжиж эхлэхээр тусгасан нь сайшаалтай байна. Төсвийн нийт зарлагын 12 хувийг энэ арга хэмжээнд зориулахаар төлөвлөжээ.
2012 оны төсвийн төсөлд тусгасан орлого, зарлага, ДНБ-ий төсөөлөл бүгд өөдрөг хийгдсэн байна. ДНБ-ий төсөөллийг дараахь үндэслэлээр өндөр гаргажээ. Үүнд: 2010-2011 онд хоѐр дахин өссөн гадаад шууд хөрөнгө оруулалт өндөр хэвээр байна; уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний салбарын огцом өсөлт үргэлжилнэ; улсын төсвийн хөрөнгө оруулалт хэд дахин нэмэгдэж, үржүүлэгчийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлтөнд хоѐрдогч үр нөлөө гарна; 2012 оны сонгуулийн өмнө иргэн бүрт олгох бэлэн мөнгийг гүйцээн олгож, 2008 оны сонгуулиар өгсөн улс төрийн амлалтыг биелүүлснээр хэрэглэгчийн эрэлт огцом өснө.
Дээрх өөдрөг төсөөлөл биелэхгүй байх тодорхой эрсдэлүүд байна. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн байдал муудвал төсөвт төвлөрөх орлого зогсох эсвэл одоогийн хандлага өөрчлөгдөх магадлалтай, нүүрсний экспортод тээврийн нэвтрүүлэх хүчин чадалтай холбоотой хязгаарлалтууд тулгарч болно, төсвийн хөрөнгө оруулалттай томоохон төслүүд бэлтгэл ажил, гэрээ хэлэлцээр, хэрэгжилтийн шатанд чадавх дутагдсанаас хойшилж болзошгүй, мөн БНХАУ-аас эрчим хүч импортлох асуудал хойшлогдвол Оюутолгойн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хоцрох магадлалтай.
Дэлхийн санхүү, өрийн зах дээр тодорхой бус байдал нэмэгдэж, хөгжингүй улсуудын эдийн засгийн өсөлт саарч дэлхийн эдийн засгийн эрсдэл өндөр боллоо. Эрдэс бүтээгдэхүүний үнэ аль хэдийнээ буурч эхэллээ. Иймд дэлхийн эдийн засгийн эрсдэл нэмэгдсэн энэ үед Монгол Улсын эдийн засагт хэт халалтын шинж тэмдэг ажигдаж байгаа учраас одоо эдийн засгийн урьтач, эрсдэлээс зайлсхийсэн бодлого баримтлах цаг болжээ.
URL: