Цэнхэр эдийн засгийн гарам

211529-19072017-1500434923-1145189561-цэнхэрХятад улс далайн их гүрэн болох чармайлтын хүрээнд өнгөрсөн онд гадаадын боомтуудыг худалдан авах зардлаа хоёр дахин нэмэгдүүлж, 20 тэрбум ам.долларт хүргэжээ. Үүний сацуу Хойд мөсөн далайгаар Европт хүрэх замыг эзэмших төлөвлөгөөгөө урагшлуулж байна. Хятадын хөрөнгө оруулж буй боомтууд нь зургадугаар сард Бээжингийн зарласан “цэнхэр эдийн засгийн гурван гарам”-ыг тойрч буй бөгөөд Нэг бүс нэг замын чухал хэсэг юм. Энэхүү аварга төсөл нь Ази, Европын 64 орныг хамарч, нээлттэй зах зээл, найрсаг харилцааны гүүр болох учиртай.

Лондонд төвтэй Grisons Peak банкны судалгаанаас үзэхэд зургадугаар сараар дуусгавар болох санхүүгийн жилд Хятадын компаниуд гадаадын есөн боомтод нийт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Үүнээс гадна өөр хэд хэдэн боомтын тухай яригдаж байгаа авч үнийг нь зарлаагүй юм. 2016 оны зургадугаар сар хүртэлх жилийн хугацаанд дээрх үзүүлэлт 9.97 тэрбум байсан аж. Grisons Peak банкны захирал Хенри Тиллман “Хятадын тал цэнхэр эдийн засгийн гурван гармыг зарласан. Иймээс боомт болон усан тээвэрт хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлсэнд гайхах зүйлгүй” хэмээн тайлбарлав.

Хятадаас Энэтхэгийн далайгаар дамжин Газрын дундад тэнгист хүрэх замын ач холбогдлыг саяхан зарлагдсан хөрөнгө оруулалтууд тодотгож байна. Тухайлбал, Малайзын дөрвөн боомтод 10 гаруй тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Индонезийн хоёр том боомтын өргөжилтийн ажлыг Хятадын компаниуд хариуцахаар болсон. Сассексийн их сургуулийн шинжээч Жин Гу “Бээжин Зүүн өмнөд Азийн орнууд руу хандаж байгаа нь бүс нутагт сайн хөршийн харилцаа хөгжүүлэх хүчин чармайлтын нэг жишээ. Гэвч энэ нь газар нутгийн маргаан, Хятадын өсөн нэмэгдэж буй хүч чадал, түүний нөөцийн хэрэгцээ зэрэгтэй зөрчилдөж болзошгүй” хэмээн онцлов.

Гурван гармын өөр нэг чиглэл нь Хятадаас Европт хүрэх Хойд мөсөн далайн зам. Энэ зам нь аяллын хугацааг хэд хоногоор танах агаад үүнд Оросын Сибирийн төмөр зам болон Архангельск хотын ойролцоох гүний усны боомт багтана. Түүнчлэн, Литвийн Клайпед боомт энэ замд хамрах бөгөөд Хятадын China Merchants компани энд чингэлэгийн томоохон боомт барина. Харин Баренцийн тэнгис дэх Норвегийн Киркенес болон Исландын хоёр боомтын талаар хэлэлцээ хийгдэж байгааг уг мэдээлэлд ойр хүмүүс ярьсан байна.

Энэ талаар олон улсын стратеги судлалын төвийн захирал Жонатан Хиллман худалдаа нэрийн дор Бээжин стратегийн далд зорилго хэрэгжүүлж байж магадгүй гэсэн юм.

Жеймс Кинг

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих