Улсын эмнэлэг ”балгас”-т ажиллаж байна

Улаанбаатар хотын төвд буюу Сүхбаатар дүүргийн XV хороонд улсдаа цорын ганц гэгдэх Арьсны түлэнхий, эмгэгийн нөхөн сэргээх эмнэлэг буюу иргэдийн хэлж заншсанаар Түлэнхийн эмнэлэг тааруухан хөгжилтэй сумын эмнэлгийн байшингаас ч дор  газарт үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө 50 гаруй жилийн нүүр үзэж, улсын төсвөөс жил бүр хэдэн саяар нь хөрөнгө зарцуулж засвар хийгээд ч сэхэл авахааргүй, “өвгөрсөн” хоёр давхар энэ байшинд дээр үед Гэмтлийн эмнэлэг байрлаж байв. Энэ нь анх Хятад ажилчдын эмнэлэг байсан гэнэ. Эмнэлгийн дарга Б.Бат-Оргилын хэлснээр “1960-1970  оны үед БНХАУ-тай манай улсын харилцаа гайгүй болсон. Энэ үед олгосон газар юм билээ” гэв. Нурах шахсан энэ барилгад тухайн үед манайдаа л сайн эмнэлэг байрлаж байсан аж. Одоо ч гэсэн Э.Дашийн нэрэмжит Арьсны түлэнхий, эмгэгийн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг уг эмнэлэг хятадуудын ашиглаж байсан хэрэгслийн үлдэгдлээс ашигладаг гэнэ. Биднийг сурвалжлахаар очиход эргэн тойронд нь шинээр баригдаж буй хоёр, гурван барилга байв. Орон сууцны нэг барилга нь  бүр эмнэлгийн зүүн талыг нураах шахам залгаа баригдсан харагдана. Тэд өөрсдийн газраа хүн байтугай нохой ч орох зайгүй төмөр хашаагаар битүүмжлэн бөглөжээ. Тэр хашааны цаана  эмнэлгийн түргэн тусламжийн граж байдаг аж. Эмнэлгийнхний хэлснээр “Одоо бүр түргэн тусламж, жижүүр эмч хоёрын машиныг тавих ямар ч аргагүй болсон. Анх барилгаа эхэлж байхдаа  бид ажлаа дууссаны дараа зам гаргаж өгнө гэсэн  тэр талаар болчихлоо” хэмээж байв. Уг эмнэлгийг гаднаас нь харсан хүнд хэзээч нурж мэдэхээр харагдах аж. Гадна шавар нь халцарч унасан, хаалга нь хүртэл чангахан хаахад салж унахаар болжээ. Үйлчлэгчээс тус эмнэлгийн даргыг асуухад “Амралтаа авсан, арга зүйчтэй уулз” гэв. Гэтэл  арга зүйч нь байсангүй. Эмнэлэг дотор явахад шохой нь халцарч унасан хана харагдаж, эвгүй үнэрт нь огиудас хүрмээр… Гэсэн хэдий тэнд эмчлүүлж буй өвчтөнүүд, эмнэлгийн ажилчид  орчиндоо дасчээ.

“БИД АЖИЛДАА ДУРГҮЙДЭЭ БИШ ОРЧИНДОО ГУТАЖ БАЙНА” ГЭВ

Тус эмнэлэг нь арьсны нөхөн сэргээх мэс заслыг маш өндөр түв­шинд хийдэг. 15 орчим их эмчтэй. Ихэнх нь Франц, Өмнөд Солонгос, Бельги, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн өндөр боловсролтой баг аж. Эмнэлэг нийтдээ 120 гаруй өвчтөний ортой. Дулааны улиралд өвчтнүүдийнх нь тоо 80-аас  буудаггүй. Өвлийн улиралд хэвтэх ор бараг олддоггүй  аж. Энэ эмнэлэг улсын гэсэн тодотголтой болохоор баян, ядуу, гудамжных гэлтгүй ирж эмчлүүлнэ. “Ихэнхдээ траншейнд амьдардаг, гэр оронгүй, тодорхой хаяггүй хөлдөж, түлэгдсэн, нүүр нь гэмтсэн иргэд ирж эмчлүүлдэг. Энэ нь заримдаа маш их асуудал болдог” хэмээн тус эмнэлгийн Түлэнхийн нөхөн сэргээн хүлээн авах тасгийн эрхлэгч О.Хишигсүрэн эмч хэлж байв. Мөн могойд хатгуулсан, нохойд уруулсан, осгосон гээд биед нь гэнэтийн сэдрэл үүссэн өвч­төнүүд олноор ирдэг гэнэ. Тэрбээр эмнэл­гийн орчны талаар “Бидний ажил­лаж байгаа орчин үнэхээр муу байна. Өвчтөнүүд маань сайхан орчинд эмчлүүлбэл сэтгэл зүйд нь эергээр нө­лөөлнө. Ийм газарт хүн эмчилнэ гэ­дэг байж болохгүй асуудал. Манай эмч нарын ур чадвар өндөр тулдаа л өвчтөнийг зовлонгоос нь салгаж байгаа юм. Бид  ажилдаа дургүй байгаадаа биш, орчиндоо ой гутаж байна. Шинэ байр барьж өгнө гэсэн ч одоо хүртэл байхгүй. Бараг сураг тасарч байна” хэмээн сэтгэл дундуур байгаагаа нуулгүй хэлж байв. Мөн нэгэн өвчтөнөөс эмчилгээ, орчны талаар асуухад “Яах вэ, эмчилгээ нь боломжийн. Миний баруун хацар түлэгдчихсэн байсан. Одоо гурав хонож байна. Гайгүй болж байгаа. Харин орчин нь жаахан тиймэрхүү байна. Арга ядсандаа л энд ирж эмчлүүлж байна. Уг нь төрийн мэдлийн эмнэлэг шүү дээ. Ядаж аятайхан засвар хийчихээгүй л байгаа юм даа. Эмч нарын хувьд мэргэжилдээ их сайн бололтой юм байна лээ. Ийм газар ажиллаж байгаа тэд нарыг харахаар үнэхээр өрөвдмөөр санагддаг” гэсэн юм. Гэмтэл согог судлалын үндэсний төв 1991 онд шинэ байр руугаа нүүхэд Түлэнхийн тасаг салбарлаж үлджээ. Байрлаж буй газар нь хотын төвд ашигтай байрлалтай  болохоор бизнес эрхлэгчдийн шуналыг их хөдөлгөдөг бололтой. Эмч нар ч энэ газраа авч үлдсэндээ баяртай байдаг юм билээ.

Б.БАТ-ОРГИЛ: ЭМНЭЛГИЙН БАЙРНААСАА ИЧДЭГ

Арьсны түлэнхий, эмгэгийн нөхөн сэргээх эмнэлэгт “Улсын төсвөөр шинэ байр барьж өгнө” хэмээн Эрүүл мэндийн яамныхан амласан боловч “Зураг төслийг нь хийж байна” гэх нэрийдлээр өдийг хүрчээ. Бид тус эмнэлгийн дарга Б.Бат-Оргилоос эмнэлгийн шинэ байр хэзээ баригдах, үйл ажиллагаа орчных нь талаар тодруулахад “Эмнэлгийн орчин нөхцөл үнэхээр хүнд байгаа. Эмнэлгийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Гаднаас эмч нар ирж хамтарч ажилладаг болохоор эмнэлгийн байрнаасаа ичдэг” гэлээ. Дарга, ажилчид, өвчтөнгүй ийнхүү эмнэлгийн байрандаа сэтгэл дундуур байгаагаа хэлж байна. Анх харсан хэн ч Арьсны түлэнхий, эмгэгийн нөхөн сэргээх эмнэлэгт ирэхэд сэтгэл түгшмээр, бас өрөвдмөөр… Бид тэдний шинэ барилгын ажлын талаар Эрүүл мэндийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Н.Түмэндэмбэрэлээс тодруулсан юм. Тэрбээр “Түлэнхийн эмнэлгийн барилгын зураг төслийн ажил  хийгдэж байгаа. Зураг төсөл гарсны дараа хөрөнгө санхүү нь шийдэгдэж барилгын ажил эхэлнэ. Энэ оны төсөвт тусгаагүй ч 2013 оноос шийдэх байлгүй дээ” гэсэн. Эмнэлгийн дарга “Өмнө нь зураг төсөл  нь гараад 2012 оны төсөвт 13 орчим тэрбум төгрөг тусгана хэмээж байсан. Гэтэл тэд зураг төслөө дахин хийж байна гэдэг нь мөнгөө багасгах гэсэн шалтгаан” гэж байлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 2-нд тус эмнэлэгт Францаас эмч нар ирж сургалт явуулах аж.  Тэд монгол эмч нартай долоо хоног энэ байранд хамтарч ажиллана. Эрүүл мэндийн яам нь “Эмнэлгийн шинэ байр баригдана”, харин эмнэлгийнхэн нь “Бид шинэ орчинд улам ч эрч хүчтэй ажиллана” хэмээн мөрөөдсөөр дахин хэдэн  жилийг ардаа орхих  бол.

Л.Баатархүү

“Улс төрийн тойм” сонин


URL:

Сэтгэгдэл бичих