“ХААН” ард түмний биш, алтан карттануудын банк болжээ
Өнгөрсөн долоо хоногийн бямба гараг буюу долдугаар сарын 8-нд өөрийн үйлчлүүлж заншсан “ХААН” банкинд очих хэрэг гардаг юм байна. Долдугаар сарын 10-наас наадмын урт амралт эхлэх тул мөн өдөр амжиж үйлчилгээ авахаар ажиллаж буй салбар буй эсэхийг нь асуухаар лавлах утас руу нь холбогдлоо.
Гэтэл төвөгшөөсөн аястай дуугарах бүсгүй харилцуур авч, ямар ч салбар ажиллахгүй гэж хэлэв. Сандарсан би ч “Мэдээллийн сайтуудад гарсан банкны ажиллах хуваарьт танайхыг ажиллана гэсэн байна шүү дээ. Аль салбар нь ажиллах вэ. Хол байсан ч хамаагүй очиж үйлчлүүлэх шаардлага гарлаа” хэмээж учраа тайлбарлалаа. Гэтэл өнөөх бүсгүй “Хэвлэл гэж юу” хэмээн ширүүн дуугаар хариулж, улмаар “Алтан карттай хүнд л энэ өдрүүдэд үйлчилнэ. Жирийн хүнд үйлчлэхгүй. АТМ, мобайл банк зэргийг ашиглаарай” гэж хэлээд харилцуураа тавьчихав.
Уг нь “ХААН” ард түмэндээ хамгийн ойр банк юмсан. Гэвч, алтан карттанууд л үйлчилдэг банк болжээ. Тэд өөрсдийгөө хүмүүсийн амьдралын бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч, үндэсний хэмжээний тэргүүлэгч банк гэж тодорхойлдог.
Басхүү тус банкны үнэт зүйлсийн нэгдүгээрт ямагт харилцагч байна гэжээ. Бүр тодруулбал, “ХААН Банкны ХААН болсон харилцагчид маань бидний хамгийн эрхэм хүмүүс билээ. Бид харилцагч бүрийг хүндэтгэн харьцана. Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг чанарын өндөр төвшинд хүргэн ажиллахыг эрмэлзэнэ” хэмээн вэбсайтдаа дурьдсан байх юм. Тэгэхээр би буюу харилцагч тэдний хувьд ХААН байх нь.
Гэтэл бодит байдалд жирийн карттай би ХААН биш, алтан карттай харилцагчид нь л ХААН бололтой юм.
Бас болоогүй өнөөх алтан карттай эрхмүүд дараалал харгалзахгүй, VIP гэх тав тухтай орчинд үйлчлүүлдэг юм байх. Нэг найз минь VIP салбарт нь андуураад орчихсон тухайгаа ярьж байлаа. Гэтэл банкныхан түүнийг алтан картгүйг нь мэдээд тун чиг дээрэнгүй өнгө аясаар харьцсан тухай ч учирлаж байв.
Банк санхүүгийн байгууллага ард түмний итгэл дээр суурилдаг. Ард иргэдийн итгэх итгэл алдарвал тухайн санхүүгийн байгууллага ч оршин тогтноход хүндрэлтэй болох бус уу. Гэтэл нийгмийн аль нэг хэсэг, тэр дундаа дундаж орлоготой иргэдийн итгэлийг аль хэдийнэ олж, басхүү тэдний мөнгөөр түнтийтлээ таргалсан ХААН банкныхан эдүгээ ард түмнээ бус алтан карттай, санхүүгийн чадамж өндөртэй үйлчлүүлэгчдээ хүнд тооцдог болжээ. Эрхэм уншигч та энэ өдрүүдэд банкны салбаруудын ажиллах цагийн хуваарийг хараарай. Бусад банкнуудын хувьд ерөнхийдөө өнөөдрөөс эхлээд харилцагчдаа хүлээн авч эхэлсэн байгаа. Харин өнгөрсөн долоо хоногийн 8, 9, 10-нд алтан карттануудаа үйлчилж байсан ХААН энэ сарын 11-15-ны өдрийг хүртэл амарна. Мөн орон даяар ажлын өдөр гэж зарласан ням гараг буюу энэ сарын 16-нд ажиллах эсэхээ жич зарлана гэх юм. Энэ мэтээр ард түмний гэх ХААН банкны нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн өнөөх имиж эдүгээ ийн өөрчлөгдөж, нийгмийн аль нэг хэсэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг банк болж “жижгэрсэн” бололтой.
mminfo.mn
URL: