Рестораны газын төхөөрөмж дэлбэрснээс Хятадад есөн хүн амь үрэгджээ
Өчигдөр буюу 14-ний даваа гаригт Хятадын төв хэсэг Шэньси мужид ажилладаг нэгэн ресторанд дэлбэрэлт болсны улмаас есөн хүн амь үрэгдэж, 34 хүн гэмтэж бэртжээ.
Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар дэлбэрэлт орон нутгийн цагаар 07.30 цагт болжээ. Дэлбэрэлтэд ойр хавьд зогсож байсан автомашинууд болон автобусны зогсоол ч өртсөн байна. Цонхны шил, рестораны агааржуулагч зэрэг зарим зүйлс тус газраас 50 метрийн зайд хүрсэн бол зарим шилний хэлтэрхий нь 2-3 км-ийн хол зайнаас ч олдсон байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж, дэлбэрэлтийн улмаас гарсан галыг унтраах зэрэг ажилд дөрвөн цагийг зарцуулсан байна.
Газар дээр нь ажилласан хүмүүсийн ярьснаар дэлбэрэлтийн улмаас хамгийн их хохирсон хүмүүс нь тухайн рестораны ойр хавьд явж байсан хүмүүс, түүнчлэн сургууль руугаа явж байсан хүүхдүүд болжээ.
Хохирогчдын нэг болох 11 настай сурагч “дэлбэрэлт хагархай шилнүүдийн хамт намайг маш хүчтэй цохиж би газар унасан” гэж сурвалжлагчид ярьжээ.
Дэлбэрэлтийн шалтгаан нь рестораны ашиглаж байсан хийн төхөөрөмж гэх урьдчилсан таамгийг гаргаад байна.
М.Жаргал
URL: