Тав даваагүй бөх
-Наадам тарчихсан байхад танай өлгөр хар ирээгүй л байна уу? Түрүү бөх дагаад, өөрөө түрүүлчихсэн юм шиг л баясаж яваа даа. Хоёрын даваанд л өвдөг шорооддог байж ингэж их бэлтгэл хийж яадаг байна аа хэмээн хажуу айлынх нь хүүхэн доогтой хэлснээ хаалгаа хаалгаа. Сумъяад хэлэх ч үг олдсонгүй. Нээрээ л наадам тарчихаад байхад эртхэн ирээд хүүтэйгээ жаахан ч гэсэн хамт тоглож болдоггүй л юм байх даа хэмээн тунирхан бодов. Бүтэн сар наадмын бэлтгэлд гарч, хөдөө гадаа явсаар эзэнгүй байсан аавыгаа хүү нь их санасан нь илт.
-Ээж ээ аав өнөөдөр ирнэ тийм ээ гэхэд
-Тийм ээ. Одоо наадам тарчихсан. Аав нь удахгүй ирэх байлгүй гэж хэлэх зуураа цайгаа юүллээ. Жил, жилийн баяр наадмаар хүүхнүүд нөхөр хүүхдээ дагуулан баяр үзэж, наадмын талбай явах гэж хувцас хунараа бэлтгэн бөөн л хөл хөдөлгөөн болно. Харин Сумъяа нөхрийнхөө дээлийг бэлтгэж, битүүхэндээ цол авчих болов уу хэмээн горьдон, “Хэрвээ цол авчихвал амьтан хүн ирнэ. Хоол ундтай байхгүй бол болохгүй” гэж бодон шинэ шөл уух нэрээр хонь гаргаж, хэдэн гайгүй чихэр, ганц хоёр шил архи авдарынхаа булан руу хадгалсаар арав гаруй жилийн наадмыг өнгөрүүлснээ санаад санаа алдлаа. Анх Сумъяаг Лодойтой сууж, гал голомтоо асааж байхад бүгд л “Бөх хүний гэргий болдог чи ч азтай юмаа. Танай хүн ч удахгүй цол нэмээд дээшээ яваад өгөх байлгүй. Танай Лодой ч сайхан залуу шүү” хэмээн ам уралдан шуугидаг байж. Гэвч арав гаруй жил өнгөрчээ. Лодой жилийн жилд сумын заан цолоо ахиулаад аймгийн начин болчих битүүхэн санаатай бэлтгэлд гарна. Дөрвийн даваанаас цааш ахисан нь үгүй. Гэлээ гээд бөхөө ч орхисонгүй. Саяхан л танай нөхөр ч том бөх болно хэмээн ам уралдуулдаг байсан найз хүүхнүүд нь
-Чи одоо цаад Лодойгоо боль гэж хэлээч. Нас нь ч гуч хол гарчихлаа. Гурвын даваанд хүрэлгүй л өвдөг шороодох юм. Ингэж бөх барилдана, бэлтгэл хийнэ гэж цаг, мөнгөө үрж байхаар эхнэр хүүхэд орон гэртээ санаа тавь гэж хэл л дээ хэмээн ятгана. Үнэндээ Сумъяа нөхөртөө боль гэж хэлэхийг хүссэн ч чаддаггүй байлаа. Зургаан сар гараад ирэнгүүт нөхрийнх нь хөл хөнгөрөөд л ирнэ. Хэр баргийн зүйлд ам нээгээд байдаггүй хөшүүн эр
-Миний гутал малгай, дээл хувцас, хоол унд гээд л амьсгаадаад эхэлнэ. Наадмын бэлтгэлд гарахад мөнгө төгрөг, хувцас хунар гээд баахан зүйл л хэрэгтэй болно. Гэвч Сумъяа яг л хол юманд аавтайгаа хамт явах гэж байгаа жаахан хүү шиг хөөрөх нөхрөө хараад дургүйцэж чаддаггүй байлаа. Тэгээд ч Лодойг дагаж жилийн жилд наадам хүлээн хөөрцөглөж, бас дотроо “Энэ маань энэ жил л нэг начин болчихож магадгүй дээ” хэмээн горьддог болсноо өөрөө ч анзааралгүй явсаар өдий хүрснээ сая л мэдэв.
Хажуу айлд зочид ирсэн бололтой. Дуу шуу болж, бөөн инээд наадам. Гэнэтхэн Сумъяагийн уур нь ч хүрэх шиг… Энэ олон жилийн наадмыг тэр гэртээ нөхрөө хүлээж, хүн амьтнаас цэнгэлдэх хүрээлэнгийн сураг сонсож өнгөрүүлснээ санаад санаа алдлаа.
Нар жаргасан хойно, харуй бүрийгээр Лодой гэртээ халамцуухан ирлээ. Хүрэн тэрмэн дээлнийх нь хоёр мөр гандаж, өнгөрсөн жил авсан гутал нь зулгаараа ханзарчээ.
-Хүүхэд шиг дээл хувцастайгаа ноцолдоод явж байдаг юм уу? хэмээн хэлэх гэсэн боловч Лодой түүний үгийг сонсох шинжгүй болохоор нь хоолой дээр гарч ирсэн үгээ буцааж залгихаас өөр арга байсангүй.
-Үгүй мөн ч сайхан наадам боллоо хө. Шинэ арслангийн гэрт очлоо. Баруун аймаг руу хэдэн бөхчүүд явж, сумын ойд очих гэнэ. Намайг хамт яваарай гэсэн хэмээн ярих Лодой яг л өөрөө түрүүлчихсэн юм шиг хөөрцөглөсөөр удалгүй унтаад өгөв. Тэр шөнө Сумъяагийн нойр хүрсэнгүй.
-Одоо л энэ хүнийг хазаарлаж авъя. Нас нь ч явчихлаа. Хэдий болтол бөх, тэх болно гэж хий дэмий л олны салхи дагаж хөөрцөглөж явах вэ дээ. Хүүхэд нохойн доог ч болж гүйцлээ. Хамаг ажил, амьдралаа алдаж байхаар орон гэрээ өөд нь татаж, өрх гэрийн эзэн шиг сууг. Ер нь энэ хүн барилдлаа гээд юу гийгүүлсэн юм. Сүүлийн хэдэн жилийн наадмыг би ганцаараа л өнгөрүүллээ. Бүхэл бүтэн сар гаруй наадмын бэлтгэл гэж явчихаад одоо бас сумын ой хэсээд байхдаа яахав дээ хэмээн бодсоор гоморхон бодсоор үүр цайх үед тэрбээр дугхийчихсэн байлаа. Гэнэтхэн
Энэ их баяр цэнгэлийн
Түгээмэл жавхлан бүрдүүлсэн
Түмэн олны дотроос шалгарсан
Монгол даяар алдартай
Хамаг олноо баясгуулагч
Харилтгүй зоригт
Хурц гарамгай
Хурдан шаламгай
Баатар зоригт
Бадрангуй хүчит
Өсөн нэмэх
Өрнөн дэлгэрэх
Улам улам сайжрах
Уран мэхт залуу бөх өө хэмээн бөхийн цол хангинатал дуудахыг сонсоод тэр сэрэв.
- Лодой зурагтаа асаачихсан юм байх даа. Хар үүрээр хүн ч унтуулахгүй хэмээн уцаарлан бодсоор өндийвөл хүү нь аавынхаа мөрийг түшээд зогсчихож. Нөхөр нь өвдөг дээрээ сууж, гурван настай хүүгийнхээ малгайг барьчихсан, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар цолыг дуудаж байгааг хараад Сумъяад хэлэх ч үг олдсонгүй. Хэдхэн цагийн өмнө л “Энэ хүнийг дахиж бөх барилдуулахгүй” хэмээн эрс шийдээд байсан Сумъяа инээмсэглэв.
-Найз одоохон бослоо. Хөдөө явах юм бол хувцасыг чинь бэлтгэе дээ гэж хэлэх зуураа тэр нөхрийгөө хайр дүүрэн харцаар харж байлаа. Яахав. Эцгийнхээ авч чадаагүй цолыг хүү нь хүртэж, давж чадаагүй давааг нь давах л байлгүй гэсэн омголон бодлыг нь хөглөн
Баруун талын засуул сонс оо!
Бөхийг амлая аа! хэмээн Лодой хүүгийнхээ цолыг дуудсаар…
Б.Цоожчулуунцэцэг
URL: