Х.Баттулга: Төрийн дайллагын сүүн хундагыг Төрийн нуруу түвшин, түмний заяа өөдөө байхын төлөө өргөе
Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулаг Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагын хүндэтгэлийн арга хэмжээнд өчигдөр оролцлоо. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн дайллагад оролцож үг хэллээ.
Тэрбээр ”Их эзэн Чингис хаан соёрхсон Монгол төрийн их баяр наадам дэлхийн сонорыг мялааж дэлгэр сайхан болж байна. Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүрэлцэн ирсэн гадаад дотоодын хүндэт зочид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нөхөд Та бүхэнд хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайны ерөөл өргөн дэвшүүлье.
Нар хур тэгширсэн налгар зуны энэ сайхан үдэш Та бүхэнтэйгээ уулзан золгож буйдаа туйлын баяртай байна.
Монгол наадам гэдэг монгол хүн бүрийн сэтгэлийн цэнгэл, баяр бахдал юм.
Сайн үгээ хэлэлцэж, сайхан дээлээ өмсдөг монгол наадам бол төрт ёсны гүн уламжлал, түүх соёлын их чуулган билээ.
Монгол төрийн нурууг түвшин залж, түмний заяаг өөд өргөж яваа эрхэм хүмүүст зориулсан Төрийн энэхүү дайллага ч гэсэн эртнээс улбаатай ёслол хүндэтгэл юм.
Монгол Улс өв уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний хөгжил дэвшил, ололт амжилттай хөл нийлүүлэн урагшилж явна.
Бидний ололт амжилт бол монгол хүн бүрийн ололт амжилт төдийгүй манай орон, байгууллага, ард иргэдтэй хамтран ажилладаг түншүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм.
“Хол хэмээн бүү цөх, явбал хүрьюү” хэмээсэн сургааль бий.
Та бүхэн минь улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улам бүр хичээж ажиллаарай.
Монгол Улсын Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагын хүндэтгэлийн сүүн хундагыг Төрийн нуруу түвшин, түмний заяа өөдөө байхын төлөө өргөе” гэлээ.
URL: