”Оюутолгой”-н зовлон

-Засгийн газар 3000 хүнээр хог шүүрдүүлэх саналыг нь хүлээгээд авчих байсан юм- Бразилийн тэрбумтан, дэлхийн ес дэх баян хүн Эйке Батиста нэгэн ярилцлагадаа “Миний баяжих яах вэ, хамгийн гол нь Бразил улс томрох л гол байна. Ингэхийн тулд  чадварлаг инженерүүд шаардлагатай. Харамсалтай нь бид өнгөрсөн хугацаанд хэтэрхий олон эмч, хуульч бэлдчихэж” гэж өгүүлсэн удаатай. Яг л Монгол орныг хэлчихсэн мэт санагдах түүний энэ үгийг эрх баригчид одоо ч тусгаж авахад оройтоогүй байна.

Үсрэнгүй хөгжлийг ямар мэргэжилтнүүд хийдэг вэ гэдгийг бид “Айвенхоу майнз” компанитай хамтран “Оюутолгой” төслийг эхлүүсэн ахархан хугацаанд мах ясандаа шингэтэл ойлгож авцгаав. “Хөгжлийг үйлчилгээний мэргэжилтнүүд хийдэггүй, мэргэжлийн бус хар ажилчид бүр оролцдог ч үгүй юм аа” гэдгийг тэд бидэнд “3000 хог шүүрдэгч” гаргаж өгөх саналаараа маш гашуунаар ойлгуулсан билээ. Монголын талаар “Хүн амын 99 хувь нь бичиг үсэгт тайлагдсан, хамгийн боловсролтой орны нэг” гэсэн төсөөлөлтөй байсан дэлхийн олон нийт монголд “Оюутолгой”-д ажиллах 4000 хүрэхгүй ажлын байрыг дүүргэчих боловсон хүчин алга гэхэд гайхах нь дамжиггүй.

Монгол орны нэр хүндийг энэ явдал “шавартай хутгасан” гэдэгтэй хэн ч санал нэгдэх биз. Эдүгээ Улаанбаатараас Өмнөговийг зорьсон их нүүдэл ид үргэлжилж байна. Гэхдээ бидний нүд үзүүрлээд байхгүй болчих юм бол бүх зүйл сайн сайхан болчих юм шиг санадаг боловсролгүй, тийм болохоор ажилгүй, ядуу хэсэг нь биш, улсын хөгжлийг тодорхойлж, хувь нэмрээ оруулж байгаа хэсэг нь гарч явж байна. “Оюутолгой явах юм сан” гэсэн үг жирийн иргэд байтугай төсвийн албан хаагчдын амны уншлага болжээ.

Тэд “тэгэс ингэс” гэж байгаад Оюутолгойд шингэчих хүсэл тээж явна. Гэтэл эрх баригчид “Оюутолгой” ХК-иас нэхээд байгаа 4000 ажлын байрыг дүүргэх битгий хэл, хоосорсон орон зайгаа ч нөхчих хэмжээний боловсон хүчний нөөцгүй сууж байсан байна. Тэгсэн атлаа “Манайд ажиллах чадвартай боловсон хүчин Монголд алга байна шүү дээ” гээд байхад л “Оюутолгой”-гоо дарамтлаад байдаг.

Олон улсын хэмжээнд ажиллаж, нэг талаараа Монгол Улсын нэрийн хуудас болох ёстой тус байгууллага одоо эрх мэдэлтнүүдийн “хамаатан”, “дотны найз” гэх мэргэжлийн бус улсуудаар дүүрч байгааг ч газар дээр нь ажиллаж байгаа зарим нэг эх сурвалж хэлж байна. Энэ хэрээр ажил ч удааширч байгаа нь мэдээж. Яг үнэндээ Монгол Улсад өнөөдөр боловсон хүчний хямрал нүүрлээд байна. Хот, хөдөө хааяагүй мэргэжилгүй харчууд, хүүхнүүд.

Тэднийг яаж ажилтай болгох вэ гэдэг нь үнэн хэрэгтээ Оюутолгойд монгол ажилтан оруулахаас ч чухал асуудал. Гэтэл ажлыг нь өмнөөс нь хийгээд нийслэлд 3000 ажлын байр гаргаж өгье гэж байхад нь бардам зандаа хөтлөгдөөд эргэцүүлэлгүй “Байж боломгүй доромжлол” гэж ам, амандаа хашгирцгаасан. Гэтэл үнэндээ Монголд мэргэжилтэй хүн мэргэжилгүй хүн дэндүү олон байна, тэдэнд л анхаарал хандуулах ёстой юм байна гэдгийг тэд олоод харчихсан л байгаа юм шүү дээ.

Угтаа бол мэргэжилгүй байна гэдэг тэдний буруу биш, нийгмийн буруу. Жишээлбэл, зарим нэг мунхаг эцэг эхчүүдийн “Эмэгтэй хүүхдээ сургана, эрэгтэй хүүхэд яах вэ, хар ажил ч гэсэн хийгээд амьдарна биз” гэсэн бодлогын золиос болж хар ажил хийж байгаа залуустай уулзаж явлаа. Уг нь бол аль ухаантай сэргэлэнг нь боловсролтой болгоё гэж бодох байтал тэгдэггүй. Гэтэл эцэг эхийн найдлага хүлээсэн охин нь ямар ч авьяас чадвар байхгүй, хичээлээ таслахгүй, лекцээ яс бичсэнийхээ шанд л диплом өвөртлөх нь олонтаа.

Ийм байдлаар хичнээн сэргэлэн залуусаа алж хаясныг хэн ч мэдэхгүй. Монголчууд хүний чадвар 40 насанд тогтдог гэж үзэн ид хийж бүтээх насандаа яваа, хий нь арилсан эрчүүдээ “40 хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэж нэрлэдэг. Гэтэл 40 гарсан эрчүүдэд өнөөгийн нийгэмд ажил олддог бил үү. Үгүй шүү дээ. Нэгэнт ийм алдаа хийсэн юм чинь залуусаа юу юм гэхэд ажилд гологдоод байгаа хижээл насныхныгаа ажилтай болгочихье гэж яасан боддоггүй улс вэ, энэ эрх баригчид чинь.

Улаанбаатар цэмбийнэ, “арчаагүй”, “архичин”, “гуйлгачин” түүлгэчинээрээ дуудуулж явсан 3000 хүн ажилтай болж “аав”, “ээж” гэж ам бардам нэрлүүлэх эрхтэй болно. Энэ тийм муу зүйл үү. Оюутолгойд бол яах вэ, мэргэжилтнээ бэлдэж байтал яваандаа болно. Таван жилийн дараа “Бид чадвартай хүмүүсээ бэлдчихлээ гэрээнийхээ заалтыг биелүүл” гэж хэлж болно. Харин одоо бол мэргэжилгүй хүмүүсээ л ажилтай болгомоор байна шүү дээ. Боловсролын салбарт гарсан гажуудал, амар хялбар амьдрал зохиох хүсэл нийлээд Монголыг баахан хуульч, эдийн засагч, жүжигчин, дуучдаар дүүргээд хаячихсан.

Алсдаа алдартай дуучин болох амбицтай нөхөр яг хар ажил хийнэ дээ. Нэр алдарт хүрсний дараа сонинд бичээд төвөг болно гэж бодож байгаа. Үнэн хэрэгтээ байдал ийм л байна.
Хатуухан хэлэхэд, Засгийн газар 3000 хүнээр хог шүүрдүүлэх саналыг нь хүлээгээд авчих байсан юм.

Х.БАТСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих