Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангарга өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын УИХ-д тангараг өргөх ёслолын арга хэмжээ Төрийн ордны их танхимд боллоо. Ингээд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга  “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдлэн хамгаалж Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангаргалъя” гэж тангараг өргөлөө.

Үүний дараагаар түүнд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тамгыг гардуулж өгсөн юм. Мөн иргэдийн төлөөлөл шинэ Ерөнхийлөгчид хандаж үг хэллээ.

Үүний дараагаар шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д хандаж үг хэллээ. Тэрбээр “Монголчуудаа элэг нэгт ахан дүүсээ УИХ-ын эрхэм гишүүдээ хүндэт хадагтай ноёдоо.  Миний бие иргэд сонгогчдынхоо хүлээлгэж буй өндөр найдлага юм. Би Ерөнхийлөгчийн албыг ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин сэтгэлээр ажиллах дуудлага гэж найдаж байна. Итгэл өгч улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ талархал илэрхийлье. Мөн хамтран өрсөлдсөн нэр дэвшигчиддээ талархал илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр ч удаа сонгогдсон Ц.Элбэгдоржийн цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэгт ажилд та бүхнийхээ итгэлээр томилогдлоо. Их Хурлын эрхэм гишүүдээ, би нэн түрүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлээс гаргах асуудлаар хамтарч ажиллах бодолтой байна. Ядуурал, ажилгүйдлыг арилгахын төлөө та бүхэнтэй хамтарч ажилламаар байна. Та бүхний зөв зүйтэй бүхнийг би дэмжиж ажиллана. Дутуу дульмаг шийдвэр, хууль гаргавал шүүмжлэх болно. Бид иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна. Миний бие хууль ёсыг уландаа гишгэсэн түшмэдийн бодлогыг хэзээ ч дэмжихгүй. Тэдний бусармаг явдлыг таслан зогсооно. Иргэдээ ядууруулж цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Мөнхийн хоёр хөрштэйгээ бүх тал дээр хамтарч ажиллана. Монголын маргаашийг, эх орныхоо төлөө хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна. Мөнх тэнгэр биднийг эвээг. Сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай. Монгол Улс хөгжин бадартугай” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих