СУЛ ШҮҮХТЭЙ УЛСЫН ХӨГЖИЛ 10-20 ХУВЬ СААРДАГ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх П.Цагаантай Шүүх эрх мэдлийн шинэчлэл болон үүнтэй холбоотой хэрэгжих хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн тухай багц хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц ямар байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийг бэхжүүлэх үүднээс өнгөрсөн хугацаанд судалгаа хийсэн. Шүүхийн байгууллагаас гадна бусад төрийн бус байгууллага, гадаадын, хуульчдын байгууллагуудын шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудалд ажиглалт хийлээ. Түүнээс гадна төрийн болон хуулийн байгууллагуудын хүмүүстэй ч уулзаж ярилцсан. Өнгөрсөн 4 дүгээр сард ”Шүүх эрх мэдэл-шударга ёс” үндэсний чуулга уулзалт хийлээ. Чуулга уулзалтын 15 салбар хуралдаанаас гарсан зөвлөмж болгонд Монгол Улсад шүүхийн шинэтгэлийг хийх үү, үгүй юу гэдгийг бус шинэтгэлийг хэрхэн хийх вэ гэдэг талаар олон зуун үнэтэй санал зөвлөмж гарсан юм. Ингээд 15 салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжүүдэд тулгуурлан өнгөрсөн 20 жилийн алдаа оноо, цаашдын чиг хандлага, бусад орны туршлага зэргийг бас судалсан. Хамгийн байж болох саналууд дээр тулгуурлан Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн бариад УИХ хэлэлцье гээд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд ч мөн шүүхийн шинэчлэл хийж ирсэн. Одоогийн шинэчлэлд шинээр ямар зүйлүүд тусгагдаж байгаа вэ?
-Манайх ардчилсан сонголт гэдэг ч юм уу засгийн эрхийг хуваарилах онолын дагуу батлагдсан шинэ Үндсэн хуулийн 20 жилийн ой болох гэж байна. Ардчилсан нийгэм байгуулна гээд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш байнга шинэчлэл хийгдэж ирсэн. Гэхдээ өнөөдөр бүх төрлийн судалгаагаар шударга ёс болохгүй байна, шүүх шударга биш байна, олон түмний итгэл бага байна гээд шүүхийг шинэтгэх шаардлага олон зүйлээр харагдаж байна. Монгол Улсыг сайн сайхан болгоход хоёр зүйл хэрэгтэй. Эхний нь сайн засаглал, дараагийнх нь сайн шүүх. Шүүхийн тухайд хэлэхэд шударга, хараат бус шүүх өнөөдөр хамгийн чухал. Шударга нийгэмд амьдрах нь шударга шүүхтэй байхаас шалтгаална. Энэ нь Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байгаа. Сайхан хууль баталж болно. Тэр хууль нь заавал биелэгддэг байх хэрэгтэй. Хэрвээ биелэгдэхгүй бол шүүх албадан хэрэгжүүлэх тогтолцоо хэрэгтэй. Шүүх эрх мэдэл гэдэг нь зөвхөн шүүх биш. Өргөн утгаараа хэрэглэгдэнэ. Мэдээж шүүх, өмгөөллөөс гадна хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, дараагаар нь шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх, ял эдлүүлэх гээд хууль хамгаалах, хэрэгжүүлэх бүх байгууллагуудыг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Эдгээрээс онцлоод шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог субьектууд болох шүүхтэй холбоотой багц хуулийг өргөн бариад, УИХ Шүүхийн шинэчилсэн хуулийг хэлэлцэж баталбал Монгол Улсын хөгжил дэвшил илүү найдвартай, баталгаатай болно гэж үзэж байгаа юм.
- Хуулийн төсөлд тусгагдсан гол шинэчлэлүүд юу байгаа вэ?
-Үүнд олон зүйлийг хэлж болно. Шүүхийн бие даасан хараат бус байдлын тухай. Шүүхийн бие даасан байдлыг яаж хангаж байна вэ. Нэгдүгээрт, хөрөнгө санхүүгийн асуудлаа Шүүхийн ерөнхий зөвлөл шууд УИХ-д өргөн барьдаг байх хэрэгтэй. Зохион байгуулалтын тухай хуульд шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргаа гэдэг нь бие даасан, тусдаа байх хэрэгтэй. Одоо бол Шүүхийн ерөнхий зөвлөлийг Ерөнхий шүүгч давхар хариуцаж байна. Манайд өнөөдөр анхан шатны, давж заалдах хяналтын шатны шүүгчид, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагаас дэвшүүлсэн дөрвөн орон тоотой Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж байна. Энэ хүмүүс нь одоогийнх шиг үйл ажиллагаагаа явуулахгүй. Ил тод байдал, хүнийг бэлтгэх, боловсрол олгох гээд шүүхийн захиргаа гэж бие даасан институцийг бий болгож байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд шүүгчийг шилж сонгох, шүүхийн бие даасан байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл байна гэж заасан байдаг. Энэ заалт бүрэн утгаараа энэ хуульд тусгасан байгаа. Үүнээс гадна Шүүгчийн хараат бус байдлыг тусгаж өгсөн. Шүүгч нь төрийн байгууллага, бусад хөндлөнгийн нөлөөллөөс гарах, бусад шүүгчдээсээ хараат бус байх талаар хуулиар зааж өглөө. Ингэхдээ Нөлөөллийн мэдүүлэг гэсэн цоо шинэ зүйлийг гаргаж ирсэн. Шүүгч хэрэг маргааныг хүлээж авчихаад холбогдох талуудад энэ тухайгаа мэдэгдэнэ. ”Би энэ хэрэг маргааныг хүлээж авлаа. Хэлэлцэхэд нөлөөллийн оролцоо байж болохгүй. Хэрвээ та бүхэн нөлөөлье гэвэл өмгөөлөгчөөрөө дамжуулж хэлээрэй.” гэж танилцуулаад хоёр талаар гарын үсэг зурна. Ингээд хэрэг маргааныг шийдвэрлэхэд шүүгч нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж, бөглөнө. Хэрвээ ямар нэг байдлаар шүүгчийн ажиллагаанд нөлөөлсөн байвал мөн түүнийгээ мэдүүлнэ. Нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээж авчихаад нөлөөллийн мэдүүлэгт дурдагдсан хүмүүст заавал хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог бий болгох юм. Хэрвээ төрийн албан хаагч шүүгчид нөлөөлсөн байх юм бол тэр хүнийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно. Шүүхэд хөндлөнгөөс нөлөөлбөл албан тушаалаасаа чөлөөлөгдөөд зогсохгүй торгууль хүлээж, баривчлагдан, захиргааны хариуцлага авна. Үүнээс гадна шүүгчийн хараат бус байдлыг хангахын тулд цалин хөлсөөр нь хангаж өгнө. Цалин нь жил бүр нэмэгдэж байх юм. Хэрвээ хүсвэл шүүгч 65 хүртэл насалтлаа ажиллах бололцоотой юм. Эдийн засаг, хууль зүйн баталгааг нэг ёсондоо хангаж өгч байгаа юм. -Нөлөөллийн мэдүүлгийг үнэн зөв мэдүүлж байгааг хэрхэн хянах вэ?
-Шүүгч үнэн зөв бөглөнө гэж гарын үсгээ зураад өгч байгаа. Хэрвээ ямар нэг буруу бөглөсөн бол тухайн өөрөө хариуцлага хүлээнэ. Энэ нь манайд нэвтрээгүй шинэ үзүүлэлт. Үүний олон зүйлийг сайшааж байгаа.
-Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд юу нөлөөлөх бол?
-Шүүхэд итгэх олон түмний итгэлийг нэмэгдүүлэхэд шүүхийн нэр хүндийг сайжруулах хэрэгтэй. Үүнд шүүн таслах ажиллагаанд оролцох иргэдийн төлөөллийг өнөөгийн байдлаас өөрөөр түвшинд оролцуулахаар болсон. Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж цоо шинэ хууль өргөн барьсан байгаа. Энэ нь иргэдийн төлөөлөгчийн оролцох оролцоо, гаргах санал, шүүгчидтэй адилхан шийдвэр гаргах түвшинд нөлөөлөхүйц байх юм. Өнөөдрийн хуулиар нэг хүн хоёр жилд нэг удаа шүүх хуралдаанд оролцоно. Хэрэг маргааны үндэслэл нь бие биенээ таньдаг хүмүүсээс л гардаг юм. Танихгүй хүмүүсээс маргаан гараад байдаггүй. Нөгөө талаасаа маргааныг шийдвэрлэх эцсийн зорилгод нэг нь баярлаад, нөгөө нь гомддог. Тиймээс Эвлэрүүлэн зуучлалын талаар хуульд тусгаж байна. Хамгийн сайн маргаан бол үүсээгүй маргаан байдаг. Дараагийнх нь хоёр талын сэтгэл ханамжид нийцүүлэн шийдэгдсэн маргааныг хамгийн сайн маргаан гэдэг. Хоёр талын сэтгэл ханамжид нийцүүлэн шийдэх маргааныг Эвлэрүүлэн зуучлалаар шийдэх юм. Японы Жайка хөтөлбөртэй хамтраад энэ аргыг туршиж үзсэн. Олон улсад энэ аргыг мөн хэрэглэдэг юм байна лээ. Эвлэрүүлэн зуучлалын өртөг зардал нь маш бага байдаг.
Дараа нь Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуульд нийтлэг ёс зүйн хэмжээг өндөрсгөх, бие биедээ хяналт тавих, төрийн зарим үүргийг бусад байгууллага руу шилжүүлэх, хуульчдыг бэлтгэдэг сургуулиудын чанарт анхаарах зэрэг олон багц асуудлыг шийдэж байна. Хуульчид шүүлтүүрт өөрсдөө оролцож хяналт тавьдаг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг нь нэр дэвшүүлдэг зэрэг маш олон шинэчлэлийн ажил хийгдэнэ. УИХ туршлагатай олон хуульчидтай, өнгөрсөн хугацааны алдаа оноо, зовлон жаргалыг мэддэг, нийгмийн хүлээлт байгаа гэдгийг сайн харж байгаа. Өнөөдөр Монголд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол шударга ёс. Энэ нь хууль зөрчсөн бол зөрчсөн, зөрчөөгүй бол зөрчөөгүй, маргааныг хар цагаанаар шийддэг шүүх хэрэгтэй. Үүнийг Монголын иргэн бүр хүсэн хүлээж байгаа юм. Өнөөгийн УИХ-ын гишүүд үүнийг ойлгоод, түргэн шуурхай баталж өгвөл, энэ парламентаас нийгмийн хөгжилд оруулж байгаа маш том хувь нэмэр болно.
-Шүүхийн нийгэмд гүйцэтгэх үүрэг улам л өндөрсөж байгаа гэдэг?
-Шүүх хэрэг маргааны үнэн зөвийг шийдэхээс гадна эдийн засагт ч нөлөөлдөг. Сул шүүхтэй улсын эдийн засгийн хөгжил байх ёстой түвшингээсээ доогуур байдаг нь олон улсын судалгаагаар нотлогдсон. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар шударга биш, сул шүүхтэй газар эдийн засгийн хөгжил нь 10-20 хувиар саардаг. Хэрвээ сайн байх юм бол хөгжил нь урагшилна.
Тухайлбал, Монголд үүссэн хэрэг маргааныг тухайн улсад нь шийдүүлэхгүйгээр төлбөр төлөөд, хуульч хөлслөөд, гадаадад шийдвэрлүүлж байна. Энэ нь Монголын шүүх, арбитр, хуулийн байгууллагуудад итгэл итгэл бага байгаа, тэр хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангаж чадах хуулийн байгууллага Монголд байхгүй байгааг л харуулаад байгаа юм. Ядахдаа Монголд үүссэн маргаан нь Монголдоо шийдвэрлэгддэг байг л дээ. Цаашлаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шударга шүүхтэй болох юм бол манай хөрш зэргэлдээ ч юм уу, бусад орнуудаас маргаануудыг шийдвэрлүүлэх санал хүсэлт орж ирвэл манайд л хөрөнгө оруулалт орж ирнэ шүү дээ. Маргаан үүсгүүлж байгаа хүмүүс чинь манай онгоцоор ниснэ. Манай улсын зочид буудалд бууна, ресторанаар үйлчлүүлнэ, цаашлаад манай дотоодын үйлдвэрийн ноос ноолууран хувцсыг худалдана авна гээд эдийн засагт маш эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс шүүхийн шинэчлэл, шударга ёсны тогтолцооны асуудал бол хөгжлийн асуудал болон хувирч байна. Энэ нь манай ардчиллын хөрөнгө оруулалтын баталгаа болон хувирч байгаа юм. Шүүхийн шинэчлэлтийг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль гэж хандахаасаа илүүтэй нийгмийн хүлээлт, захиалга, хөгжлийн эрх ашиг шаардаж байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байна. Хэдэн мянган ам.доллараар яригдаж байсан бол хэдэн сая, тэрбум доллараар ярьж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ гэдэг чинь маргааны хэмжээ хүртэл нэмэгдэж байгаа. Ийм үед шударга бус үйлдэл газар авбал нийгэм тогтворгүй болж, иргэдийн итгэл энэ хэрээр алдарч, хөрөнгө оруулалт буурна. Тийм учраас бие даасан хараат бус бодлого, засаглалтай болно гэдэг нь Монголын хөгжлийн амин чухал, тулгын гурван чулуу болсон асуудлыг нэг болоод байгаа юм. Үүнийг цаг алдаж болохгүй асуудал. Өнөөдөр 435 шүүгч байна. Энэ хүмүүсийнхээ мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж, сайн хүмүүсийг оруулах эрхтэй. Цаг хугацаа шаардсан чимхлүүр ажил юм.
-Монголын шүүх нэр хүндтэй байсан бол ”Алтан дорнод Монгол”-ын асуудлаар манай дотоодын арбитрт хандаж болох байсан болов уу?
-Тийм ээ, ”Алтандорнод Монгол”, ”Хаан ресорс” гээд. Тухайн эрдэс баялаг нь Монголд байгаа, компани нь бас Монголд, хүмүүс нь Монголд. Гэтэл маргаан үүсгэгчид Герман, Парис руу яваад. Монголын хуулийг орчуулаад, зардал гаргаад, хуульч өмгөөлөгч хөлслөөд хэргээ шийдүүлж байна. Тэмээн дээр ямааны гарз гаргаж байгаа юм. Тиймээс л шударга, чадалтай шүүх арбитртай болбол иргэд нь ядаж Монголдоо хэргээ шийдүүлнэ. Манай хуульчид бусад орны хуульчидтай мэдлэг боловсролоороо өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй. Бид энэ бүхнийг иж бүрнээр нь шийдэхийг хичээж байна.
Шүүхийн бие даасан байдал, ил тод байдал, шударга, олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй гээд асуудлыг цогцоор нь шийдэж байна. Хуулийн төсөл дээр Монголын шүүх арбитрын байгууллагаар маргааныг шийдвэрлүүлнэ гэдэг заалт оруулж байгаа юм. Шүүхийн ачааллыг бууруулах, хүрээ татах талаас нь зөв ажиллах хэрэгтэй. Дээр нь манай шүүх прокурорынхон ч гэсэн идэвхтэй оролцох хэрэгтэй. Хуулиа шүүгчид сайн судлах хэрэгтэй. ”Нэг үхрийн эвэр хугарвал мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг нэг шүүгч буруу шийд гаргавал нийт шүүгчдийн нэр хүндэд халгаатай болох юм. Тийм учраас бүх шүүгчид мундаг, чадалтай, боловсролтой байх шаардлагатай юм. Энэ бол үнэхээр амаргүй ажил. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд тал талдаа ажиллах хэрэгтэй. Энэ шинэтгэл бол Монголын өөрсдийнх нь шинэтгэл. Өөрсдөө санаачилсан ажлаа сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Шүүхийн шинэчлэлийн асуудалд сэтгүүлчдийг хамруулсан байсан. Сэтгүүлчдийг хамруулснаар үр дүн гарах уу?
-Шүүхийн шинэчлэлд нийгмийг татан оролцуулах үүднээс сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж байгаа юм. Төр, нийгмийн гүүр болсон сэтгүүлчид энэ талаар нийгэмд хүргэж байх юм. Тиймээс сэтгүүлчдийг шүүх шинэчлэлийн талаарх хөтөлбөрт хамруулсан. Манай сэтгүүлчид бүх сэдвээр бичдэг. Ардчилал хөгжсөн орнуудад хэвлэл мэдээллийн байгууллага шүүх, эрх мэдлийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчидтэй байдаг. Шүүх шударга ёс яаж явагдаж байна вэ гэдгийг дагнан бичдэг сэтгүүлчидтэй байхын тулд сэтгүүлчдээ багтаасан юм. Өнөөдөр манайд парламентын сэтгүүлч, бүр холбоо нь ч байгуулагдаад байна. Үүнтэй л адил шүүх, эрх мэдлийн сэдвээр дагнан бичих армийг бий болгохоор ярьж байгаа юм.
-Ерөнхийлөгч цаазын ялыг халах санал гаргасан. Энэ асуудал одоо ямар шатандаа явж байгаа вэ?
-Олон улсын “”Гавгүй гар” гэдэг зарчим байдаг. Цаазаар авах ялын талаар одоо байгаа судалгааг харахад аймшигтай тоонууд гардаг. Эмэгтэй хүнийг амьдаар нь олны өмнө чулуугаар цохих алахаас эхлээд цахилгаанаар амийг нь хөнөөх гэх мэтээр 10-аад янз байдаг. Зүүний үзүүр дээр тогтсон ширхэг будааны адил ховор олддог хувь заяа гэсэн бурхны сургааль байдаг. Төр гэдэг цагдаатай, армитай, танктай шоронтой, энэ машин иргэнээ барьж аваад ямар нэг аргаар амийг нь хорооно гэдэг байж болох уу гэдгийг бүр гүн ухааны талаас эхлээд дэлхийн хөгжлийн чиг хандлага, өмнө нь тохиолдож байсан гашуун туршлагаас ч бодож үзэх хэрэгтэй. Цаазлуулсан хүн үг хэлэхгүй. Гэтэл цаазлуулсныхаа дараа гэм буруугүй нь тогтоогдож цагаадсан тохиолдол дөнгөж сүүлийн 10 жилийн дотор Монголд гарлаа шүү дээ. Цааз авсан хүн нь хэлмэгдсэн байна. Гэтэл ийм үнэ цэнтэй юмыг төр хөнөөж байгаа нь маш их хэцүү асуудал. Зарим орон Үндсэн хуульдаа цаазгүй гэж заасан байдаг. Хөгжөөд л болоод л дэг журамтай явж байна. Заавал цаазтай байж дэг журам тогтдог гэвэл тийм биш шүү дээ. Манайд хэчнээн хүн цаазлуулав. Тэгээд цөөхөн монголчууд. Шүүхийн хүчин төгөлдөр хууль ёсны шийдвэрээс бусдаар хүний амийг хороохыг хориглоно гээд Үндсэн хуульд заачихсан. Энд нэг асуудал байгаа. Үндсэн хуульд ингэж заасан байлаа ч заавал хөнөө гэсэн үг биш. Хэрвээ цаазаар авах ялыг халах тухай гэрээнд нэгдэж орвол Эрүүгийн хуулийн ялын бодлогод өөрчлөлт орж ч болох юм. Зарим газар бүр 30 мянган жилийн ялтай байгаа шүү дээ. 200 жилийн ял өгчихсөн байдаг. Мэдээж тэгж наслах хүн байхгүй. Манайх болохоор 20-25 жил гэж байдаг. Магадгүй тэр нь хугацаагүй болох ч юмуу, тэрийг одоо шууд хэлж мэдэхгүй байна л даа. Тэгэхээр нэг бол цааз, нэг бол 25 жил гэдэг заалттай уялдуулаад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болох байх аа. Манайх ардчилсан улс юм чинь энэ асуудлыг ярьж байгаад нэг шийдэл олох байх. Харгис хэрцгий байснаараа улс сайн сайхан болдоггүй гэдгийг амьдрал харуулсан. Ерөнхийлөгчийн байр суурь бол цаазгүй улс болъё гэж, цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдэх саналаа УИХ-д оруулсан. УИХ хэлэлцэж байгаад тодорхой шийд гаргах байх аа. Ерөнхийлөгч цаазаар авах дээд хэмжээний ялын нэг ч гүйцэтгэлийг зөвшөөрөөгүй. Сая хүрэхгүй хүнтэй байж дандаа сор болсон 30 гаруй мянган хүнээ цаазалсан шүү дээ. Магадгүй 30 жилийн ялтай байсан бол тэр хүмүүс цагаадаад, улс орон маань өнөөдрөөс ч илүү хөгжилтэй байх байсан ч юм билүү. Ийм бэлээхэн гашуун сургамж байж байхад цааз байх уу үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Их гүн ухааны шинжтэй хариулт хэрэгтэй л дээ.
Ш.Эрдэнэчимэг
URL: