Сошиал солиорлын гол тайз Фэйсбүүк
Дорнын улсууд дунд өрнийн соёлтой, амгийн эрх чөлөөтэй нь болох монголчууд бид дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж чаддаг. Интернэт гээч зүйл нэвтэрснээс хойш сошиал медиаг хэрэглэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж ирсэн. Нэн ялангуяа фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 1.7 саяд хүрээд байгаа гэсэн албан бус тоо бий. Манай улсын фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг хүмүүсийн насанд хүрэгчдийн 70 хувийг 18-34 насныхан эзэлж, тэдний 72 хувь нь эрэгтэйчүүд байгаа гэдэг. Хэдий тийм ч дийлэнх хувийг эзэлдэг эрчүүдийн идэвхи эмэгтэйчүүдийнхээс бага. Эрэгтэйчүүд хоногт 5 сэтгэгдэл бичиж 16 лайк дардаг бол эмэгтэйчүүдийн хувьд өдөрт 9 сэтгэгдэл, 21 лайк, бусад хэрэглэгчдийн 5 постыг цааш түгээж, сурталчилгаа бүхий мэдээ 14-ийг уншдаг байна.
Сошиал медиагийн хүчний сүүдрийг бид Ерөнхийлөгчийн сонгуулийн жишээн дээр тодхон харлаа.
Дэлхийг аалзны шүлс шиг бүрсэн интернэт гэгч зүйл фэйсбүүкийн ачаар жинхэнэ утгаараа хөгжин, хэрж байгаа билээ. Бидний дэндүү эрх чөлөөт амьдрал, хэв маяг сошиал ертөнцөд ч тусгалаа олж хэн нэгнийг шүүмжлэх, гүтгэх доромжлох, хувь хүний үзэл бодолд халдан зураг хөрөгтэй нь постлон Монголдоо бүү хэл дэлхий ертөнцөөр нэг цацаж эхэлсэн. Сайхан сэтгэлийн хандив гуйсан постны дансны дугаарыг фотошоп программаар засан өөрийн дансыг бичиж, хуурамч хаягаар бараа бүтээгдэхүүний захиалга аван луйвардахаас эхлээд өс санасан нэгнийг зураг хөрөгт нь худал гүтгэлэг хадан түгээх, цаашлаад санаанд багтахгүй олон аймшигт зүйлс сошиал ертөнцөд өрнөж, хүний нийгмийг талцуулсаар. Хүний мууд дурлах атаархуу зандаа дийлдсэн хүмүүс энгийн нэг хүүг өөрийн хувийн цахим хуудсаар үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө доромжлон зүхэж, элдвээр нь дуудаж түүнд нь татагдсан түмэн хүн дунд өнөөх нь бяцхан “Од” болж байх жишээний. Иргэдийн үзэл бодол, өнгө үзэмжин дундах сошиал тулаан өртөж хохирох нэгэн байхад олзтой буцах нэгэн ч бий. Нэр ус, болсон явдал бүрийг нь дурьдан жишээлнэ гэвэл нэг нийтлэл, нэг сэтгүүлийн дугаар ч үл хүрэлцэх хэмжээний их баримт байх аж.
Дэлхий сошиал ертөнцийн ашиг шимийг хүртэхдээ аюул заналын сүүдэртэй талыг нь марталгүй сэрэмжилж байхад бид хувь хүний эрх чөлөө нэрийн дор дуртайгаа бичиж, хүссэн хүнээ гүтгэх нэгнийг өөгшүүлэн суух нь харамсалтай.
Хүний сониуч занд хязгаар үгүй. Өсвөр насны хүүхэд, залуусын сонирхол, хайнга байдал зэрэг нь бусдын өгөөш болдог саарал үед амьдарч байгааг илтгэсэн олон жишээ бий. Хамгийн сүүлд гэхэд фэйсбүүк сүлжээг ашиглан ихэвчлэн өсвөр насныханд даалгавар өгч өөрсөддөө гэмтэл учруулж, эцэст нь амиа хорлоход хүргэдэг Цэнхэр халим гэх тоглоом хойд хөршид гарч цагдаагийнхан гэмт хэрэгтнийг баривчлаад удаагүй байхад манай улсын цөөнгүй өсвөр настнууд уг тоглоомыг үүсгэн биеэ гэмтээсэн тохиолдол гарсан. Монгол Улсад Цэнхэр халим тоглоомын групп үүсгэн, хүүхдүүдэд даалгавар өгч байсан хэрэгтэн нь өөрөө насанд хүрээгүй өсвөр насны хөвгүүн байсан гэж зарим эх сурвалжуудад дурджээ. Гэнэн атлаа сониуч зангийнхаа золиос болон хэрэгтэн болсон тэр хүү, түүний даалгавраар биедээ гэмтэл учруулсан гэх хүүхдүүд бүгд сэтгэл санааны хувьд ч гэмтсэн гэдгийг мартаж болохгүй. Эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн анхаарал халамж буурахад л олон нийтийн сүлжээнд нэгэнт татагдан орсон хүүхдүүд сониуч зангийнхаа золиос болох бүх нөхцөл бүрджээ. Мөн хар тамхи, мансууруулах бодисын худалдаа фэйсбүүкээр өрнөж, өсвөр насны охидын биеэ үнэлэлт ч фэйсбүүкээр зуучлагдаж байгааг мартаж болохгүй.
Фэйсбүүк сүлжээнд хүссэнээрээ байх орчин нөхцөл бүрдсэн нь хүний эрхийг хангасан мэт боловч нөгөө талаас хүүхдийн эрхийг зөрчиж буй гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Саяханы жишээ. Осоржамаа гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч залуугийн хийсэн live – шууд дамжуулалтыг нэг дор 9000 гаруй хүн үзсэн тухай мэдээлэл цахим орчинд түгсэн.
Осоржамаа гэх залуугийн биеэ хэрхэн авч явж буй талаар, бие махбодь, үзэл бодлоо илэрхийлж буй байдлыг магтсан, шүүмжилсэн, доромжилсон 9000 гаруй хүн фэйсбүүк сүлжээнд нэг дор цугларч олон зуун сэтгэгдэл хөвөрч байлаа. Хэрэв тэр залуу өөрийг нь үзэж буй 9000 гаруй хүний нүдэн дээр буруу дуулах биш, үзэл бодлоо илэрхийлэх бус өөр ямар нэгэн байдлаар гаж, харгис үйлдэл гаргаж, хүний амь бүрэлгэж, хэн нэгнийг хүчирхийлсэн бол яах вэ? Түүнийг үзсэн 9000 гаруй хүний хэд нь өсвөр насны хүүхэд байсан бол гэдгийг өнөөдөр хэн ч мэдэхгүй, тооцож гаргаж чадахгүй. Тэдний үзсэн шууд дамжуулалтаасаа авсан ойлголт ингэж болно, болохгүй гэдэг мэдээллийн алийг тархинд нь суулгасныг ч хэлэх аргагүй. Олон хүний анхаарлын төвд байх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн шууд дамжуулалт хийж дуртай үйлдлээ гаргаж, дуртай үгээ хэлж болно гэсэн бодлыг төрүүлж түүндээ ямар ч шүүмжлэл хүлээн авах бэлтгэлгүй байгаа өсвөр насны хүүхэд байсан бол үр дүн нь юу байх бол? Хүний шүүмжлэлд бэлэн бус насандаа, өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстойгоо ухамсарлаагүй нэгнийг хатуу үгээр шүүмжилсэн сэтгэгдэл цугларч төгсгөл нь хэрхэн дуусахыг ч таашгүй.
Сошиал медиагийн хүчний сүүдрийг бид Ерөнхийлөгчийн сонгуулийн жишээн дээр тодхон харлаа. Өмнөх жилүүдтэй харьцуулан харахад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл нэгээхэн бээр ч цацагдаж, олон түгээгүй хэрнээ бие биенээ гүтгэн доромжилж буй, элдэв зураг бичлэгний эвлүүлэг хэдэн мянган хүний шейрээр нийтэд түгэж, тэр бүхний доор байх сөрөг сэтгэгдлүүд иргэдийн итгэл, сэтгэлийг унтраасан гэхэд хилсдэхгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар ирсэн гаднын судлаачдын нүдээр ч сошиал ертөнцийн хов жив, гүтгэлэг хэрээс хэтэрч, дахин санал хураалт явагдахад ихээхэн нөлөөлсөн гэдгийг дурдаж байлаа. Хуулийн зохицуулалтад багтаагүй сошиал хэмээх ертөнц сүүлийн хэдхэн өдөр ард түмний тархийг угааж, идэвхийг сулруулж чадлаа.
Нэр бүхий эзэнтэй, тогтсон редакцитай цаасан хэвлэлүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэзээ ч хийхгүй ул үндэсгүй худал мэдээлэл, гүтгэлэг доромжлолыг хэн нийгэмд ийм хүчтэй, хүртээмжтэй тараав – Фэйсбүүк, Твиттер. Аккаунт дээрээ сайхан хөөрхөн хүүхэн, залуугийн зураг бүхий хаягууд, кино ший, дуу хөгжим ихэвчлэн нийтэлж ирсэн хэдий ч сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц гүтгэлэг, доромжлол, элдэв эвлүүлэг бүхий бичлэг, зураг түгээх болсон бүтээлч хаягууд, дарвайж долдойсон гарууд, элийрч балайрагчид нэртэй группүүд, олон мянган гишүүн бүхий худалдаа үйлчилгээний группүүд гээд нэн эртнээс бэлдсэн зохион байгуулалтанд орсон бүлэг хүмүүс сошиал орчинд эсрэг мэдээлэл түгээхэд багагүй хувь нэмрээ оруулсан. Зөвхөн сошиал орчинд идэвхитэй, барих барьцгүй хуурамч хаягны цаана чамлахааргүй хөлс авсан ихэвчлэн оюутан, залуус хүмүүсийг турхиран сууж буйг Монгол дахь фэйсбүүк хэрэглэгч 1.7 сая хүний хэд нь яг таг мэдэж, хэд нь гадарлаж, хэд нь итгэж үнэмшин суугаа бол.
Хуурамч хаягтаа оруулсан мэдээллээ цааш түгээх албан бус сурталчилгааны ажил гүйцэтгэн сууж буй олон зуун оюутны зураг өрсөлдөгч намуудын нэр дээр тавигдсан ч хэн нь ч хүлээн зөвшөөрөөгүй.
Захиалгат коммент (сэтгэгдэл) бичигчид, эможи дарагчид, хуурамч мэдээллийг түмэнд түгээдэг -Сэвээчид буюу төлбөртэй шейрлэгчид гэхчилэн төрөлжсөн фронтын шугам энэ сонгуулиар үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Хэрэв тэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг гүтгэлэг, доромжлол шигээ идэвхитэй түгээж, гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн чухал хэсгүүдийг худал мэдээлэл хийсэн шигээ сайхан эвлүүлж, нүдэнд харагдах зураг, бичлэг болгож түгээсэн бол бид өнөөдөр улсын төсвийнхөө 7.2 тэрбум төгрөгийг дахин санал хураалт явуулахгүй хэмнэж, түмэн олноороо эвтэй сайхан үлдэж, төрийн наадмаа тав дахь Ерөнхийлөгчийнхөө үгээр нээж сайхан наадах байлаа.
Сошиал ертөнцийн хил хязгаар хаа хүрээд төгсөхийг бид өөрсдөө тогтоохгүй бол задгай сансар шиг сошиал ертөнцөд цацагдсан худал бүхэн, хэний хүүгийн амьдралаар хэрхэн тоглож, зах хязгаар нь үл мэдэгдэх ертөнцөд хаа хүртэл шидэгдэхийг хэн ч мэдэхгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсын ажиглагчаар суусан Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене “Ил тод байдал, хариуцлагын талаарх сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг зохицуулсан хууль тогтоомжоор авлигатай холбоотой асуудлуудтай тэмцэх нөхцөл боломжийг олгоогүй байна. Энэ асуудлыг хөндөхдөө нэр дэвшигчид нь харилцан бие биенээ буруутгаж байсан нь сонгогчдод үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй. Тиймээс сонгуулийн сурталчилгаа нь сонгогчдын урмыг хугалж, ялангуяа залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа. Нэр дэвшүүлэх талаар тавьсан хуулийн хоригууд нь жирийн сонгогчийг энэ сонгуульд идэвхтэй оролцоход тус болсонгүй” хэмээн дүгнэсэн нь өнөөх л сошиал ертөнцийг хэлээд байгаа хэрэг юм.
Хэрэв бид энэ маягаараа хариуцлага тооцох эзэн, гүтгэлэг бүхий хуурамч мэдээлэл тарааж буй хэдий ч барьж авах боломжгүй байгаа хуурамч Фэйсбүүк хаягуудаа цэгцэлж чадахгүй бол сонгуулийн ирц хүрдэггүй, итгэлээ алдсандаа санал өгөх идэвхигүй болдог сонгогчидтой, хэдэн тэрбумаар нь хөрөнгө заран дахин давтан авдаг сонгуультай болох бололтой. Хэдэн тэрбум төгрөгийг зарлагадан дахин санал хураалт явуулж байхаар хэдхэн өдөр сошиал ертөнцөө хаагаад бодит байдлыг нүдээр үзэж, биечлэн оролцож, улс орныхоо ирээдүйн төлөө саналаа бодитоор өгдөг болчиход гэмгүй л санагдана. Сонгуулийн тухай хуулийн заалтуудаа дахин нэг харахад илүүдэхгүй болов уу. Монголчууд бид сүүн дээр ус хийхээс ч цээрлэдэг сайхан уламжлалтай ард түмэн сэн.
Eagle.mn
URL: