АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулиас хойш суулаа
УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын санаачилсан Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг зургадугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн Н.Учрал 2012 оноос хойш “1000 багшийн уулзалт”, 21 аймгийн “Багш нараа сонсъё” хэлэлцүүлэг, 10000 мянган багшийн дунд судалгаа, хэлэлцүүлэг хийсний үр дүнд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг санаачилсан. Хамгийн сүүлд нийслэлийн 9 дүүрэгт хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Гэтэл хуулийн төслийг Ардчилсан нам энэ хуулийн төслийг их улстөржилтийнхөө дундуур оруулаад хэрчээд хаячих вий гэж айж байна. Өнөөдөр АН-ын зүгээс Багшийн хөгжлийн тухай хуулиар завсарлага авах санал оруулж байна. Анхны хэлэлцүүлэг дээр саналаа аваад хэлэлцээд явж болно. Бүх тойрогт багшийн асуудал байгаа. Есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ. Хичээлийн шинэ жилээс өмнө Багшийн хөгжлийн асуудлыг хуульчлаад өгчихмөөр байна. Алийн болгон 540 мянган төгрөгийн цалинтай ажиллах юм. Багшийн хөдөлмөрийг хуулиар хамгаалах цаг нь болсон” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, А.Ундраа, Б.Саранчимэг нар энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гишүүд хуулийн төслийг цаг алдалгүй баталж, багш нарын хөгжих боломжийг нээн, сургалтын чанарыг сайжруулахад анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа онцолсон.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Тойргийн сургуулиудад ажиллах үеэрээ багш нартай уулзахад хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг хамгийн ихээр хөндөж байна. Хүний хөгжлийн индексээр манайх 122 улсаас 115 болж ухарсан үзүүлэлт гарсан. Үүний гол үзүүлэлт нь боловсролын чанарын үнэлгээ байдаг. Гаднын улс орнуудын туршлагаас харахад хамгийн түрүүнд багшаа хөгжүүлж, тэргүүн эгнээнд анхаарч байна. Багшийн хөгжлийн хуулийг яаралтай баталж, цалингийн нэмэгдэл, урамшууллыг тогтоож өгөх шаардлагатай байна” гэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн. Тэрбээр, АН-ын бүлэг хуулийн төслийн үзэл баримтлалыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хуульд тусгах саналуудаа боловсруулах шаардлагатай байгаа учир завсарлага авч байна гэсэн тайлбарыг хийсэн учир хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх асуудлыг хойшлуулав.
Х.Сүрэн
URL: