Ардчилсан намын халуурал арай хэтэрлээ

10319

Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар цөөнхийн суудал авсан Ардчилсан намынхны сонгуулийн халуурал эргээсээ хальж, улс орон бүү хэл дэлхийн хэмжээнд шившгээ хутгаж байна. Өрсөлдөгчдөө гүтгэх доромжлох, бичлэг эвлүүлэг хийх бол захын асуудал боллоо. Хууль тогтоох дээд байгууллагын даргаар ажиллаж байсан З.Энхболд хүртэл Монгол Улсын Засгийн газрын албан бланк, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэрээ танилцуулж байхад хэнд итгэх вэ. Өрсөлдөөн байж болох ч Төрийн өндөр дээд албан тушаал, тэр тусмаа Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж байсан хүнээс гарамгүй үйлдэл бол энэ. Төрд өндөр дээд алба хашиж байсан хүний ёс зүй, Монгол үндэсний гадаад ертөнцөд харагдах нөхцөл, үндэсний аюулгүй байдал гээд олон зүйл байдаг сан. Дотооддоо ийн дайсагнаж байгаа нөхрийг дэлхийн хаанаас ч гэсэн худалдаад авчихаж болно хэмээн ажиглаж суугаа биз ээ.

Сонгуульд санал цуглуулахын тулд аргаа барсан бас нэг хэлбэр нь Монгол Улсын бүх иргэдийн өрийг тэглэнэ гэсэн тэнэгдүү мэдэгдэл нь монголчуудын бүү хэл дэлхийн хэмжээнд доог тохуу боллоо. 2012-2016 онд төрийн эрх барьж байсан Ардчилсан нам эдийн засгийг хасах цэнэгтэй дараагийн улстөрийн хүчинд хүлээлгэн өгсөн гэдгийг иргэд бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, данс нь улайссан засаг орхиод явсан улстөрийн хүчин бол Ардчилсан нам. Харин 2016 оноос Төрийн зөв зохистой бодлого шийдвэр хэрэгжиж, тусгай хөтөлбөр гаргасны хүчинд эдийн засаг таван хувьд өгсөж ирээд буй. Ийм өсч өндийхөөр тэмцэж буй эмзэг эдийн засагтай орны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө сойсон Ардчилсан нам нь бүх иргэдийнхээ өрийг тэглэнэ хэмээн халуурч суудаг нь даанч зохисгүй. Энэ улстөрийн хүчний үзэл баримтлал, бодлого гэж хаана байна вэ. Ёс зүй ч дүүрсэн хэрэг. Биднийг өнгөлзсөн дэлхийн улс орнууд, хамтран ажиллахаар сонирхож буй хоёрдогч, гуравдагч орнуудын доог тохуу болж байна. Хэрвээ ийм Ерөнхийлөгчтэй болвол тохуурхан суугаа улс орнууд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийн, хамтарч ажиллахгүй нь ойлгомжтой. Монгол Улсын бүтэн жилийн төсөв зургаан их наяд гаруй төгрөг байдаг. Харин Х.Баттулгын тэглэнэ гээд халуурч байгаа бүх иргэдийн өр нийлээд таван их наяд 800 гаруй тэрбум төгрөг гээд бод. Манай хөрсөн дээр ямар ч боломжгүй зүйл гэдгийг захын нэг иргэн ойлгох болсон цаг шүү дээ. Мулгуу л биш бол үүнийг хэн ч ойлгоно. Харин ч АН үүгээрээ иргэдээ доромжилсон хэрэгт давхар унаж байна.

Нөгөө талаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр гурван зүйл ангиар ял тулгуулчихсан сэжигтэн хүн. Төрөөс, төсвөөс их хэмжээний мөнгийг бусадтай бүлэглэн гулгуулчихаад түүндээ ял авах гэж байгаа гэмт хэрэгтнийг сонгоод зогсож байдаг ард түмэн бол монголчууд биш ээ. Бид итгэж байна. Өнөөдөр Ардчилсан намаас сайд асан А.Гансүх нарын, гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын, ТОСК-ийн захирал асан А.Гантулга нарын олон хүмүүс нэр дэвшигч Х.Баттулгынхаа адил мөрдөгдөн шалгагдаж байгаа бол “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Я.Батсуурь нарын олон хүмүүст ял өгөөд байна. Энэ л гэмт бүлэглэлдээ өршөөл үзүүлэхийн тулд улайран өрсөлддөг суудал нь Ерөнхийлөгчийн сэнтий биш. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, хангагч байх ёстой Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч Х.Баттулга маань өөрөө жинхэнэ утгаараа хагалган бутаргах ажиллагаа өрнүүлж байгааг энэ сонгуулийн явцад өрнүүлсэн тэдний акц, будилаантай хар пиарууд нь хэлээд өгнө.

Өнгөрөгч зургадугаар сарын 26-ны санал хураах өмнөх өдрүүдэд Говь-Алтай аймагт АН-аас нэг тэрбум 80 сая төгрөг ачиж явсан машин баригдаж, тэр мөнгө улсын орлого болсон. Харин иргэдийн санал худалдан авах зорилго бүхий их хэмжээний мөнгөө хураалгасан Х.Баттулга нь цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтныг харааж, “би Ерөнхийлөгч болохоороо наад мөнгийг чинь та нараас гурав дахин нугалж авна,аа” хэмээн занаж байх жишээтэй. Энэ бол баттай эх сурвалжийн мэдээлэл бөгөөд Ардчилсан нам өөрөө ийм л хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэндээ харамсаж байна гэдгийг тус намын эгэл жирийн олон гишүүд халаглан өгүүлэх болжээ.

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих