Итгэл хоосрох цагаар…
2011 онд юм даг. Сү.Батболдын Засгийн газраас Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг АН-ынхаа сайд нарыг аваад гарч байлаа. Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа л үлдээд байсан байх. Ингэж АН засгаас гарахад Ерөнхий сайд Сү.Батболд мэдэгдэл хийж байв. Мэдэгдэл ч гэж дээ, АН-ын гэнэтийн шийдвэрийн талаар олон нийтэд Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ “…Ханилж яваад нөхрөө гэдэг шиг сонгууль дөхсөн энэ цаг үед АН засгаас гарч байгаад харамсч байна” гэж байлаа.
Хальтхан сонсоход ердийн л нэг үг. Гэхдээ Ерөнхий сайд Сү.Батболдын энэ үг Н.Алтанхуягийг сайд нараа аваад, засгаас гарчихна гэж зүүдлээ ч үгүй байсныг илтгэдэг юм.
Нөгөөтэйгүүр гэнэтийн явдалд цочирдсон Ерөнхий сайд Сү.Батболд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг ийм алхам хийлээ гэхэд итгэж чадахгүй байна гэдгээ л илэрхийлсэн хэрэг. Магадгүй, Сү.Батболд өнөөдөр бол өөр үг хэлээд зогсох байсан биз. Тэр үед УИХ-д гурав дахиа сонгогдсон болохоос биш, Ерөнхий сайдаар ердөө хоёр жил гаруйхан ажиллаж байсан үе нь юм. Тиймээс хувь хүнийхээ хувьд “…Итгэл алдлаа” гэж хэлсэн хэрэг.
Сү.Батболдын үг их олон зүйлийг хэлж байгаа юм. Тэр үед, ердөө зургаан жилийн өмнө монгол хүмүүс бие биедээ итгэдэг байж, Монголын төр ч ард түмнийхээ итгэлийг өнөөдрийнх шиг гээчихээгүй байжээ.
Ингэсээр энэ сунжирсан Ерөнхийлөгчийн сонгууль итгэл гээчийг бүр уландаа гишгэж орхилоо. Итгэлийн тухай ярихын тулд эвлүүлэг, эсвэл бодит эсэх нь эргэлзээтэй элдэв бичлэгээс эхлэх хэрэгтэй болж байна.
Дөрөв хоногийн өмнө /2017.7.3./ МАН-ын дарга М.Энхболдын сонгуулийн мэтгэлцээнд бэлтгэж байгаа бичлэг нийтийн хүртээл боллоо. М.Энхболдын өрсөлдөгч АН-ын Х.Баттулгын дүрд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, МАХН-ын С.Ганбаатарын дүрд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тоглосон байна.. Том сонгуулийн өмнө мэтгэлцээнд ингэж бэлтгэдэг жаяг зөвхөн Монголынх бус юм. Гэлээ гэхдээ бичлэг нь алдагдсан мэтгэлцээний бэлтгэлийг хийж байгаа байдал, дундуурх харилцан яриа олон түмэнд огт таалагдахааргүй олиггүй эд байв.
Үүнээс хэд хоногийн өмнө Их хурлын даргад бараалхаж байгаа зарим дарга нар, хотын хуучин удирдлагууд, СЕХ-ны Нарийн бичгийн даргын бичлэг нийтэд ил болсон. Бас л зохисгүй харагдаж байгаа юм. За тэгээд, алдарт 60 тэрбумыг босгох тухай бичлэг байна.
Ер нь энэ сонгуулийн үеэр бие биеэ дөнгөсөн бичлэг хэт олноороо гарч ирсэн. Яг үнэндээ энэ сайн юм биш.
60 тэрбумын бичлэгийг Доржзодов, дараагийн хоёр бичлэгийг Ууганбаатар гэдэг хүн өрсөлдөгчид нь аваачиж өгсөн гэж байна. Доржзодов, эсвэл Ууганбаатартаа гол нь биш. Хамгийн гол нь тэд ийм хэмжээний уулзалтад нь байлцаад, бичлэг сэлтийг нь хийгээд зогсож байна гэдэг тухайн “объект”-ын итгэлийг ямар нэг хэмжээгээр хүлээсэн этгээд байж таарна. Гэтэл бичлэгээ өрсөлдөгчид нь аваачиж өгөөд өнөөдөр өстнүүд болоод явж байх шиг байна. Уг нь бид чинь “…Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө битгий гээ” гэдэг өвгөдийн сургаалтай ард түмэн.
Ерөөс Монгол төрийн, монгол хүний оршин тогтнолын үндэс нь итгэл. Итгэлийг итгэл зүй хэмээх шинжлэх ухаан талаас нь цаашид судлах ёстой. Итгэл бол хүний хөгжил, нийгмийн дэвшил, байгалийн дэгжил. Өргөн олны ийм итгэлд суурилсан, ийм итгэлийг биелүүлсэн, өв соёл их түүхээ залгамжилсан төр засаг эх орон үгүйлэгдэж байна. Үүнийг итгэхүйн ухаан л хэрэгжүүлж чадна. Монголд ямар нэгэн изм хэрэгтэй юм бол итгэлизм чухалчлагдаж байна. Итгэлээ гээвэл сүг болдог гэх өвгөдийн үг үнэн байна хэмээн түүхч, Бэсүдэй Н.Нагаанбуу агсан хэлсэн нь байна. Мөн тэрээр “…Итгэлийн царааг өнөөгийн булхай, зальхайт ардчилал буюу сонголтын нийгэм яаж ч захиргаадаад хөрөнгөнийхнөөс, намынхнаас аварч чадахгүй боллоо. “Итгэлийн дээд үнэн. Идээний дээд сүү” гэх эртний өвөг ёс тэдний хөл дор гишгэгдлээ” хэмээн “Итгэхүй ухаан” номондоо халаглан бичиж үлдээжээ.
Ер нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль монголчуудын итгэлийг үгүй хийсэн гэдгээрээ заавал түүхэнд бичигдэнэ.
Бичлэг гарч ирээд эвлүүлэг болж хувирна. Тэр бичлэгийг хийсэн хүн өөр бусдад аваачаад зарчихна. Үүнээс ноцтой нь гэвэл телевизээр дуу, дүрстэйгээ гарч байгаа мэдээлэлд ч монголчууд итгэхгүй болсон байна. Уг нь нүд үнэнч, чих худалч гэдэг онолын үг бий сэн.
Мөрийн хөтөлбөр огт яриагүй Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын нэгэн гишүүний тун муухай хэргийн тухай асуудлаар төгсгөлөө хийж байх шиг байна. Монгол төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын индэр дээрээс “…Шөнө Ц-гийнд очиж хоносон. Өглөө босоход хохирогч байсан. Би дотоожоо өмсөөд гарсан” гэж яриад зогсдог болжээ. Ийм байхад “Төрийн минь сүлд өршөө” гээд сүсэглэдэг, залбирдаг монгол хүн нэмэгдэх үү, хорогдох уу. Төрдөө итгэдэг иргэн л ингэж залбирах буй за.
Нөгөөтэйгүүр энэ сонгуулиар МАН, АН-аараа албан байгууллага, хэл айл өрх ч зөндөө талцлаа. Сэтгүүлзүйн салбар ч үүнийг тойрсонгүй.
Эцэстээ эрх баригчид аргаа өөрчилж байна. Юунд ч итгэхгүй болсон сонгогчдын дансанд хүүхдийн мөнгийг ганцхан шөнийн дотор шилжүүллээ. Хүүхдийн мөнгийг тараахад их наяд шахам төгрөг хэрэглэж байгаа гэх мэдээлэл бий. Ингэж өгөх байсан юм бол яах гэж өрхийн амьжиргааны судалгаа гэж хийсэн юм. Тэр ажилд 7.0 орчим тэрбум төгрөг зарлагадаж байсныг санаж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлнэ гээд хоёр хоногийн дотор юу юугүй тараачихаар болгож байна. Гэтэл цаана нь шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хууль бус байна гээд тогтоочихсон байдаг. Энэ бүхэн хаа хүрч зогсохыг бүү мэд. Сонгогчид эрх баригчдад итгэхгүй байгаа учраас тэд ирээдүйд хэрхэхээ үл тооцон, ганцхан шөнийн дотор, хоёрхон өдрийн хугацаанд том том шийдвэрүүдийг гаргаж байгаа нь энэ.
Өнөөдөр эл дол болоод байгаа итгэл алдана гэдэг чухам юу байв? Н.Нагаанбуу агсаны бичиж үлдээсэн нь байна. Тэрээр “…Тухайн хүн, нийгэм хамт олон, улс төр эдийн засгийн сэдвүүдийн хамгийн үнэн зөв гэж сонгосон ойлголт дүгнэлт, зорьсон гоц зам, тэр нь биелвээс төгс үр дүнд хүрмээр үнэмшил найдвар, учир шалтгааны эхлэл, үргэлжлэл, төгсөл яах аргагүй итгэл, түүний үр дагавар мөн. Монголчууд итгэлээ сэвтээхгүй дүүрэн байлгахыг байнга эрхэмлэдэг. …Ингэхэд өнөөдөр бид хэнд, юунд итгэж байна аа. Бурханд уу. Төрд үү. Гадаадын юм уу бусдын тусламж дэмжлэгт үү. Итгэлээ олж өөрсдөө дор бүртээ шамдахгүй бол угжуулах сэдэхүйтэй унтаа хүмүүс ууж идэж бараад, шавхруун дээр нь өрөнд ордог түүхийг бид тууллаа.
Эртний Чингис хааны Монгол, газар нутаг, хүн амын хувьд, улс төр эдийн засгийн хүрээнд ч давжаарсан нь үндэсний итгэлээ алдсаны ноцтой баримт бөгөөд итгэлээ алдсан нь харийн тоглоомын үзлүүдэд хэт үнэмшсэний уршиг гэдгийг өнөөдөр ч содлон тодлон, анхаарахгүй анзаарахгүй л байна.
…Энэ бүх гутамшиг Манж Нангиадын төрд бөхөлзсөн Монгол, Түвдийн шашинд оосорлогдсон Монгол, Оросыг дагаж коммунист хийрхэлд автсан Монгол, Америкийг дууриажхөөргөн өнгөц ардчилалд төөрсөн Монгол, үзэл гэх “үзлийн юм”-аар талцсан тангараггүй Монгол болж, ягтаа тулсан бодит байдал мөн. Тэдгээрийн бүх балаг харийнхны тусламж, гадаадын үг үйлд үнэмшиж найдсан монгол хүмүүсийн гараар үйлдэгдсэн урвалт уршиг байв” гэжээ.
Бүгдээрээ мэднэ дээ, Цогт тайжийн шийдвэрийг. Өөрийн хүү Арслан тайждаа итгэл алдарсан Цогт тайж “…Хэрхэхийг чи мэдтүгэй” гэж Гүен баатарт хэлүүлсэн. Гүен баатар энэ үгийг ухаж “…Миний мэдэхээр бол цаазаар аваачих ёстой. Цаазаар ав” гээд толгойг нь авдаг. Итгэл алдсан хүүдээ хүртэл ийм л хатуу байжээ. Алдарт “Тунгалаг тамир”-ын Түгжил гэж хажуудахаа “хаздаг”, араас “хутга шаадаг” этгээдийн сонгодог жишээ байдаг. Тэгвэл энэ сонгуулийн төгсгөлд Түгжил байдаг л нэг дүрүүдийн нэг болж үлдлээ.
Эцэст нь, өнөөдөр Монголын төр, монгол хүний итгэл хоосорчээ. Уг нь итгэл дүүрэн байж энэ төр, энэ монгол угсаатан маань оршин тогтнож байх учиртай ажээ. Өнөөдөр хоёр хүн уулзаад салахдаа “…Энэ намайг яачих бол” гэсэн хардлага тээгээд хоцорцгоодог болсон байна.
Түүхч, Бэсүдэй Н.Нагаанбуу агсан “…Итгэл бол сэтгэхүй сэтгэл биш, ухамсарлахуй үзэл биш, хүсэхүй мөрөөдөл биш амин оршихуйн дээд хэлбэр, дээд судлагдахуун” гэсэн байна. Хэзээ бид ингэж сэтгэн, хэзээ бид үүнийг ойлгож, хэзээ бид итгэлээ дүүртэл олж авах бол…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ДАМДИН -ОЧИР ГУАЙ НЬ САНАА БОЛ ИТГЭЛ ХАМГИЙН ЧУХАЛ. ЛУЙВАР МУУ МУУХАЙ ЮМ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮС Ч БИЕ БИЕНДЭЭ ҮНЭНЧ, ИЛТГЭЛИЙГ БҮҮ АЛД ГЭЖЭЭ.
Хулгайч хулгайчдаа үнэнч бай….
Оорийнхоо узэл мэдрэмжийг нийт монголчуудынх гэж узэх чинь буруу Монгол хуний итгэл хоосорчээ гэнээ Тэр худлаа Харин ч хумуусийн. Итгэл сэргэж байна Доржзодовыг л буруушаагаад байнаа даа Асууудал туунд биш шуумдээ Сундуй нар буруу юм яриагуй бол бичлэг хийлээ гээд яахав дээ Ямар ч асуудал уусэхгуй шуу дээ Торийн албыг наймаалцахыг омоороод байх хэрэггуй шуу Ер нь нууц гэж байхгуй ээ Тэгэх тусмаа цоохон хунтэй Монголд