Цахилгаан тасарвал Монголын сонгууль яах вэ

Өнгөрсөн пүрэв гаригт болсон УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Энэ нь сонгууль бүрийн дараа гардаг будлиантай болсон, болоогүй гэх маргааныг нэг тийш болгох зорилгоор сонгуулийн саналын хуудсыг  автоматжуулсан системээр тоолно гэсэн үг юм. Автомажуулсан техник хэрэгсэл нь сонгогчдын бүртгэлийн болон санал тоолох гэсэн хоёр машинаас бүрдэх ба сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэлд бий эсэхийг шалгадаг машиныг БНСУ-аас, санал тоолдогийг нь АНУ-аас худалдан авах гэрээ байгуулах юм байна.

Сонгуулийн дараахи элдэв маргааныг дахин гаргахгүй болгох эл машиныг ашиглахыг гишүүдийн ирцийн 84.8 хувь нь зөвшөөрчээ. Харин зарим нь цахилгаан тасарвал яах вэ, орон нутгийнхны саналыг шууд тэнд нь тоолох юм уу, сүлжээгээр аймаг, нийслэл рүү явуулах юм уу гэсэн асуултуудыг тавилаа. СЕХ дарга Н.Лувсанжавын зүгээс эдгээрт “Орон нутгийн саналыг тусгай сүлжээгээр нэгдсэн төв рүү дамжуулж тоолно. Сүлжээгээр илгээж байгаа учраас асуудал гарахгүй. Харин цахилгаан тасарвал нөөц зай хураагуур ашиглана. Огт гэрэл цахилгаангүй багийн төвүүдэд илүү зай, мотор зэргийг дагалдуулж өгнө” хэмээн хариулав. Мөн өмнөх сонгуулийн хуулиудад сүүлчийн саналыг 22.00 цагт авч дуусгадаг байсан бол ирэх онд 20.00 цагт авч дуусгахаар тусгаснаараа илүү дэвшилттэй гэдгийг онцоллоо. Гэсэн ч энэ бүхэн зарим хүний сэтгэлд төдий л нийцсэнгүй. Учир нь улстөрийн ойлголт бүрэн төлөвшөөгүй, дэд бүтэц муутай манай оронд үнэхээр баталгаатай эсэхэд эргэлзэж байгаа юм.

Сүлжээ рүү гаднын этгээдийг нэвтрүүлэхгүй байх нууцлал, зай хураагуурын найдвартай эсэхийг хэн яаж батлах вэ гэдэг нь эргэлзээтэй. Сонгууль бүрээр элдэв арга сиймхий эрж хайж явдаг нэр дэвшигчдийн хувьд магадгүй урьд урьдныхаасаа ч илүү таатай нөхцөл бүрдэж байж ч болох юм хэмээсэн хүн цөөнгүй байна. Ойрын өдрүүдэд сонгогчдын хамгийн их ярьж байгаа сэдвийн нэг нь энэ болоод байна.

1010


URL:

Сэтгэгдэл бичих