Ардчилал ба байгалийн баялгийн авцалдаа

210837-04072017-1499160056-1923345733-1ОРШИЛ

Зөвлөлт маягийн коммунист дэглэмүүд 1989-1991 онд төгсгөл болсон. Хуучин СССР-ийн Дундад Ази улс төрийн хувьд нээгдсэн ч төдөлгүй дарангуйлагч дэглэм рүү эргэсэн буюу уг дэглэмийн нэг хатуу хэлбэрээс нөгөө рүү шууд шилжсэн. Үүнтэй харьцуулахад харин Монгол маань онцлогтой. 1990 онд өрнөж шаваа тавьсан улс төрийн нээлттэй байдал нь цар хүрээгээрээ хөрш зэргэлдээх орнуудыг давсан бөгөөд хуучин Зөвлөлтийн үеийн зарим ололтуудаа бусниулж, зарим талаар олсон амжилтуудаа бататгасан. Монгол Улсын энэхүү харьцангуй амжилт олон шалтгаантай. Монголд ардчилал үйлчилсэн. Мөн газар зүйн таатай байдал нь үйлчилсэн. Тэр үүднээс Төв Азийн посткоммунист орнууд ардчиллаараа Монголоос хоцорсон.

Төв ба Өмнөд Азийн посткоммунист орнуудын хувьд Монгол Улсын нэн шинэхэн, саяхны улс төрийн туршлага нь таахуйяа бэрх, сонин оньсого гэхээр. Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан, Туркменистан зэрэг “5 стан”-д хувь хүний ганцаарчилсан удирдлага, ганцаарчилсан дарангуйлал түгээмэл шинжтэй болж хэвшжээ. Төв Азийн посткоммунист эл таван улсад тухайн цагтаа Кыргызстаны аядуу зөөлөн дарангуйллаас эхлээд Туркменистаны хувь хүнийг тахин шүтдэг, шинэ маягийн дарангуйлал хүртэлх эрх баригч дэглэмүүдийн өөр хоорондын үлэмж ялгаа үнэхээр анхаарал татаж байсансан. Гэхдээ л коммунизмын дараах эхний 10 жилд тэдгээр улсад дарангуйлагч автократ дэглэм бүрэн тогтсон.

Харин Монгол Улс дарангуйллын засаглалыг тойрсон төдийгүй, ардчиллын зүгт бодитой ахин дэвшиж, дарангуйлал руу эргэж халтирсангүй. Улс төрийн ил тод байдлыг дэлхийн хэмжээнд судалж, үнэлгээ өгдөг тэргүүлэх агентлаг болох “Фридом хаус”-ын үнэлгээгээр Монгол Улс болон түүний хөршүүдийн дээрх ялгаатай байдал илт харагддаг. Монголын өмнүүр зөвхөн Чех, Польш, Словени, Балтийн гурван улс орж байна. Төв Азийн орнууд болон ОХУ, БНХАУ нь энэ үзүүлэлтээр Монголд дөхөж ч очсонгүй.

БАЙГАЛИЙН БАЯЛАГ

Төв Азийнхантай Монголыг харьцуулсан өөр нэг өнцөг байна. Бүгд л байгалийн баялагтай. Казахстан газрын тосны үлэмж нөөцтэй, Туркменистан байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог. Монголд зэс, нүүрс, алт, газрын тос олборлодог бөгөөд нөөц ихтэй. Органик түлш, эсвэл үнэт чулуу, ашигт малтмал, төмөрлөг бүхий газар нутгийн зөрчил маргаанаас дэлхийн хэмжээний олон улсын болон бүс нутгийн бараг бүх мөргөлдөөн дэгддэгийг Монгол ба Төв Ази тойрч гарч чадсан.

Улс болгон газрын баялагтай байхыг хүсдэг бөгөөд тэдгээрийг эзэмшсэнээрээ гадаад валютын нөөцтэй болж, зах зээлээс үүдэх эрсдэл дарамтыг багасгадаг нь эргэлзээгүй. Ашигт малтмалын орд эзэмшихийг зөвхөн эрх баригчид хүсдэггүй, ард иргэд нь ч хүсдэг бөгөөд хөгжилдөө түлхэц үзүүлнэ гэж горьддог. Энэ бол бидний өдөр тутам ярьдаг, хэлэлцдэг нэгэн сэдэв.

Монголын ардчилал экзотик үеэ нэгэнт өнгөрөөж, одоо босдог, хөгждөг үедээ ирсэн

Оросын гашуун туршлага байна. Бид хамгийн баян, байгалийн их баялагтай орон, бидэнд бүх зүйл байгаа хэр нь яагаад эдийн засаг маань уруудаж, улс төрийн хувьд хоцрогдож байна вэ гэлцдэг. Харин Орос байгалийн баялагтай болохоор, эсвэл байгалийн баялагтай ч зүдэрч байна гэхийг хэн ч сонсдоггүй. Байгалийн асар их баялаг гэдэг нь цэвэр эдийн засгийн үүднээс үзвэл гадаад валютын ханш хэт өндөр тогтоогдох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт бус, олборлох үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийгддэг гэх мэт өөрийн өвөрмөц дутагдлуудыг дагуулдаг.

Гэвч олонтаа яригддаг боловч илүү ноцтой уршиг бол улс төрийн үр дагаварт нь оршдог. Байгалийн асар их баялаг нь түүнийг худалдан борлуулсан орлогыг захиран зарцуулдаг байгууллагуудад унацтай болгох өрсөлдөөний хэлбэрээр улс төрийг бужигнуулж орхидог. Энэ тоглоом улс төрийг авлигад хүлж, төрийн машиныг бусниулдаг. Ийм эмгэг Казахстан, Туркменистан төдийгүй, Орос, Азербайжан, Конго (Заир), Нигери, Венесуэл зэрэг байгалийн асар их баялаг бүхий посткоммунист ба хөгжиж буй ертөнцийн орнуудад газар сайгүй илэрсэн юм. Байгалийн асар баялаг бол ардчиллыг ч, төрт ёсыг ч бэхжүүлэх үйл явцыг ямагт алдагдуулдаг. Монгол Улс байгалийн баялагтай, харин түүнийгээ ашиглах боломж багатай нь улс төрийн хөгжилд, нэн ялангуяа ардчилах үйл явцад учирч болох асар том саад бэрхшээлээс гэтэлгэж байж болно.

ГЕОСТРАТЕГИ

Посткоммунист Монголын хувьд байгалийн баялгаараа гаднынхныг татаж болно. Дотоодын улс төр, эрх зүйгээ төвхнүүлчихвэл хүчирхэг гаднынхны стратегийн шохоорхлыг татаж чадна. Эхэн үедээ нээлтэй байснаа төдөлгүй дарангуйлалд эргэж халтирсан Дундад Азийн посткоммунист орнуудын хувьд ч гаднынхны анхаарал татдаг нэгэн гол цэг нь байгалийн баялаг, стратегийн ашигтай байршил нь юм. Эдгээр орны төр барих засаглалын тэргүүн нар ардчилал буюу үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийг анх хошуучилсан.

Тэр утгаараа гаднаас үлэмж ивээл тэтгэлэг хүртдэг. Төв Азийн ихэнх улс СССР-ээс салахдаа уналтад орсон эдийн засгаа сэргээхийн тулд либералчилж, өмч хувьчлалыг түргэн хурдацтай өрнүүлэх замаар өрнөдийн тусламжийн байгууллагууд, АНУ-ын засаг захиргааны хувьд хамгийн дотных нь хүн болсон ба яваандаа ганцаар захиран засаглах аргад шилжсэн үед ч өрнөдийн дэмжигч нар нь тэднээс нүүр буруулаагүй, салдаггүй наалдаж ирсэн билээ. Зарим талаар хэтрүүлэх явдал ч байсан. Кыргызийн Ерөнхийлөгч Аскар Акаевын жишээг энд дурдаж болно.

Өрнөдийн Засгийн газрууд Кыргызийг энэ бүс нутгийн загвар болгож, зүс царай сайтай, хот газрын Акаевыг ардчилал, зах зээлийн эдийн засгийн төлөөх Төв Азийн том найдвар болгосон ч тэрбээр 1990-ээд оны эцсээр дарангуйлан захирагч болж, өнгөт хувьсгалаар хөөгдөн буусан. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нь хуучин Зөвлөлтийн хүрээнд эдийн засгийн холбоог сэргээх, Казахстан дахь үндэсний цөөнх болох орос угсаатнуудыг хамгаалах сонирхолтойгоо олонтаа ярьсны үр дүнд Оросын ивээлийг хүртсэн. Тэгтэл АНУ- ын Засаг захиргаа Казахстаны газрын тосны арвин их нөөцийг хараанаасаа гаргахыг хүсээгүй тул Америк руу хандаж, АНУ- Казахстаны харилцааг давхар хөгжүүлсэн, тэгснээ эдүгээ Хятадтай хоршин эдийн засгаа босгоод авчээ.

ГАДНЫН ДЭМЖЛЭГ

ЗХУ задарсны дараа хатуу дарангуйлагч дэглэмийн нэг хэлбэрээс нөгөөд шилжин, улс төрийн хувьд нээлттэй болоогүй Төв Азийн ихэнхи орнуудын хувьд удирдагчдад нь гаднын дэмжлэг аль нэгэн хэлбэрээр очсоор иржээ. Узбекистанд Зөвлөлүүдийн засгаас Ерөнхийлөгч Ислам Каримовын ганц хүний дарангуйлалд шилжихэд дотоод хүчин зүйл том үүрэг гүйцэтгэсэн. Гэвч Каримов үндэсний бие даасан байдлаа ямар нэгэн хэлбэрээр бэхжүүлж чадсан.

Тажикистан нь бусдыгаа бодвол хавьгүй бэрх зам тууллаа. Нээлттэй болж эхэлснийхээ дараахнаас иргэний дайнд нэрвэгдсэн. Талибан маягийн лалын улс төрийн номлол умар зүгт түгэн дэлгэрэхээс хамгаалахын тулд ОХУ Тажикистаныг хориглолтын тэргүүн шугам хэмээн үзэж, иргэний дайнаар төрийн эрхэнд гарсан дайтагч талуудын нэгнийг хамгаалахаар цэргийнхээ томхон бие бүрэлдэхүүнийг зэвсэг техниктэй нь хамт илгээж байлдуулж байв. Тэгснээр Тажикистан нь Оросын ивээлд багтдаг нэг улс болж хувирсан ч лалжилт энэ улсыг бүчин аваад байна.

Туркменистан нь Кыргызстан, Казахстан, Узбекистан, Тажикистаныг бодвол Оросын болон АНУ-ын ивээлийг хүртээгүй. Харин Төрийн тэргүүн нь Туркменистаныг өөрийг нь тахин шүтэж байдаг нэг ёсны сүм дуган болгон хувиргаж, тус орныг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлан, хувь тавилангаа Орос болон АНУ-тай холбохыг нэгэнтээ зогсоон, тууштай төвийг сахисан юм. Тэрбээр олон улсын харилцааны нэн аядуу тайван байдлыг ашигласан бөгөөд Орос, АНУ-ын аль нь ч байгалийн хийн дэлхийн хэмжээний гурав дахь том эх үүсвэрийг удирдаж буй тэр улсаас тэгтлээ хөндийрэхийг үл хүсэх ажээ.

Нээлттэй болмогц ардчиллаас хөндийрч, дарангуйлагч харгис хатуу дэглэмийн нэг хэлбэрээс нөгөө рүү шилжсэн хэмээн хуучин СССР-ийн БНУ-уудыг нэр заан цоллох нь одоо эрс багасаад байна. Ардчиллаа гээд, Фридом хаусын судалгаагаар сайн нэртэй гарлаа гээд улс орон нь өртөн болж, ард иргэд нь мөнгөгүй, олсноо үрчихээд суугаа Монголтой жишиж үзээд Зөвлөлтийн БНУ-уудыг шүүмжлэхээ больсон байж болно.

Ардчилал өөд бүрэн төгс урагшлахгүй ч ард түмнээ ядууруулахгүй, улс орноо мөнгөтэй, хүчтэй байлгаж чадсан сонгодог жишээг Казахстан үзүүлчихсэн. Араас нь Туркмен, Азербайжaн мөшгиж явна. Ардчиллын ололтыг алдаж зүдрээгүй орнуудад Монгол, Гүрж, Македон, Молдов, Румын багтаж байгаа нь эдийн засгийн үзүүлэлт, амьжиргааны түвшнээр ямаршуухан байгаа билээ.

Төгс ардчилаад эдийн засгаа босгоод авсан Чех, Унгар, Польш, Словак, Словен, Балтийн эргийн гурван улсыг посткоммунист гэж нэрлэхээ болиод удаж байна.

Коммунист асан бүлэг орнууд дотор Монгол нь эрх чөлөөний хувьд гайгүй оноо авсаар ирсэн нь коммунизмын дараах эхний 10 жилд гэдрэг ухраагүй гэх шалгуурыг давсных. Гэхдээ энэ бол эрэмших шалтгаан биш нь одоо харагдаж байна. Монгол нь өрнөдийн орнуудтай сайн харилцаатай ч хэн нь ч түүнийг алдаж болохгүй үйлчлүүлэгч, эсвэл чухал холбоотон гэж үздэггүй. Учир нь Монголын ардчилал экзотик үеэ нэгэнт өнгөрөөж, одоо босдог, хөгждөг үедээ ирсэн. Гэтэл уул уурхай гэх ганц идэштэй, дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өсвөл дагаж хөгждөг, унавал дагаж унадаг байж таарахгүй. Тэгээд хөгжсөн үедээ санхүүгийн сахилгаа сахихгүй нийтээрээ үрээд дуусна, өртөн болчихно. Төр засаг нь хөөцөлдөн байж гадаад таатай орчин бүрдүүлээд, хоёр талын харилцаагаа хөгжүүлээд өгмөгц бизнес, хөрөнгө оруулалт дээрээ алдаад эхэлнэ.

Олхонуд Баярхүү профессор

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих