“Х-ТҮЦ” – Х сэтгэлгээний ядуурлыг дагуулсаар…

Монголын өнөөгийн нийгмийн оюун сэтгэлгээний алуурчид…
Монгол хүний ядуу тарчиг амьдрал, гундсан сэтгэл зүрх, хүсэл мөрөөдөл, торгон мэдрэмжийг овжин ашиглаж мөнгө босгодог амин хувиа хичээгчид өнөөгийн манай нийгэмд цэцэглэн хөгжиж байгааг яалтай билээ? Өнгөц харахад хошин урлагийнхан болон зохиолын дуучид маань үнэхээр авьяас билэг танхайдаа Монголд болж бүтэхгүй байгаа бүхнийг шүүмжилж, ард олноо уяраан уран донгодоод байгаа мэт ч лавшруулаад тунгаавал нэг л биш ээ… Зугаа цэнгэл, найр наадам ихдэхээрээ айл өрх, улс орны хөгжин, дэвжихэд ямар их хор хөнөөл учруулдгийг хүн төрөлхтөний өнөөг хүртэл туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үеүдээс тодорхой харагддаг. Хошин шогчид хэмээн олны танил болсон залуус нь өнөөгийн монгол хүний зовлон, сэтгэлийн хөндүүр сэдвийг хөндөж хөөргөж, итгэл хайрыг нь сэвтүүлсэн хоосон чанарын жүжиглэл элэглэлээр өнөө үеийнхний оюун сэтгэлгээг мохоож байна. Ийм хүний мөсгүй, хөндийн хүйтэн, нийгмийн идэвхгүй хүмүүсийг өнөөдрийн манай нийгэмд бий болгож байгааг бидний бодит амьдралын дүр зураг нотлон харуулж байгаа юм. Гэмт хэрэг үйлдэх, залилан хийх, ёс зүйгүй, зарчимгүй байх талаар өсвөр үеийнхэнд үлгэр дууриал, загвар нь болоод байна уу гэлтэй! Зохиолын дуучид хэмээх залуус нь дуутай, хууртай монголчуудынхаа жалга довны үзлийг дэврээж, нутгархаж, зиндаархаж, чамирхдаг буруу дадал зуршлыг бий болгож баян, ядуугийн ялгааг улам гааруулдаг гэдгийг бид хэзээ ойлгох юм бол…
Гэтэл өнөөдөр хошин шог, дуу хуур үзэх байтугай зурагт үздэггүй, радио сонсдоггүй, ном сонин уншиж үзээгүй, үүнийг хэрэглэх ямар ч
боломжгүй, зөвхөн хоногийн хоолоо бодож явдаг хүмүүс Монгол Улсын хүн амын бараг 20 түүнээс ч илүү хувьд хүрчихээд байгаа гэж бодохоор үнэхээр эмгэнэл гэхээс өөрөөр юу гэх билээ? Тэдэнд хоолны шавх руу, найрка байхад л болно. Монголчуудын хүсч тэмүүлсэн хүмүүнлэг ардчилсан нийгэм ийм байдаг гэж үү…
Ардчлалыг сонгож “Чингисийн Монгол” хэмээн бид цээжээ дэлдэж хөөрцөглөсөөр 20 гаруй жил улиран одлоо. Бид харийнхны хоосон магтаал, хожим өр болох тэтгэмжид бялуурсаар 2011 оныг үдэж байна. Ийм далд аюулд өртөж, хэлмэгдэж байсан түүхээ монголчууд давтах ёсгүй. Бидэнд бөхөлзөж, магтан дуулж байгаад л эрхэндээ оруулж байсныг бид ор тас мартаад шинэ зуунд бас л бусдын эрхшээлд орох уу?
Сүйрэлд өртсөн газар шороо, эх нутгаа хамгаалан зогсох ёстой монголчууд архин далайд умбаж, утаа, шорооны манан дунд мансууран зугаа цэнгэлд автагдаад байгааг яаж өөрчлөх билээ. Хайртай гэж дуулах, харамсалтай гэж халаглах биш хамгийн чухал нь бодит амьдрал дээр эх орны эд эс нь болсон монгол айл өрх, иргэн бүрийн сайн сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөж, тэмцэх хэрэгтэй байна. Эх оронгүй хүмүүс л эх орноо санагалзан дуулдаг. “Би монгол хүн” гэсэн хоосон бахархал, хийрхэл хэнд ч хэрэггүй. Хоосон магтаалд умбаж бодит үнэнийг харж чадахгүй, оюун ухаан, монгол сэтгэлгээгээ хоосруулсан цол хэргэм, шагнал, магтаал, өргөмжлөл, МУСТА, гавьяатуудаар яах ч юм билээ. Хий хоосон, бариад авах зүйлгүй, бэлэнчлэх сэтгэлгээнд дарлуулж, хэн нэгэнд найдаж, хүлээж, горьдож суудаг иргэд өдөр ирэх тусам нэмэгдсээр л …
Тийм сэтгэлгээний ядууралд орсон хүмүүс яаж хурдан баяжиж, хөлжих вэ? хэмээн хүлээж, гар хумхин суугааг яалтай билээ. Өөдлөн дэвжиж, хангалуун сайхан амьдрахын тулд юу хийх ёстой, ядуу байдлаас хэрхэн гарах вэ хэмээн нойроо хугаслан, ханцуй шамлан хөдөлмөрлөх ёстой баймаар. Тэгэхээр бид энэ ядмаг сэтгэлгээгээ өөрчлөх нь хамгаас чухал байна! Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг. Монгол Улсын иргэн танаас Таны ажил, амьдрал, эх орны хөгжил шууд хамааралтай гэдгийг бид мартаж орхижээ…
Монголын өнөөгийн бодит амьдрал, нийгмийн байдлыг харахад үнэхээр бид сэтгэлгээний ядууралд өртсөн нь илэрхий байна. Өнөөгийн монголчууд жаахан мөнгө олмогцоо баярхаж, зиндаархаж, цээжээ дэлдэн ханхалзах нь оюун санааны ядууралд орсныг илтгээд байна бус уу. Энэ бол ардчилсан, хүмүүнлэг нийгэм яавч биш. Өнөөдөр бид өөрсөддөө үнэн зөв дүгнэлт хийх цаг болжээ.
Төрийн түшээдээсээ эхлээд л хүн бүхний амнаас түүх соёл, монгол уламжлалаа дээдлэн эрхэмлэе, Их эзэн Чингис хаанаараа бахархая хэмээн хэлж, дуулж, бүжиглэж, жүжиглэдэг. Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн олон орд газраа эзэмшиж, иргэн бүр хувь хүртэцгээж баяжина хэмээсэн их хүлээлт манай нийгэмд бий болсон нь нууц биш. Төрийн эрхэм түшээд, эрх ямбатангууд нь иргэдээ өдөр хоног аргацаасан тэтгэмж хэмээх өгөөшөөр хуурсаар ирэх сонгуульд гарах замаа засахаар улайрч байгааг яалтай.
Харин жирийн иргэдийн өдөр тутмын амьдрал нь тэднийг бухимдуулж, сэтгэл гутралыг бий болгож туйлдуулсаар байна. Сэтгэлийн энэ их бухимдлаас түр боловч ангижрах гэсэн иргэдээ хошин урлагийхан хэмээгддэг хэсэг нөхөд овжин ашиглаж ядуу, тарчиг ард олны халаасыг тэмтрэн хоослох болсон нь хэрээс хэтэрсэн гэж болно. Ялангуяа зан араншин, ёс суртахууны хувьд бүрэн төлөвшиж амжаагүй хүүхэд, залуусын оюун сэтгэлгээгээр тоглож байгаа нь хүний амьдрал, ёс суртахууны хүмүүжилд ямар ч үр өгөөжгүй нь тов тодорхой. Гэтэл өнөөдөр алаан хядаан, садар самууныг сурталчилсан кинонуудаас эхлээд телевизийн янз бүрийн шоу нэвтрүүлгүүд тоймоо алдсан. Урлаг гэхээсээ илүүтэй цаг, зав үрсэн савангийн хөөс мэт замхардаг хөнгөн хийсвэр, хоосон чанар нь давамгайлсан хошин тоглолт, олон ангит солонгос киноны давалгаа нь үнэн хэрэгтээ иргэдээ басамжлан, доромжлоод байгааг яалтай. Энэ бол Монголын төдийгүй сэтгэл гутралд автаж, ядарч туйлдсан ямар ч улс орны нийгэмд гарч ирдэг түгээмэл дүр төрх л ийм байдаг. Бид яагаад ийм замаар явах гэж…

Бурууг бусдад тохох хэрэг байна уу?
Монголчуудын өнөөгийн ядуу тарчиг, баян, ядуугийн туйл болсон тэгш бус амьдралын хэв маяг нь иргэдээ эелдэг харилцаа, хүнлэг чанарыг нь сэвтээж ширүүн догшин, хүний мөсгүй болгож байна. Уур, ундууцалтай хүмүүсийн харилцаа нийгэмд бий болсны зэрэгцээ чамирхдаг, эд хөрөнгө, мөнгийг илүүтэй шүтэж, сонирхдог, цаг нөгцөөсөн, үр өгөөж багатай хошин шог үзэж ихэнх цагаа бардаг болохыг гадныхан гайхдаг ч энэ нь тэдэнд ашигтай учир өөрийгөө муулуулах дургүй, харин магтуулах дуртай монголчуудад хэлэхгүй нь ойлгомжтой. Энд ганцхан жишээ хэлэхэд, Монголд хэдэн жил болсон гадны иргэн монгол эмэгтэйчүүд бүдүүлэг үг хэллэгээр доромжлохоо юман чинээ боддоггүй, өөрийгөө хөгжүүлье гэж залуус нь боддог ч тэр нь англи хэл, компьютерийн мэдлэг төдийнхнөөр хязгаарлагддаг, ийм орчинд өөрийн мэдэлгүй уусах вий гэж эмзэглэж байдгаа хэлсэн нь гашуун ч гэсэн үнэн үг байх шүү. Өнөөдөр монголчуудад магтаалаас илүү, шүүмжлэл хэрэгтэй. Гэхдээ бусдыг шүүмжлэх амархан. Харин өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж, хэвшсэн буруу дадал, заншлаасаа сална гэдэг маш хэцүү.
Хүмүүнлэг ардчилсан улс орнууд балчир насны хүүхдийн асуудалд онцгой анхаардаг. Улс орны ирээдүй, хойч үе гэдэг утгаараа болон насанд хүрээгүй тэд биеэ авч явах чадваргүй, эцэг эхээс хараат, эмзэг хүмүүс гэж үздэгтэй шууд холбоотой. Энэ улсуудад орон гэргүй гуйлгачин байдаг ч бүгд насанд хүрсэн томчууд. Гэтэл Монголд өнөөдөр хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаална гэдэг ч байдал эсрэгээрээ байгаа юм. Төрийн болон төрийн бус олон арван байгууллагууд байдаг ч өсвөр үеийнхэнд халамж үзүүлдэг нь ховор байна. Тиймээ, Монголын цөөн бус балчир охид нь биеэ үнэлж, хөвгүүд нь хөдөлмөр эрхлэж, РС тоглоомын газар өдөр өнгөрөөж оюун ухаанаа хордуулах болсон нь бас л бидний сэтгэлгээний ядуурал газар авсны нэгэн тод жишээ. Сүүлийн үед өсвөр насныхан архидаж, мансуурдаг болоод байгаа нь нууц биш болсон. Миний л хүүхэд биш бол гэсэн хүнлэг бус хандлага нийгэмд бий болоод удаж байна. Энэ хугацаанд олон зуун өсвөр насныхан хэлмэгдсэн. Үүнд төр нь ч, иргэд нь ч байдаг л зүйл хэмээн дөжирч орхисон гэж болно. Ардчилал, зах зээлийн давалгаанд монголчуудын мөс, чанар хэрхэн муудсаныг өнөөгийн нийгмийн энэ дүр төрх тодоос тод илэрхийлж байна. Нөгөө муу хэлээд байсан өмнөх нийгэмд хүний, өөрийн хүүхэд гэлгүй “хүүхэд л бол хүүхэд” хэмээн анхаарал халамж тавьж арай л ийм хатуу хандаж байгаагүй билээ.
Харин өнөөдөр эд, мөнгөний төлөө эх нутаг, газар шороо, аав ээж, алаг үрээ ч золиход бэлэн болсон оюун сэтгэлгээтэй бэртэгчид олширч байгааг яалтай. Итгэл, үүрэг хүлээлгэсэн төрийн түшээ, эрх мэдэлтнүүд нь ийм сэтгэлгээтэй байхад ядуу, тарчиг амьдралтай жирийн иргэдээ хууль бус үйлдэл хийлээ гэж торгож, шийтгээд ч бахь байдгаараа бидний амьдрал үргэлжилсээр…
Төрийн эрхэнд ямар ч нам, хэн нь ч гарч ирсэн адилхан гэж иргэд хэлэх болсон нь монголчуудын цөхөрсөн, туйлдсан, итгэл алдарсаны шинж гэхээс өөр юу гэхэв! Ороо бусгаа Монголын өнөөгийн нийгэмд амин хувиа хичээсэн сэтгэлгээний хоосролд орсон иргэд олширч хүрээгээ тэлсээр л байна. Тэгэхээр бид төр, засгаа болохгүй байна, бүтэхгүй байна гэж шүүмжилж бусдад бурууг тохоод байх нь тийм ч оновчтой шийдэл мөн үү?
Харин таны, миний хийсэн сонголт ийм байдалд хүргээд байна гэдгийг бид ухамсарлаж, оюун сэтгэлгээндээ эрүүл, цэвэр агаар оруулах нь чухал юм. Бидний энэ үлбэгэр, сул дорой, арчаагүй байдлыг олз ашиг хайсан атгаг санаатнууд овжноор ашиглаад байгаад л хамаг учир оршиж байна. Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүс минь хэн нэгнийг хардаж сэрдэж, хий хоосон яриад суух биш байгаа боломжоо ашиглаж, ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн амьдралын төлөө хичээл зүтгэл гаргах цаг иржээ. Гараа хумхиж суухын оронд өөрийгөө хөгжүүлж, өнөөдөр гарч байгаа олон боломжийг ашиглаж сайн сайхан амьдрахын төлөө мэрийвэл бас ч гэж Монгол Улсад маань хөгжил ирэх олон гарц нээлттэй байна.
Монгол оронд минь гэрэл гэгээтэй олон дэвшлүүд гарах болсон. Бид бүхнийг хараар будах хэрэггүй. Нэг үеэ бодвол монголчуудын нийгмийн идэвх сэргэж, шинийг санаж сэддэг, өөдрөг үзэлтэй хүмүүс, дэвшилтэт залуу үеийнхэн гарч ирж байна. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх гэсэн иргэд юмханаар юм хийхийг эрмэлзэх болсон нь өнөөгийн нийгэмд илт мэдрэгдэх боллоо. Харин бид тэднийг болон үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Улс төрөөс ангид байж, ажил хөдөлмөр эрхлэж яваа хүмүүсийн эгнээ өдөр ирэх тусам өргөжиж байна. Тэдний үйл ажиллагаа нь илүү хүнлэг, ажил хэрэг ч болж байгаа нь сайшаалтай. Сайн үйлс бүхэн
дэлгэрэх болтугай!
Д.Өлзийсайхан
МОНЦАМЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих