“ЦАГААН СОНГОЛТ”-ЫГ УРИАЛАГЧИД АА, ААН-ҮҮДЭЭС СУРАЛЦ
Маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болно. Сонгуулийн төв байгууллагаас иргэдийн сонгуульдаа идэвхтэй оролцох уриалгыг дэвшүүлж байна. Мөн “The Coffee Bean & Tea Leaf”, “Gegeenten Entertainment Center” иргэдийг санал өгсөн хуудсаа үзүүлснээр тухайн иргэн үнэгүй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. Үнэгүй кофе ууж, кино үзнэ. Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ард түмнээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байгаа нь энэ. Бид эрхээ эдэлж, үүргээ биелүүлснийхээ төлөө тухайн аж ахуйн нэгжээс үнэгүй үйлчилгээ авах нь.
Гэтэл улс төрийн намууд тэр дундаа нэг үе Төрийн тэргүүн, эв нэгдлийн бэлэг тэмдэг хэмээгдэж явсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон түүний нөхөд, МАХН-ынхан “цагаан сонголт” гэгчийн уриалж байна. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үүргээ гүйцэтгэж чадахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ? Ирц бүрдүүлээгүй, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж чадаагүй СЕХ, буруу хүнээ нэр дэвшүүлсэн нам гээд шат шатанд хариуцлага яригдана.
Эдгээрээс хамгийн чухал нь төсвөөс буюу ард түмний татварын мөнгө. Бид хоёр удаагийн санал хураалтад 20 гаруй тэрбум төгрөгийг зарлаа. Энэ удаагийн дахин санал хураах үйл ажиллагаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дахин татвар төлөгчдийн халаасыг тэмтэрнэ гэсэн үг. Татвар төлөгч ААН-үүд нийгмийн хариуцлагын үүднээс ийм эрсдэлээс сэргийлж, үнэгүй үйлчилгээг санал болгож байдаг. Харин нэгэн цагт төрийн сэнтийд заларч явсан эрхмүүд сонгуулийн үйл ажиллагааг санаатайгаар үр дүнгүй болгох ажиллагааг явуулсаар байгаа нь хэр зохимжтой вэ?
URL: