Цахилгааны шөнийн тарифыг Нийслэлд 100, орон нутагт 50 хувь хөнгөлнө

10280

Өнгөрсөн өвөл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нүдээ олсон арга хэмжээний нэг нь гэр хорооллын иргэдийн цахилгааны хэрэглээний шөнийн тарифыг тэглэх шийдвэр байсан билээ. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газраас өнгөрөгч оны арванхоёрдугаар сард нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан.

Энэ дагуу энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал нийслэлийн гэр хорооллын өрхийн 21:00-06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааныхаа тарифыг тэглэсэн байдаг. Ингэснээр айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглэн цэвэр орчинд амьдрах нөхцөл боломж бүрдсэн. Иргэд ч түүхий нүүрс, зуухнаас татгалзаж, төрөл бүрийн халаагуур сонгон хэрэглэх болсноор утаат яндангийн тоо тодорхой хэмжээнд буурсан юм.

Тэгвэл ирэх өвөл ч уг арга хэмжээ үргэлжлэх нь. Гэхдээ илүү өргөн цар хүрээтэй, илүү урт хугацаанд үргэлжлэхээр болсон байна.

Тодруулбал, Засгийн газрын мягмар гарагийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” журмыг хэлэлцэж, шинэчлэн баталжээ. Энэ журмын дагуу халаалтын улиралт нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон 10 мянгаас дээш хун амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон байна.

Өмнө нь буюу өнгөрөгч өвөл зөвхөн нийслэл болон төвийн бүсийн гэр хорооллын айл өрхүүд цахилгааны хөнгөлөлтөд хамрагддаг байсан бол Засгийн газрын шинэчилсэн журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд, Налайх, Багануур зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд хамрагдах боломжтой болсон байна.

Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүү “Хамгийн гол нь оргил ачааллын үетэйгээгээ давхцуулахгүйгээр шөнийн тарифыг хөнгөлөх асуудлыг шийдсэн. Нөөц боломж бага гэж ярих бус, нийслэл хотын гэр хорооллын айл өрхөө халуун дулаан өвөлжихөд нь дэм үзүүлэх ёстой. Өмнө нь гурван сарын хугацаагаар шөнийн тарифыг хөнгөлж байсан бол энэ жилийн тухайд таван cap болгон сунгасан. Тэгэхээр ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ” гэлээ.

Ямартай ч цахилгааны шөнийн тарифыг нийслэлд 100, хөдөө орон нутагт 50 хувь хөнгөлөх нь. Харин цаашид хэрэглэгчид эрчим хүчний салбарынхны аль аль нь өвлийн бэлтгэлээ сайтар хангаснаар бодит үр дүнгээ өгөх боломжтойг салбарын сайд онцолж байсан юм.

Эрчим хүчний салбарынхны тухайд эдүгээ шугам сүлжээний шинэчлэлтийн зураг төслөө гаргаж, тодорхой ажлуудыг шат дараатайгаар төлөвлөн хийж эхэлжээ. Харин хэрэглэгчид буюу хөнгөлөлт эдлэх боломжтой гэр хорооллын өрхүүд нэгэнт Засгийн газраас утааг бууруулах чиглэлд хүчин чармайлт гарган утааны улирал эхлэхээс даруй дөрвөн сарын өмнө цахилгааны тарифыг хөнгөлөх шийдвэр гаргасантай холбоотойгоор үлдсэн хугацаанд хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэйг энд дахин сануулъя.

Иргэн, өрх бүр агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй төр, засгийн шийдвэрийг дэмжин цахилгаан халаагуур худалдан авах, гэр рүүгээ орсон шугамын утсаа цэгцлэх, аюулгүй байдлаа хангах, гэр, сууцаа дулаалах зэргээр дор бүртээ бэлтгэлээ хангаснаар нийслэл хотын агаарын бохирдол төдий хэрээр буурах билээ.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган айл өрх халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 100-50 хувь хүртэл хөнгөлүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. Засгийн газраас шинээр баталсан журмын дагуу 2017-2018 оны хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хучин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтоосон байна.

Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх тухай тус журам хэрэгжихэд 9.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа бөгөөд үүнийг Засгийн газар татаасаар шийдвэрлэхээр болсон байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Б.ДАВААХҮҮ


URL:

Сэтгэгдэл бичих