“Эрдэнэс-Таван толгой” ХК 8.2 км авто замын ажлыг эхлүүллээ
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн амнаас Гашуун сухайт авто зам хүртэлх 8.2 км шороон замыг тусгай зориулалтын хүнд даацын авто зам болгох ажлыг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эхлүүлэхээр болов. Замын барилгын ажлыг “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн, 2017 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
Уг шороон замыг хатуу хучилттай авто зам болгохыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар газар дээр нь очиж танилцахдаа үүрэг болгосон юм. Одоо ашиглагдаж байгаа Гашуун сухайтын авто зам нь 1 тэнхлэгт 18 хүртэл тонн даацтай байдаг бол шинээр барих авто зам нь 1 тэнхлэгт 23 хүртэл тонн даацтай, уурхайгаас эхэлж трассын 6 дахь км-т төмөр замтай нүхэн гарцаар огтлолцон, 8 дахь км-т төмөр замтай гүүрэн гарцаар огтлолцсоноор Гашуунсухайт чиглэлийн авто замтай холбогдох юм.
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 8.2 км авто зам ашиглалтад орсноор орон нутгийн оршин суугчид болон тээврийн жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл сайжрах, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, шороон замын эвдрэл гэмтлээс болж тээврийн хэрэгсэл замаас гарах, улмаар эрүүл хөрс, ургамлыг гэмтээх, их хэмжээний тоосжилт үүсэх зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах ач холбогдолтой.
Түүнчлэн, шороон замаар тээврийн хэрэгсэл цагт 15-20 км хурдтай явдаг бөгөөд хатуу хучилттай замтай болсноор тооцоот хурд 50 км/цаг хүртэл нэмэгдэж, замын тухайн хэсэг дэх тээврийн эрчим 2 дахин нэмэгдэх давуу талтай.
Дашрамд дурдахад, Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замтай зэрэгцээ 250 км их даацын хатуу хучилттай автозам барихаар шийдвэрлэсэн бөгөөд 8.2 км авто замыг дээрх параллель авто замын хүчин чадалтай уялдуулж, даацыг нэмэгдүүлж тооцсон нь онцлог болсон.
Одоогийн байдлаар Таван толгой- Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар өдөрт 1000-1300 хүртэл тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин 250 км параллель авто замууд ашиглалтад орсноор тээвэрлэлт 2.5 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдэхээс гадна мөн ажлын байр нэмэгдэх боломжтой юм.
URL: