Оросууд “Дорнод уран”-ы 49 хувийг борлуулах уу

Орос, Монголын хамтарсан “Дорнод уран”-ны ордын бүтээн байгуулалт цааснаа дүрслэл төдийхнөөр бууж, үр дүн нь хэзээ вэ гэдэгт бодит хариулт өгч чадахгүй байсан нь саяхан. Тэгвэл Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр олон чухал асуудал хэлэлцсэний гол сэдвүүдийн нэг нь яах аргагүй “Дорнод уран” компани дээр хэрхэн ажиллах зарчмаа тохиролцсон явдал байсан юм.

Монголд уран бий. Харин Оросын Засгийн газарт Монголын ураны салбарт ажиллах сонирхол бий. Олон жилийн өмнөөс, тодруулбал социализмын үеэс л хоёр улс нууцын зэрэглэлтэй гэрээний дагуу Монголд уран олборлосон түүх байдаг.

Мардай гэсэн бүхэл бүтэн тосгоныг Дорнодын тал нутагт босгож, Оросын суурин соёл иргэншлийн үлгэр жишээ болохуйц гайхалтай амьдралыг тэнд бий болгосон нь өдгөө тухайн цаг үеийн түүх хүүрнэгчдийн дурсамжид бий. Гэхдээ тэр бүхэн Монголчуудын хувьд хаалттай хот байсан ч ардчилалтай зэрэгцэн нээгдсэн тус тосгоны хаалга нь өөрөө их сүйрлийн үлгэр жишээ болсныг та бид мэднэ.

Тэгвэл оросууд дахин тэрхүү Мардайн тосгоныг босгож, нурсан балгасны хаягдлыг “амь” оруулж, нууцлагдсан ордыг олон улсын зах зээлд оруулахаар “Дорнод уран” компани дээр тавьсан Монголын талын болзлыг хүлээн зөвшөөрсөн нь бидний хувьд таатай мэдээ байх нь гарцаагүй.

Энэ талаарх тодорхой мэдээлэл гэвэл “Дорнод уран” компанийн 49 хувийг оросууд эзэмшиж, Удирдах зөвлөлийн даргаар нь Монгол хүн ажиллуулах хүлцэнгүй шийдвэр юм.

Анхандаа тус улсын Засгийн газар Монголын Засгийн газрыг Цөмийн энергийн хуулиа зөрчиж, 50 хувийг нь өөрсдийн мэдэлд авах хатуу болзол тулгаж байсан. Улмаар Монголчуудыг цөмийн салбарт туршлагагүй гэдгээр нь аархаж, орос даргаар Төлөөлөн удирдах зөвлөлийг удирдуулахыг ч Засгийн газрын шугамаар санал болгосон. Мөн ураны салбарт гуравдагч түншийг хэн байх вэ гэдгийг ч өөрсдийн хүсэлтээр сонгоно гэдгээ тодорхойлсон. Харин цаашид дээрх том хөршийн хатуу болзол манай хууль эрх зүйн орчинд захирагдсан зөөлөн тохиролцоогоор явах нь.

Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны гол цэг болох Монголын хамгийн том ураны орд болох урьдчилсан байдлаар 24.73 мянган тонн ураны нөөцтэй “Дорнод”-ын ордыг хамтран ашиглах нь тодорхой болов. Гэхдээ тус орд дээр гуравдагч түнш орж ирэхээр боллоо гэхэд, “Дорнод уран” компанид бусад орны хөрөнгө оруулагч хувь эзэмшигчийн гэрээ байгууллаа гэхэд Оросын хувь л хөдлөх гэнэ.

Нэг ёсны Монголын Засгийн газрын эзэмшлийн 51 хувь огтхон ч хөдлөхгүй бөгөөд зөвхөн оросууд
өөрсдийн эзэмших 49 хувиас борлуулах эрхтэйгээр гуравдагч түншийн өмнө хаалгаа нээх юм. Энэ нь өдгөө хэрхэх нь тодорхой бус байсан Монголын ураны салбарын цаашид урагшлах нэг сонгодог жишээ болно гэдгээрээ манай талын бодит жишээ болж, олон улсын тавцанд яригдах юм.

Ийнхүү Монгол, Орос хоёрын ураны салбарын тоглоомын дүрэм тодорхой болсноор энэ салбарт эргэлзэх зүйл байхгүй болно гэсэн үг.

Ураны салбарын дараагийн нэг таатай мэдээлэл бол Францын хөрөнгө оруулалттай “Арева” компани Монголд олборлолтын ажлаа эхэлсэн явдал. Тус группийн хувьд дэлхийн ураны зах зээл дээр тэргүүлэгч нь болж ирсэн жишгээрээ Монголд ажиллана гэдгээ амласан. Улмаар УИХ-аас баталсан Цөмийн энергийн хуулийг ёсчлон биелүүлэх боломжтой гэдгээ ч тэд олон улсад зарласан. Энэхүү мэдэгдэлтэй уялдаж бусад хөрөнгө оруулагчдын хувьд ч тэрхүү жишгээр нь ажиллах хүсэлтэй гэдгээ олноороо илэрхийлэх болжээ.

Харин ураны салбарын Канадын хөрөнгө оруулагчдын хувьд ирэх жилээс эрчимтэй маргалдагчийн ширээнд суух нь бараг л тодорхой байна. Орос, Монголын хамтарсан “Дорнод уран” компанийн үйл ажиллагаа явуулах гол цэг болох “Дорнод” ордын ашиглалтын лицензийг эзэмшиж байсан “Хан ресурс” компани өөрсдийн гомдлыг олон улсын арбитрын шүүхэд хүргэнэ гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд Орос, Монголын Засгийн газар тус ордын тус бүр 21 хувийг эзэмшиж байсан гэдэг утгаараа дуугүй суухгүй гэдгээ зарласан. Нэг ёсны “Хан ресурс” хоёр түнштэйгээ хамтарч байгуулсан “Төв Азийн уран” компанийн 58 хувийг эзэмшигчийнхээ хувьд хоёр улсын Засгийн газартай заргалдана гэсэн үг.

Харин Оросын тал нэгэнт “Дорнод уран” компанийг байгуулж, тус компанийн операторын үйлчилгээний эрхийг авсныхаа хувьд “Хан ресурс”-ын эсрэг Монголын Цөмийн энергийн газартай хүчээ нэгтгэн эсэргүүцэл илэрхийлэх нь ч тодорхой.

Ийнхүү Монголын ураны салбарт оросууд хамтарч байгуулсан “Дорнод уран” компанийнхаа 49 хувиас хэсэгчлэн борлуулах замаар гуравдагч түншийг урихын зэрэгцээ “Хан ресурс”-ын өөдөөс манайхтай хамтарч мэтгэлцэх сонирхлоо хууль ёсоор баталгаажуулав. Энэ бол манай улсын ураны салбарын ирээдүйг тодорхойлох хамгийн том тохиролцоо. Цаашид үр дүн нь хэрхэн гарах вэ гэдгийг дээрх үзүүлэлт илэрхийлнэ.

Харин атомын цахилгаан станцын тухайд та бид 2021 оныг хүлээхээс өөр сонголтгүй юм. Учир нь эхний ээлжинд Цөмийн энергийн газар дэлхийн зах зээлд шар кекс борлуулах үүрэг хүлээж буй бөгөөд хөрөнгө оруулагч талын дэмжлэгтэйгээр дараагийн ээлжинд Монголдоо атомын цахилгаан станц босгох том зорилтыг биелүүлэх үүргийг хүлээсэн ажээ.

Г.Отгонжаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих