Ашигт Малтмалын Газрын дарга Засгийн газрыг буруутгажээ

Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Түүнийг урт нэртэй хуулийг батлагдсаны дараа ойн сан, усны бүрэлдэх эх бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах 192 тусгай зөвшөөрөл олгосон хэмээн буруутгаж буй юм. Харин тэрбээр өөрийгөө энэ хэрэгт буруугүй хэмээн тайлбар өгчээ.

Тэрбээр хууль хяналтын байгууллагынханд Засгийн газар буруутай гэсэн утгатай тайлбар өгсөн гэнэ.

Д.Батхуяг “Энэ 192 тусгай зөвшөөрлийг олгоход миний буруу байхгүй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хамгаалалтын бүс, ойн сангийн солбилцолыг Засгийн газар тогтоох ёстой. Гэтэл Засгийн газар энэ 192 тусгай зөвшөөрөл олгох үед уг солбилцолыг тогтоогоогүй, хаана солбилцол тогтоох нь тодорхойгүй байсан” гэж мэдүүлсэн байна.

Ер нь “Урт нэртэй” гэх энэ хууль хэрэгжихгүй, хэдэн жил болж байгаа нэг шалтгаан нь энэ бөгөөд саяхан Улсын Дээд шүүхээс түүхэнд анх удаа Засгийн газрын хууль хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ. Засгийн газар урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх үүднээс Усны газар, Ойн газар зэрэг байгууллагаас Ажлын хэсэг гаргаж, хуульд заасан солбилцолыг тогтоох ажлаа хийж байгаа аж. Гэвч энэ ажил нэлээд удааширч байгаа юм байна.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих