Р.Эмүжин: Аса аварга яг хэдэн хүний амь төлж чадах вэ?

7a686e9e414b377efe2829f4fadbd3fd

Эмүжин чи яагаад…би сануулсаар байх болно. Зургаадугаар сарын тэр нэгэн нарлаг өдрөөс өмнө байдал өөр байв. Сонгочихъё гэхээр сэтгэл дундуур, сонгохгүй гэхээр төр дундуур үлдэх гурван сонголттой бид нүүр тулсан. Хэнийг нь гэж хэлбийж, хэлэх үгээ хазаарлах уу. Тиймээс ч Монголын улс төр өөрийн гэх үнэлэмжгүй болсныг сануулах, мэдүүлэх зорилгоор голч байр сууринаас голын үгээ хэлсэн олон хүн бий. Тэдний нэг нь өнөөх Эмүжин. Харин Ерөнхийлөгчгүй үлдсэний дараа Монголд өөр нөхцөл байдал үүссэн. Тэр нь Х.Баттулга, М.Энхболд хоёрын нэгийг дугуйлах, эсвэл санал хураалтын өдөр Цагаан хуудас өгөх гэсэн бас л чонын хавх шиг цочмоор сонголттой нүүр тулав.

Чухам 6 сарын 26-нд цагаан хуудас тоолуулж эсэргүүцлээ илэрхийлсэн 18 мянган хүний анхны зорилго энэ удаа дахиад л хэлбийв. Учир нь МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар иргэдийг цагаан хуудас хэмээгчид уриалж эхэлсэн билээ. Энэ тохиолдолд саналаа өгөхгүй байх, эсвэл цагаан хуудас “өргөх” нь МАХН-ыг дэмжсэнээс өөрцгүй алхам болж буй юм. Шуудхан хэлэхэд хоёр дахь сонгуульд хөл тавихаас аргагүй нөхцөл байдал улс оронд үүснэ. Хоёр дахь хор эхний хор найруулгаас илүү хүчтэй байдаг. Бүр нам унагах шидтэй. Тэгэхээс ч өөр аргагүй. Хаалгаа хааж, цонхоо битүүлж аваад дараагийн Ерөнхийлөгчийг урьдчилан тодруулж, улс төрийн намууд наймаа тохиролцоо хийх үүд нээгдэнэ гэсэн үг. Яг ийм хэдхэн хүний тохиролцооны хөлд бид 27 жил үрэгдлээ. Тиймээс нааш харж инээж, цааш харж ярвайж байгаад ч болов үлдээд байгаа хоёр нэр дэвшигчийнхээ нэгийг сонгох нь өлзийтэй.

Тэгвэл яагаад Баттулга биш гэж? Тэнгэрийн дор төр, төрийн хууль цаазын дор иргэн оршдог. Гансүх, Алтанхуяг нараас эхлээд ял сонссон нь ч, баригдаж хоригдсон нь ч, байцаагдан шалгуулсан нь ч төрийн хуулиа дагадаг нийгэмд бид амьдардаг. Гэтэл Баянголын санхүүд шалгалт хийх сургаар Баттулга өөрийн хүмүүсийнхээ хамт сошиалаар уриалсаар байж 300 орчим хүн цуглуулан, эвгүй л хөдөлбөл эмх цэгцгүй үймээн дэгдээхэд бэлэн байсныг улс орон даяараа харсан. Үймээн болж хэн нэг нь үрэгдсэн, эсвэл гэмтсэн бол Баянголын санхүүг шалгуулахгүйн төлөө амиа өргөлөө гэж шарилын чулуунд нь бичих байсан уу?

Улс төр бол спортын талбар биш. Олимпийн дэвжээ ч биш. Гэвч Баттулгын эл хэв маяг Ерөнхийлөгчийн сонгуулиар бүр ч хүчтэй донсолгоо үүсгэв. Үндэсний үзлийг хөөрөгдөнө гэдэг бол тоглоом биш. Эцэст нь Баттулга болон түүний багийнхан өөрсдөө ч хянаж чадахгүй галзуурсан хуй салхи дэгдэнэ гэсэн үг. Нэг нэгнийхээ машиныг шатааж, автобусны буудал дээр зогсож байсан гэмгүй залууг буудаж, ажлаа хийж буй цагдааг чулуу модоор элбэн зодож байсан 7 сарын 1-ны өдөр сурвалжлагад мордсон хүмүүсийн нэг нь би. Төмөр труба барьсан олон арван хүнээс фото зурагчин Чимгээ эгчтэй хамт харанхуй шөнөөр зугтаж явлаа. Тэр өдөр С.Баяр олны өмнө гарч гараа ганц өргөөд л үймээнийг зогсооно гэж одоогийн Х.Баттулга шиг л бодоогүй гэж үү? Гэхдээ улаан цус, чулуу төмөр хөглөрсөн талбайгаас Баяр ч , Элбэгээ ч, Баттулга ч зугтсан юм. Гэтэл өнөөдөр Аса аварга “Баттулга сонгогдохгүй бол бослого гаргана” хэмээн олон нийтийг турхирч байна. Аса аварга яг хэдэн хүний амь төлж чадах вэ? Бид дахиад Сүхбаатарын талбай дээр дайны бүрэн цэнэгтэй танк зогсож, буутай цэрэг хөлхөхийг харах ёстой юу?..

Ерөнхийлөгч гэдэг бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Бүх цэрэг арми, бүрэн зэвсэг техниктэйгээ мэдэлд нь очно. МАН-ын олонх хоригийг нь хүлээж авахгүй бол нэг л шөнө Монголд үймээн дэгдэхгүй гэх баталгаа хаана байгаа юм? Эрдэс баялагтаа ойртуулдаггүй Азийн Монголд нэг л буу дуугарахад энхийг сахиулах нэрээр эдийн засгийн алуурчид орж ирэхгүй гэдэгт яаж итгэх үү? Тэгээд бууны сумнаас бултаж амьдрах уу? Дөнгөж саяхан 3 саяын босгыг давсан, дор бүрнээ амьдрах гэж ядарч буй монголчууд улам олуулаа болмоор байна. Юун бослого, үймээн, иргэний дайн! Үүнээс хэн хожих юм? Хэдэн амь золих юм?

Монголын төлөө цохилж буй зүрх бүрийг хайрлаж, улам олуулаа болохыг хүсдэггүй монгол хүн үгүй. Үүгээрээ бид хүсэл зорилго нэгтэй. АН-аас Амаржаргал нэр дэвшсэн бол хоёр гараа өргөөд дэмжье. Хувь хүний араншин, хандлага нь сайнаар хэлбэл дөлгөөн, муугаар яривал мөлгөр чанараараа Энхболд Амаржаргал хоёр ойролцоо. Гэхдээ ийм чанартай хүмүүст эвлүүлэн нэгтгэх том хүч байдаг. Гэтэл Баттулга тийм биш. Хувь хүний сэтгэлзүй нь өөрөө цочмог. Тэр бол “Морио унаад дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад төр төвхнүүлэх хэцүү” гэдгийг ойлгоогүй хүн. Одоо хэр нь олон олон хүний үндэсний үзлийг хужаа, эрлийз хурлийз хэмээх үгсээр хөнгөхөөн хөөрөгдчихөөд талцан хуваагдаж, тамын тогоонд буцлахыг нь хараад сууж байна.

Сэтгэлийнхээ гүнээс айдас сонссон болохоор би АН-ын нэр дэвшигчээс татгалзаж байна. Тэр айдсыг Баттулга сэрээсэн. Тусгаар тогтнолоо алдах вий гэж айдаггүй улс орон, ард түмэн үгүй. Тэдний энэ айдас дээр тоглолт хийх бөх зүрх бүдүүн хүзүү сүүлийн бүтэн зууны турш хоёр гуравхан хүнээс гарсан. Тэр тоолон цус нулимс урссан. Энэ үгийг би Баттулгад Ерөнхийлөгч болсон байсан ч дахин дахин сануулах болно. Баттулгыг сонгохгүй байгаагийн минь шалтгаан энэ. Эмүжин чи яагаад….гэж асуусан олон олон хүнд үүнийг хариулт болгоё.

Нийтлэлч Р.Эмүжин


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 July 2017

Мөнхцэцэг найз даа үнэнч юм аа Хулангаа жийчихлээ. ЭНХБОЛДЫГ дан нэртэй төртэй гавьяат дуучин тамирчин дэмжээд байгаа юм билээ. Ард түмэн дийлэнх нүү. Гавьяат ууд дийлэхнэ үү гэдгийг МАРГААШ харий даа. Миний хувьд МОНГОЛ ЯЛНА аа

Нэр: zochin Огноо: 7 July 2017

Ene neg teneg yumiig yag heljee.

Сэтгэгдэл бичих