ЖУУЛЧНЫ БААЗУУД ҮНЭЭ НЭМЖ БОЛОХГҮЙ
Монголчууд эдүгээ зэлэн дээрээ эзнээ хүлээн дүүхэлзэх хүлэг морьд лугаа улсынхаа ерөнхийлөгчийг сонгочихоод л төрж өссөн нутаг, эцэг эх, элгэн саднаа зорин хөдөө тийш хүлгийн жолоо залахаар бэлтгэл юугаа базаагаад эхэлчихсэн байгаа. Зарим нь байгалийн үзэсгэлэнт газраар аялангаа амрахаар гэр бүлээрээ ярилцаж, хаана отоглох, аль жуулчны бааз дээр хэд хонохоо төлөвлөн тэрүүхэндээ л хөл хөөрцөг болж буй биз. Гэр бүлээрээ аялангаа амрах шиг аз жаргалтай мөч хаана байх билээ. Чухам үүний төлөө олон гэр бүл хуруу хумсаа хуйхлах шахдаг нь ч нууц биш.
Чухамдаа амрангаа аялна гэдэг нь аялалынхаа маршрутыг төлөвлөж, тэр дагуу байрлалтай жуулчны баазуудад тухлангаа байгалийн сайханд баясан саатахыг хэлэх болов уу. Гэвч зорин, зорин очих жуулчны бааз нь зочдын сэтгэлд нийцэхүйц үйлчилгээ үзүүлдэг нь тун цөөн. Үнэндээ жуулчны баазууд зочдын ая тухтай байдалд анхаарал хандуулахаас илүүтэй ашиг харж, гэр, байшингийн үнийг тэнгэрт хадаадгаас байгаль орчин тэр хэрээр бохирдож сүйдэх нь бий.
Учир нь өндөр үнэтэй гэр, байшинд тухалж дийлэхгүй гэр бүлүүд гол, горхи, модны сүүдэр бараадан майхан саваа барьж хэд хонохдоо тэр хавийг жорлон, хогийн цэг болгон хувиргадаг. Тэгээд ч манай улс жорлон, хогийн цэгийн дутагдалд орсон орон. Зам дагуу 100 км давхиад л нэг боловсон бие засах газар, хогийн цэгтэй байхад л байгаль орчин тэр хэрээр цэвэр цэмцгэр байна.
Ийм зүйл байхгүй, хяналт тавих үүрэг бүхий аймаг, сум орон нутгийн байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналтын мэргэжилтэн нар нь эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргадаггүйн улмаас дотоодын жуулчид дуртай газраа хоноглож, дуртай газраа бие засч, идсэн хоол, уусан архины шил, шар айрагны лааз, ариун цэврийн хэрэгсэл, бэлгэвч, хүүхдийн живх, гялгар уут зэрэг хөрсөнд шингэдэггүй ахуйн хэрэглээний зүйлүүдээ тэр чигээр нь хаячихаад аялалаа үргэлжлүүлдэг. Дээр нь энэ жил хуурайшилт ихтэй байгаагийн улмаас гал алдах магадлал маш өндөр байгааг сануулахад илүүдэх юун.
Тиймээс жуулчны баазууд энэ бүхнийг бодолцон хоол ундныхаа үнийг бус гэр, байшингийнхаа ханшийг 30 хувь хүртэл бууруулах хэрэгтэй байна. Төлж дийлэмгүй өндөр үнэ хэлж, жуулчдын дургүйг хүргэснээс боломжийн санал тавих аваас эдийн засгийн эргэлт нь сайн байж, тэр хэрээр ашиг орлого нь сайн байх бус уу.
Дээр нь жуулчны баазуудын мөрдөх стандарт гэж байдгийг мартаж болохгүй. Модны сүүдэр дор илжирсэн үнэртэй хэдэн гэр барьчихаад түүнийгээ бааз хэмээн нэрлэж болохгүй. Адгийн наад зах нь өглөө босоод бие засах газартай, усанд орж сүйд болдоггүй юм аа гэхэд нүүрээ бүтэн угаахуйц угаалтууртай болбол хүнээс мөнгө салгаж болмоор санагдана. Ор дэвсгэр, цагаан хэрэгслийн тухайд бичихэд ч ичмээр. Орон дээр нь сандайлахад ч нурж ойчиж байх жишээний. Ялангуяа, Улаанбаатар хот орчмын жуулчны баазууд. Тэнд хүмүүс архидах л гэж очдог.
Жуулчны бааз бус олуул нийлж архидаг газар хэмээн нэрлэхэд болохгүй гэх зүйл үгүй. Өнгөрсөн 2015 онд Улаанбаатар-Мөрөн-Хатгал чиглэл засмал замтай болнсоор дотоодын жуулчид далай ээжийг үзэх гэж хэдэн зуугаараа хөвөрсөн. Харамсалтай нь дотоодын жуулчдын хүлээж авах бэлтгэлгүйн улмаас майхан сав барих төдийхөн алга дарам газар олдохгүй тэвдсэн тухайгаа нэгэн танил маань ярьсан.
Ширүүн бороо, хүйтэн салхи тавьсан тэр шөнө дөрвөн ханатай гэр 200 мянга, жижигхэн дөрвөн ортой муурын 300 мянга хүрсэн төдийгүй олдохгүй байсан гэж дуулдсан. Тэнгэрийн муухай арилж, жуулчид буцсан даруйд Хөвсгөл далайн ойр орчмын газрууд хогонд дарагдаж, далай ээжийн мандал дээгүүр хэрэглэсэн ариун цэврийн цаас хөвж байсан гэнэ билээ.
Хэрэвзээ дээр дурдсанчлан гэр, майхан нь боломжийн үнэтэй байсансан бол далай ээж хогон далай болохгүй байсан бизээ. Нөгөөтэйгүүр, ар тал сайтай, мөнгөтэй нөхдүүд байгалийн аль үзэсгэлэнтэй газар, аманд жуулчны бааз байгуулдаг. Жирийн иргэн Хөвсгөл далай, Богд хан уулын аманд жуулчны бааз байгуулъя гээд холбогдох албаны хүмүүст хүсэлт гаргавал боломжгүй, дархан цаазтай газар хэмээгээд гаргах нь ойлгомжтой.
Тэгсэн атлаа эрх мэдэл бүхий албан тушаалтан, мөнгөтэй хүмүүс хаа дуртай газраа жуулчны бааз, амралтын газар байгуулдаг хэдий ч төгс утгаараа ажилладаг нь гарын арван хуруунд багтахуйц. Тиймээс эх дэлхийгээ хайрлах, хойч үеийнхээ сайн сайхны төлөө буян үйлдэн гэр, байшингийнхаа үнийг эгэл ардын амьдралын түвшинтэй харьцуулан тогтоогооч гэж хүсэх гэсэн юм.
Монголын мэдээ
Х.Норжин
URL: