МОНГОЛД ФАШИЗМ ХЭРХЭН СЭРЖ БАЙГАА НЬ

ew

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга улс орныхоо хувьд сүйрлийн замыг сонгож байна. ХХ зуун үндэстэн хоорондын үл тэвчих байдал, арьс өнгөөр ялгаварлах үзэл бодлоос үүдэлтэй дэлхийн хоёрдугаар дайн, угсаатны цэвэрлэгээ, аймаглан устгах зэрэг биднийг хамтад нь шархлуулсан хүнд хэцүү дурсамжийг бидэнд үлдээсэн билээ. Хүн төрөлхтний эдгээр харгис хэрцгий үйл явдлуудын тоонд Монгол Улсад наяад жилийн өмнө болсон буриад зон олныг аймаглан устгасан нэгэн түүх багтдаг юм. Тэр үед энэ улсад байсан гурван буриад хүний нэг нь цаазлагдсан байдаг. Буриад хот айлд нэг ч буриад эр хүн үлдээгүй бөгөөд Монголын олон буриадууд одоо ч гэсэн өөрийгөө буриад гэж хэлэхээсээ айж эмээдэг болсон юм. Энэ цуст шарх өнөөдөр энд Орос улсад үндэстэн болон бүрэлдсэн буриад түмний бие сэтгэлд шингэн үлдсэн билээ.

Үнэндээ би Монголын ард түмнийг гомдоохыг хүсэхгүй байна, би монголчуудыг хүндэтгэдэг нэгэн. Энэ бол өвөрмөц соёл, шашинтай, хөрш Орос, Хятадтай түүхэн гүн гүнзгий холбоотой онцгой ард түмэн билээ. Монголчууд олон ялалт байгуулж байсан боловч түүнээсээ илүү их ялагдал, хохирлыг амсч байсан юм. 1911 онд нүүдэлчид дарангуйлагч Чин улсын эсрэг босож, тусгаар тогтнолоо сэргээсэн бөгөөд дараахан нь өөрийн бүрэн эрхэт байдлаа олж авахад нь оросууд монголчуудад тусалсан юм.

Гэвч үндсэрхэг үзлийг дэвэргэх үзэл санааны доор явагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь улс орныг сүйрүүлж ч болох юм. Учир юу вэ гэвэл нэр дэвшигчдийн нэг болох Халтмаагийн Баттулга сонгуулийн өмнөх буухиандаа өрсөлдөгч, өөр нэгэн нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг “цэвэр цусны монгол” биш хэмээн ил тодоор буруушаасан байна.

Хагалан бутаргаж сүйрүүлэх хүч ба олон талт онцгой нөлөөллөөр нь аваад үзвэл  энэ бол жинхэнэ нацизм. Нацизм нь зөвхөн эзэнт гүрнүүд, олон үндэстэн ястнаас бүрдсэн том улс орнуудыг сүйрүүлээд зогсохгүй эв нэгдэл сайтай жижиг улсуудыг ч сүйрүүлдэг юм. Үүний жишээ хүн төрөлхтний түүхэнд маш олон байна, тухайлбал Туркийн нацизмаас болж Османы эзэнт гүрэн мөхсөн, Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Зүүн Европын улсууд задарсан, мөн өнөөдрийн Украины байдал ч үүнтэй холбоотой.

Нацизм бол тогтвортой улс орныг дотроос нь хамгийн хурдан хугацаанд хагалан бутаргах хамгийн сайн хэрэгсэл юм. Энд улс төрийн ба дипломат аргаар асуудлыг шийдвэрлэх боломж байдаггүй бөгөөд хүчээр албадан дарах, бөөнөөр хоморголон устгах чиглэл рүү маш хурдан хальтран ордог. Дэлхийн түүхэнд хамгийн тодоор үлдсэн нацизм бол гитлерийн фашизм юм. Геббельсийн суртал ухуулгаар тархиа угаалгасан залуус “ари” цусны бус үндэстнүүд рүү улангаслан дайрч эхэлсэн байдаг. 1938 оны 11 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө хүрэн цамцатнууд /залуу нацистуудыг ийн нэрлэнэ, орч/-ыг турхиран энгийн номхон еврей нарыг эсрэг босгосон тэр шөнийг “Болор шөнө” гэж нэрлэдэг юм. Цагдаа энэ асуудлыг зөнд нь орхиж, энэ өдрөөс германчууд еврей нарыг устгах ажиллагаагаа эхэлсэн юм.

Геббельсийн суртал ухуулга бол нацизмын гол зэвсэг нь байсан. Энгийн хялбар аргаар, төвлөрүүлэн гүйцэтгэсэн ямар ч үнэн зүйлгүй энэ суртал ухуулга маш хурдан хугацаанд олон түмний ухамсрыг өөрчилсөн байдаг. “Худал зүйлийг зуун удаа давтан хэлэхэд үнэн болдог. Бид үнэнд хүрэхгүй, харин үр нөлөөг нь үзнэ” гэж Геббельс бичиж байжээ.

Өнөө цагийн Монгол Улсын энэ байдлаас эргэн харвал Геббельсийн суртал ухуулга нь Х.Баттулгын сонгуулийн сурталчилгаанаас юугаар ялгагдаж байна вэ? Энэхүү сонгуулийн сурталчилгаанд тархи нь эргэсэн залуучууд хятадууд гэж эндүүрэн япон иргэд рүү дайрч давшилсан байна.

Гэвч “харийнхныг” дээрэлхэх нацизмын үзэл суртал ихсэх тусам түүний дайсан олширч, түүний эцэс төгсгөл нь ойртдог юм. Мөн хамгийн гол аюул бол нацизмын үзэл суртал зогсоно гэж үгүй. Энэ үзэл суртал заавал хүрээгээ тэлж, дэлгэрч байж хүчээ авдаг. Яг үнэндээ залуучуудын хөгжмийн поп урсгалтай ижил, өөрөөр хэлбэл өмнөхөөсөө илүү хүчтэй, илүү чанга дуугарвал л сайн байдаг. Энэ нь хэн нэгэнтэй тэмцэж байх эцэс төгсгөлгүй үйл явц бөгөөд түүнд заавал аливаа өстөн дайсан байх ёстой. Миний ойлгож байгаагаар энэ дайсан нь Монгол Улсын эдийн засгийн 90 гаруй хувийг бүрдүүлж буй хятадууд юм.

Ингэхэд Геббельсын шүтэн бишрэгч болох Х.Баттулгын “мах цусны” дараагийн дайсан хэн байх бол? Буриадууд уу? Казахууд уу? Харчин, цаатангууд уу? Монгол Улс бол олон ястан үндэстнийг нэгтгэж чадсан эвтэй улс. Харин ноён Х.Баттулгын сонгосон зам бол сүйрэл, эмх замбараагүй байдлын зам юм .

Орчин үеийн дэлхий өртөнцөд өөрөөс бусад үндэстэн ястанд хүлээцтэй хандах явдал жирийн үзэгдэл болсон. Африкийн Кени Улсын гаралтай Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон, Унгарын дүрвэгчдийн ач хүү болох Николя Саркози Франц Улсын Ерөнхийлөгч болсон, япон эцэг, эхтэй Фужимори Өмнөд Америкийн Перу Улсад мөн л Ерөнхийлөгч болж чадсан.

Эдийн засгийн болон геополитикийн томоохон төслүүдийн хэрэгжилтийн хүрээнд асуудлыг авч үзвэл Монгол Улс нь дэлхийн хоёр их гүрэн болох ОХУ, БНХАУ-ын хооронд оршиж байгааг мартаж болохгүй. Үүнтэй холбогдуулан нэг чухал зүйлийг хэлэх хэрэгтэй. Эрхэм хүндэт ноён Х.Баттулга нэг хэсэг Засгийн газрын Зам, тээврийн сайдын албан тушаалд байх үедээ стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудаас барих төмөр замыг БНХАУ-ын хүмүүст нарийн царигаар буюу хятад стандартаар хийнэ гэж баахан амлаад, нөгөөтэйгүүр оросын талд хэлэхдээ өргөн царигаар барина гэж хэлсэн байдаг. Эцсийн дүнд аль нь ч баригдаагүй бөгөөд хятадууд ч, оросууд ч Зам тээврийн сайд асанд бөөн гомдолтой үлдэж хоцорсон. Ийм байхад Оростой, БНХАУ-тай тогтсон найрсаг харилцаагаа хэрхэн хэвээр хадгалах нь үнэхээрийн том асуудал шүү.

Ноён Х.Баттулгын хариуцлагатай алба хашиж байсан үеийг, тухайлбал Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан үеийг ОХУ-ын тээврийн сайд асан Левитин ч, Оросын төмөр замын Ерөнхийлөгч Якунин ч, Хятадын төмөр замын дэд сайд асан Ли Дүн Фү ч бүгд л таагүйгээр ярьж дурсдаг билээ. Гэхдээ энэ хүмүүс өнөөдөр өөрийн улс орондоо улс төрийн элит болж дээшилсэн  юм шүү.

Есөн жилийн өмнө буюу 2008 онд Дмитрий Медведев “Эрх чөлөөтэй байх нь эрх чөлөөгүй байснаас илүү” гэж хэлсэн байдаг. Монгол Улсын өнөөдрийн түүхэн үед дээрх үгийг “Тогтворгүй байдлаас тогтвортой байх нь илүү чухал” гэж өөрчлөн буулгаж болно. Хэрэв Х.Баттулга гэнэт ялбал Монгол Улс дээр өгүүлсэн “болор шөнө”-ийг буюу улс орныг хурдацтайгаар сүйрүүлэх замналыг сонгоно гэсэн үг.

Тэгэхээр ноён Х.Баттулгын зааж байгаа зам бол нь маш аюултай, богино зам юм. Нацизм ба улс орны сүйрлийн хооронд ганцхан алхмын л зай байдаг.

Зохиогч Андрей Романский
Эх сурвалж: newsbabr.com

URL:

Сэтгэгдэл бичих